📅

Цагдан хорих ангид хүн үхэх ёсгүй

🕔 2018/05/24 09:50

Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд асан С.Баярыг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хорьсноос хойш 43 дахь хоног дээрээ биеийн байдал эрс муудаж, өчигдөр үдээс хойш Улсын хоёр дугаар эмнэлэгт хүргэгдлээ.

Түүнийг Оюутолгойн 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэрэгт сэжиглэн саатуулаад буй.
Түүнтэй хамт мөн тухайн үед өндөр албан тушаал хашиж байсан хэд хэдэн хүнийг цагдан хорьсноос нэгийг нь биеийн байдлыг нь харгалзан үзэж батлан даалтад гаргасан юм.
Тэгвэл одоо хоригдож байгаа эрхмүүдийн өмгөөлөгчид удаа дараа мэдэгдэл хийж “Гэмт хэрэгт холбогдуулан биш, улстөрийн зорилгоор залхаан цээрлүүлэх маягаар эдгээр хүмүүс тамлаж бах таваа хангаж байгаа хууль хяналтынхан болон эрх баригчдад хэлэх үг алга. Батлан даалтад гаргаад гадуур байцаалтаа үргэлжлүүлье гэхээр дахин гэмт хэрэг хийж магадгүй хэмээн хардаж хорих хугацааг нь сунгаад байна. Хүний эрхийг ноцтой зөрчөөд байна” гэсэн гомдлыг удаа дараа холбогдох газруудад нь гаргасаар байгаа юм.

Уг нь хууль хяналтынхан чиг үүргийнхээ дагуу шалгаж болно, гэхдээ цээрлүүлж болохгүй. Шийтгэж болно, харин хэлмэгдүүлж болохгүй, зөвхөн нотол ердөө энэ зарчмаар ажлаа хийх ёстой юм шүү.

Нөгөөтэйгүүр Цагдан хорих байранд хүн үхэж ёсгүй юм шүү. Манайханд гашуун үнэн байгаа.

Баримт бичихэд, 2014 оны тавдугаар сарын 13-нд Газрын тосны дарга асан Д.Амарсайхан цагдан хорихын байранд нас барсан харамсалтай хэрэг гарч байсан. Талийгаачийг мөн л авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан шалгаж, удаан хугацаанд хорьсны улмаас зүрх нь гэнэт хаагдсан гэх шинжилгээний дүгнэлт гарсан байдаг юм. Түүнийг нас барахаас өмнөх өдөр нь өмгөөлөгч нь очиж уулзаад биеийн байдал нь муу байна гээд маргааш нь батлан даалтад гаргахаар прокурор, шүүхийн байгууллагад хандаад явж байх зуур амиа алдсан байдаг юм. Үнэхээр харамсалтай.

Яг ийм муухай замаар дээрх хүмүүсийн амь насанд аюул учруулж болохгүй ээ. С.Баярын хувьд үе мөчний тулуй өвчин нь хүндэрч явж чадахаа болилоо гэх тайлбарыг өмгөөлөгчид нь хэлээд байхад яагаад батлан даалтад гаргачихаж болдоггүй юм бэ. Бүр сүүлдээ амь нас, эрүүл мэнд нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэхээр яаралтай арга хэмжээ авч байгаа юм бишүү. Хүний эрх, эрүүл мэнд талаас нь ч энэ ноцтой зөрчил болно гэдгийг ХЭҮК-ийнхон хэлээд байсан юм.

Гэм буруутайг нь шүүхээр тогтоогоогүй байхад ингэж тамлаж “яллаж” хатуу хандаж болж байгаа юмуу. Ерөнхий сайд асан С.Баярын хувьд шалгуулах явцдаа ямар нэгэн хууль дүрэм зөрчсөнгүй. Элчин сайдаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан. АТГ-аас дуудсан цагт нь очиж мэдүүлгээ өгсөн, цагдан хоригдсон тэрбээр өдийг хүртэл ямар нэгэн байдлаар хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийсэнгүй, захиа илгээсэнгүй, эрүүл мэндийн байдлыг нь харгалзан үзэхийг нь хүссэнгүй, батлан даалтад гаргасангүй.  Ийм хүнд энэрэнгүй хандаж болдоггүй хууль хяналтынхан уу даа. Чангална, чангална гэхэд арай л чанга хандаад байх шиг.

Яагаад өнөөдрийг хүртэл 2008-2012 оны парламент, Засгийн газрын гишүүд энэ хүмүүсийн төлөө дуугарахгүй, явахгүй байгаа юм бэ. АН-ынхан л гишүүдийнхээ төлөө дуугарч байгаа ч амжилт олохгүй байх шиг.
 
Хоригдож байгаа Сангийн сайд асан С.Баярцогтын өмгөөлөгч Г.Орхон “С.Баярцогт дахин гэмт хэрэг үйлдэх гээд бна" гэдэг үндэслэлээр үргэлжлэн 30 хоног хорихоор болов.  2008-2012 оны парламент, Засгийн газрын гишүүд дуугарахгүй байна. Цаашид том төсөл хөдөлгөхдөө АТГ, прокуророос зөвшөөрөл авах ёстой бололтой.Буруу жишиг тогтов” гэж ярьсан юм. Тухайн үед Оюутолгойн гэрээг үзэглэхэд хамт, Сангийн яамыг нь удирдаж байсан хүний хувьд буруудаад байгаа.
 
Ерөнхий сайд асан С.Баяр олон Засгийн газар дамжиж, он удаан жил яригдсан Оюутолгой төслийг хөдөлгөсөн хэмээх алдрын эзэн тэрбээр өөрөө уг төслийг хөдөлгөсөндөө бахархдаг гэж ярьж байсныг тод санаж байна. Харин Монголд ашигтай байсан уу, ашиггүй байсан уу гэдгийг цаг хугацаа харуулна гэж ярьж байсан удаатай.
Ямартаа ч хоригдож байгаа нэрээр хүний эрүүл мэнд, амь нас хохирох ёсгүй юм шүү, хууль хяналтынхаан.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол