Б.Довдон: Тамхинаас гарсан өдрөөсөө эхлэн хүний бие эрүүлжиж эхэлдэг
"Дэлхийн тамхины эсрэг өдөр" тохиож буйтай холбогдуулан Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн Сургалтын менежер Б.Довдонтой ярилцлаа.
-Сайн байна уу? Жил бүрийн 5-р сарын 31-нийг "Дэлхийн тамхины эсрэг өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн гол зорилго нь юу вэ?
Дэлхий нийтээр тамхигүй өдрийг НҮБ-ын гишүүн улс бүр тэмдэглэдэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 1988 оны тавдугаар сарын 31-ны өдрөөс эхлэн Тамхины эсрэг өдрийг тэмдэглэж эхэлсэн. 2018 онд хүн ам, олон нийтийн анхаарлыг тамхи зүрх судасны эрхтэн системийн байдалд сөрөг нөлөөлж, хүн амын өвчлөл, нас баралтын гол шалтгаан болж байгаад чиглүүлж байна.
-Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв энэ өдрийг угтаж ямар арга хэмжээ, сургалт хийх төлөвлөгөөтэй байна вэ? Мэдээж тамхины эсрэг сурталчилгаанууд явах байх?
Тэгэлгүй яахав. Дүүргийн эрүүл мэндийн төвийн Нийгмийн эрүүл мэндийг алба, Сэтгэц наркологийн баг, ӨҮЗЭК-тэй хамтран томоохон өдөрлөгийг оюутан залуучуудын дунд, Оюутны хотхоны "Өргөө-1" дээр 05 сарын 31-нд зохион байгуулна.
Мөн Салбар Амбулаториуд болон ӨЭМТ-үүд хамтран томоохон худалдааны төвүүд дээр өдөрлөгүүдийг тус тус зохион байгуулна. Тамхигүй өдрийг угтан манай вэб сайт, фейсбүүк хуудсууд Тамхины эсрэг мэдээллээр амьсгалах болно. Өдөрлөгүүдээс гадна Тамхины хор уршгыг харуулсан Зургийн үзэсгэлэнгийн самбарыг ЕБС-ууд дээр аялуулж өсвөр насныханд тамхины хор хөнөөлийг сурталчилах юм. ААНБ-ууд, их дээд сургууль, нэгдсэн эмнэлэг зэрэг хамтран ажилладаг байгууллагууддаа эрүүл мэндийн боловсрол олгох сургалтуудыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
-Тамхины хэрэглээ нь насанд хүрсэн арван хүн тутмын нэгийг үхэлд хүргэдэг гэсэн ДЭМБ-ын судалгаа байдаг юм билээ. Манай улсын хувьд тамхины хэрэглээ ямар түвшинд байна вэ?
Монгол улс тамхины хэрэглээ өндөртэй орны тоонд орж, сүүлийн 10 жилд тамхинаас үүдэлтэй зүрх судасны эмгэгээр нас барах явдал 2 дахин нэмэгдэж, 3 хүн тутмын 1 нь зүрх судасны эмгэгээр нас барж байна. Тухайлбал: Тамхины хэрэглээнд хийгдсэн 2015 оны судалгаагаар нийт хүн амын 27,1% нь тамхи татдаг, үүнээс эрэгтэйчүүдийн 49,1%, эмэгтэйчүүдийн 5,3% нь тамхи татаж байна. Мөн 10 хүн тутмын 1 нь гэртээ, 4 хүн тутмын 1 нь ажлын байрандаа тамхины утаанд өртөж байна гэсэн судалгаа байдаг.
-Сүүлийн үед охид эмэгтэйчүүд тамхи татаж байгаа нь элбэг харагддаг болсон. Эмэгтэй хүний гоо сайханд тамхи ямар хор уршиг үзүүлдэг вэ? Бүр жирэмсэн хүн ч тамхи татах тохиолдол байдаг юм билээ?
Эмэгтэйчүүдийн дунд тамхи татах явдал сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж, эрэгтэйчүүдийн тамхи татах зан үйл буурсан байхад эсрэгээрээ эмэгтэйчүүдийн дунд ихэссэн судалгааны дүн байна. Мэдээж тамхи татах нь эмэгтэй хүний гоо сайхан төдийгүй эрүүл мэндэд ч гэсэн сөрөг нөлөөтэй. Гоо сайхны хувьд тамхи татдаг эмэгтэйчүүдийн арьс эрт хөгшрөх үйл явц жирийн эмэгтэйнхээс 2 дахин хурдан, гар хуруу, шүд шарлах, нүдний цагаан шарлах, амнаас эвгүй үнэр гарах, царай хөх хар, бараан төрхтэй болох гэх мэт олон сөрөг дагавартай.
Сарын тэмдгийн мөчлөгт өөрчлөлт орох, цэвэрших процессыг хурдасгах, жирэмсэн байхдаа үр зулбах ба үргүйдэл үүсэх, умайн гадуурх жирэмслэлт болон аяндаа үр зулбалт элбэг тохиолдох, жирэмсний болон төрөлтийн олон хүндрэлүүдийг үүсгэнэ. Хөхний болон өндгөвчний, умайн хүзүүний хорт хавдруудыг үүсгэнэ. Нэг хайрцаг тамхи татах нь насанд хүрсэн хүнийг үхэлд хүргэх аюултай тун агуулсан байдаг бол тал хайрцаг тамхи нь өсвөр насны хүүхдийг үхэлд хүргэх аюултай бйадаг байна. Жирэмсэн эмэгтэйн хажууд болон жирэмсэн ээж өөрөө тамхи татахад хэвлий дэх ураг 5 дахин илүү хордоно. Орчин тойронд нь, эсвэл өөрөө тамхи татдаг жирэмсэн эмэгтэйн үр хөврөлд хүчилтөрөгчийн архаг дутагдал үүсдэг нь нярайн тархины даралт ихсэлтийн шалтгаан болдог төдийгүй тамхины утаанд байгаа хортой бодисууд хүйгээр дамжин үр хөврөлд нэвтрэн орж дархлааны ба мэдрэлийн тогтолцоог хордуулдгаас үр хөврөлийн өсөлт зогсож, төрөх үеийн жин нь бага болдог.
Харин дам тамхидалт нь эх, үрийн эрүүл мэндэд ямар их хор учруулж байгааг статистикийн мэдээнээс харвал: жирэмсний хордлого 80%, дутуу төрөлт,амьгүй төрөлт, ургийн гаж хөгжил 2-3 дахин ихэсдэг байна. Тиймээс үр хүүхдээ эрүүл тээж төрүүлэх энгийн дадал бол тамхи татахгүй байх, тамхи татдаггүй бол дам тамхидалтанд өөрийгөө болон үр хүүхдээ өртүүлэхгүй хамгаалж байх хамгийн чухал зүйл юм шүү.
-Тамхи татдаг хүн тамхи огт татдаггүй хүн хоёрын биеийн эрүүл мэндийг харьцуулвал ямар ялгаатай байдаг вэ?
Тамхи нь зүрхний шигдээс, уушгины өвчин болон уушги, улаан хоолой, давсаг, амны хөндий, нойр булчирхай, бөөрний хавдрыг үүсгэдэг. Уушгины хавдрын 90% нь тамхины шалтгаантай бөгөөд тамхи татдаг 10 хүний 9 нь уушгины хавдраар өвчилдөг байна. Хорт хавдрын 38%, зүрхны эмгэгийн 34%, амьсгалын эрхтэний өвчлөлийн 28% нь тамхи татсаны улмаас үүсдэг. Иймээс тамхи татдаг болон татдаггүй хүмүүсийн дунд асар их эрүүл мэндийн ялгаа байна гэсэн үг. Тамхи нь эрэгтэйчүүдэд ямар үр дагавар авчирч байна вэ? гэвэл эр бэлгийн эсийн хэлбэрийг нь өөрчилж, бүтцийг нь алдагдуулдаг.
Тамхичид үргүйдэлд өртөх магадлал ихэснэ. Бэлгийн сулралд оруулдаг. Мөн тамхи нь хүний дархлалын тогтолцоог гэмтээнэ. Тамхичид харьцангуй сул дорой биетэй байдаг. Яснууд хэврэгшиж, хугарахдаа амархан, эргэж бороолохдоо удаан байдаг. Мөн арьсны харшилт өвчнөөр өвдөх эрсдэл 2-3 дахин илүү тохиолддог болно.
-30-35 насандаа тамхиа хаясан хүмүүс хэзээ ч тамхи татаж байгаагүй хүнтэй адилхан насладаг гэсэн ойлголт байдаг юм билээ? Тамхинаас гарахад нэгэнт оройтсон, одоо ямар ч нэмэргүй гэж ярьдаг. Энэ нь буруу юу?
Тийм ээ, энэ бол буруу ойлголт. Нэг ширхэг тамхи татах бүрт хүний нас 7-11 минутаар хорогддог гэдэг эрдэмтдийн судалгаа байна. Энэхүү судалгааны дүнгээс харахад тамхи татах бүрт хүний нас хорогдож байгаа биз? Ийм учир аль болох эрт тамхинаас гарах нь л хамгийн зөв сонголт!
Тамхинаас гарсан өдрөөсөө эхлэн хүний бие эрүүлжиж эхэлдэг. 30-35 насандаа тамхиа хаявал урт насална гэдэг бол хэн нэгэн хүний зүгээр тоглоом болгож хэлсэн зүйл байх. Эрт тамхинаас гарах тусмаа л өөрийгөө дээрх бүх эрүүл мэндийн эрсдлүүдээс хамгаалж чадна гэсэн үг. Тиймээс би одоо өнгөрсөн, оройтсон гэж бодолгүйгээр яг одоо тамхиа хаявал та өөрийгөө хорт хавдрын эрсдлүүдээс хамгаалж чадна шүү.
-Дэлхийн тамхигүй өдөр болж байгааг холбогдуулан уриалга хэлээд ярилцлагаа өндөрлье?
За, "Тамхи зүрхэнд хортой, Тамхийг биш эрүүл мэндээ сонгоё”
-Цаг гаргаж ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье!
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад