Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дэлгэр сумын малчин Т.Алзахгүйбаатарынд зочиллоо
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан ажлын хэсэг Говь-Алтай аймагт өнөөдрөөс эхлэн хоёр хоногийн хугацаанд ажиллана. Тэрээр Дэлгэр сумын Баянбуурал багийн малчин Т.Алзахгүйбаатарынд зочилсноор Говь-Алтай аймаг дахь ажлаа эхэллээ.
Ерөнхий сайдын Т.Алзахгүйбаатарынд зочлох үеэр нутгийн малчдын төлөөлөл хүрэлцэн ирж хаваржаалалтын нөхцөл байдлынхаа тухай танилцуулсан ба худаг усны асуудал хүндрэлтэй байгаа тул уг асуудалд дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Орон нутгийн тань удирдлагуудтай хамтран шийдвэрлэж өгнө" хэмээв.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг өргөө гэр нь зочлон ирлээ хэмээн хүндэтгэн малчин Т.Алзахгүйбаатар аймаг, сумын баяр наадамд таван удаа айрагдсан хурдан удмын хүлгээ бэлэглэсэн юм.
Малчин Т.Алзахгүйбаатар нь нохой жилийн босгон дээр 1600 гаруй мал тоолуулж Монгол Улсын аварга малчин цолын эзэн болсон мал сүргээ таван төрөл дээр өсгөн мал аж ахуйн салбарт хувь нэмрээ оруулж яваа удам дамжсан хашир туршлагатай ахмад малчин юм. Тэрээр өнгөрсөн өвлийг Завхан аймгийн Шилүүстэй сумын нутагт оторлон өнтэй давжээ.
Э.Нарангэрэл