Шилдэг марафонч Б.Мөнхзаяа дугаараа авчээ
“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн тавдугаар сарын 19-ний өдөр Төв талбайд зохион байгуулагдах билээ. Сонирхогчийн болон мэргэжлийн ангилалд болдог тус тэмцээний оролцогчид дугаараа авсаар байна.
Монголын шилдэг марафонч “Рио 2016” олимпийн наадам болон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон ОУХМ Б.Мөнхзаяа өчигдөр /2018.05.14/ дугаараа авлаа. Тэрбээр энэ жил өөрийн үндсэн зай болох 42 км-т хүчээ сорих бөгөөд түүний дугаар A2-0001 аж. Өнгөрсөн оны аварга түүнийг аваргаа хамгаалах эсэхийг хэдхэн хоногийн дараа харах үлдлээ. Б.Мөнхзаяа энэ жил БНСУ, БНХАУ-д болсон марафонд эхний байруудад орсон амжилтыг үзүүлээд байгаа. Тэгвэл эмэгтэйчүүдийн 42 км-ын зайн оролцогчид хүчтэй болж ирлээ. Учир нь 21 км-т хоёр удаа түрүүлж, хоёр удаа хоёрдугаар байранд орж байсан ОУХМ Г.Хишигсайхан энэ жил 42 км-т гүйхээр дугаараа авчээ. Эдгээр тамирчдаас гадна өсвөрийн болон шилдэг тамирчид энэ зайд гүйх мэдүүлгээ өгөөд байгаа.
Эрэгтэйчүүдийн 42 км-т Гавьяат тамирчин Б.Сэр-Од тэргүүтэй шилдэг марафончид бий. Мөн Кени, Этиоп, Япон, БНСУ-ын тамирчид ч урилгаар оролцох билээ.
Энэ жил зургаа дахь удаагаа зохион байгуулагдах “Улаанбаатар марафон” нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу ажлын хэсгүүд бэлтгэл ажилдаа орон ажиллаж байгаа аж. Мөн оролцогчдийн бүртгэлийг www.ub-marathon.ub.gov.mn сайт болон Нийслэлийн биеийн тамир спортын газар бүртгэж, дугаар олгож байна. Одоогоор 30 мянган хүн бүртгүүлээд байгаа бөгөөд бүртгэлийг маргааш /2018.05.16/ хаах аж.