Г.Ундармаа: Арабын шейхийн эхнэр шиг сэтгэл хангалуун явдаг болохоор хүмүүс намайг баян гэж боддог байх
Жүжигчин Г.Ундармаа сүүлийн үед улсын эмнэлгүүдийн хүлээлгийн танхимыг тохижуулах буяны үйлст ханцуй шамлан оролцож байгаа. Тэрбээр өдгөө гурав дахь эмнэлэг болох Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн зөвлөх поликлиникийн хүлээн авах тасгийн хүлээлгийн танхимыг бүрэн шинэчлэх ажилдаа орсон байна. Олны төлөөх үйлст сэтгэл зүрхээ харамгүй зориулж буй түүнтэй уулзаж ярилцлаа.
-Сүүлийн үед Та нийгмийн сайн үйлсэд нэгдэн олонд тустай ажил хийж байна. Жүжигчин биш, нийгмийн сайн сайхны төлөө ажилладаг буяны үйлстэн болчихлоо?
-Жүжигчин гэдэг бол миний мэргэжил. Тэгэхээр насан туршдаа би жүжигчин Ундармаа байсаар байх болно. Харин чиний нэрлэж байгаагаар буяны үйлстэн гэдэг нэрний төлөө зорьсонгүй, хүмүүст хэрэгтэй зүйлийг чадах хэмжээгээрээ хийж байя л гэж хичээж явна даа. Олны хүч оломгүй далай гэдгийг амьдрал дээр мэдэрч, бас хүмүүсийн хүчээр сайн сайхан зүйл сүндэрлэн босож, түүнийг нь олон хүн хүртэж байгааг харах сэтгэлийн маш том таашаал байдаг юм байна.
-Энэхүү хүмүүнлэгийн үйлст ханцуй шамлах болсон сэдэл нь юу байв?
- Одоогоос яг нэг жилийн өмнө аав минь хүндээр өвдөж, УНТЭ-ийн ЯТТ-т хүргэгдэж ирсэн юм. Аавыгаа сахиж хэд хонохдоо хүлээлгийн өрөө гэх төмөр сандалтай, умгар өрөөнд олуулаа багтаж шингэхгүй суух сахиурууд, өвчтөний ар гэрийнхэн ямар хүнд хэцүү байдалтай байдгийг биеэрээ мэдэрсэн. Тэнд олон хоног нойргүй, босоо суугаа хоёрын хооронд хонож өнжиж байгаа хүмүүсийн сэтгэл санааны байдалд тухайн орчин ямар их нөлөөлж байгааг анзаарсан. Энэ байдал нь үйлчлүүлэгч, үйлчилж байгаа эмч эмнэлэгийн ажилтнуудын харилцаанд хүртэл нөлөөлдгийг харж байлаа. Тэгээд энэ талаар би хэнд гомдоллож, хэнийг шүүмжилж буруутгах билээ дээ гэж бодсон. Би өөрчилж чадах болов уу гэж өөрөөсөө асуусан, нөхөртэйгөө ярилцсан. Надад урд нь нэг эмнэлэг тохижуулсан туршлага байсан учраас би ингэж зоригтой бодож чадсан хэрэг.
Улсын эмнэлгүүдийн орчин нөхцөл хөгжилтэй орнуудын жишигт хүрч чадахгүй байгаа ч хэн чадах нь бусдад сэдэл төрүүлж, нөлөөлжбага багаар ч болов бүтээж л байх хэрэгтэй байна. Бидний энэ удаагийн төсөл “Итгэлийн танхим-Хүүхдүүдэд” нэртэйгээр Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн зөвлөх поликлиникийн хүлээн авах тасгийн 220 метр.кв талбай бүхий танхимыг бүрэн шинэчилж байна. Хүүхдийн тоглоомын өрөө шинээр байгуулж, живх солих угаалтуур бүхий эх, хүүхдийн өрөө, бие засах газар гэх мэт зай талбай бүрийг ашигтай, хэрэгтэй шийдлээр засаж тохижуулж байгаа.
-Нийгэмд хэрэгтэй үнэхээр нүдээ олсон ажил байна. Анзаараад байхад хүмүүс бусдын төлөө сэтгэл харамгүй туслах болжээ?
-Тийм шүү. Хүн ариун нандин сэтгэл гэдэг энэ эрхэм чанараараа амьтнаас ялгаатай. Тиймээс л хүн хүндээ тусалж, хүн хүнээ дэмждэг, хайрладаг, хүндэлдэг энэ нийгмийг хүмүүс бид бүтээж байгаа. Би боддог юм. Бүх хүмүүст туслахын, энэрч хайрлахын сэтгэл оршдог, харин хэрхэн яаж гэдэг аргаа мэдэхгүй, нэгдэж чадахгүй, басхүү өөрийн боломж бололцоогоо харж чадахгүй байгаагаас өдөр хоногийг зөвхөн хувьхан амьдралдаа зориулаад, зарцуулаад байна даа гэж.....
-Та жүжигчин хүн, мөн бизнес амжилттай эрхэлж буй ажил хэрэгч эмэгтэй. Энэ бүхнийг хэрхэн амжуулж байна вэ?
-Амжуулъя гэж хичээвэл бүх зүйл амждаг гэж би боддог. Өглөө эрт босвол дахин нэг өдрийг чамд бэлэглэж буй мэт л ажил амждаг юм. Бас энэ миний хийх ажил биш, чадах ажил биш хэмээн өөр нэгэнд найдвал цаг хугацаа их алддаг юм шиг санагддаг. Тиймээс ч би өдөр бүр “Итгэлийн танхим” төслийнхөө ажлаар 100 айл, Гурвалжингийн гүүрнээс барилгын материалаа өөрөө цуглуулж, өөрийнхөө машинд ачаад, хүргэж өгөөд , бүх тайлан тооцоонуудаа нэгтгээд, за тэгээд чадаж л байвал бүгдийг хийнэ дээ. Хүнд муу санаж, муудалцаж явсангүй, найз нөхөд олонтой тулдаа энэ ажил маань үргэлж бүтэмжтэй байдаг юм. Төслийн ажлын хажуугаар уран бүтээлийн ажил болон компанийхаа үндсэн ажлаа бас амжуулна. Болоод, амжаад л байдаг юм.
-Хүн цаг хугацааг элээх тусам, зовлон, жаргалыг амсах бүртээ ухаарал нэмж, тэндээс хийж зорьж буй үйлдэл нь бусдын төлөөх болж хувирдаг юм шиг ээ?
-Яг үнэн. Нэг бясалгалын ном уншаад тэндээс их зүйл сурахаасаа илүүтэй биеэр зовлонг туулахад ухаарал хийгээд амьдралын мөн чанарыг ойлгоно. Тиймээс ядарч буй нэгэндээ мөнгөн туслалцаа үзүүлэх бус сэтгэлийн дэмийг харамгүй хайрлаж, хайрыг түгээх нь чухал.
-Хүн амьдарлынхаа утга учрыг янз бүрээр л тодорхойлдог байх. Таны хувьд?
-Нэгэнт би хүний биеийг олоод төрсөн юм чинь бусдын л жишгээр сайхан гэр бүлтэй болох, тэднийгээ аз жаргалтай байлгах, мэргэжил эзэмших, ажлаа амжилттай сайн хийхийг эрмэлзэнэ. Үр дүн нь угаасаа л тодорхой. Тэгэхээр өөрт оноогдсон бүх зүйлийг чин сэтгэлээсээ хийх нь чухал гэж боддог. Жишээ нь өөрт заяасан найзыгаа хүртэл зөв хайрлах ёстой байдаг ч юм уу. Аз болоход хаанаас ч юм бидэнд бүхнийг бэлэглэчихэж.
-Бусдад тусалж тэндээс баяр талархлын энергийг мэдэрнэ гэдэг мэдээж гайхалтай байх?
-Тэгэлгүй яахав. Өөртөө таашаал авахаас илүүтэй хүмүүсийн баярлаж буй төрхийг харах үнэхээр сайхан. Сүүлийн үед инээмсэглэсэн царай харж тэндээс цэнэглэгдэхийг хичээх болсон. Нөгөө талаар урлагийн алтан тайз, уран бүтээлч хамт олонтойгоо олон жил ажил амьдралын замыг туулсан байна. Тэр хэрээрээ олон хүмүүс, үзэгчид намайг танилаа мэт дотно ханддаг болсныг мэдэрдэг. Тэдний хэлж байгаа үг, үзүүлж буй үйлдэл, хандаж буй хандлага болгон нь үнэхээр чин сэтгэлийнх байдаг. “Би ажлаа л хийж байхад хүмүүс юунд надад талархдаг юм бол. Гэтэл би тэдний төлөө юу хийлээ” гэж боддог байсан. Арав гаруй жил үзэгчдээсээ цалинжлаа. Тиймээс тэдэндээ хариу өгч чадах зүйл бол одоогоор “Итгэлийн танхим” –ийн үйл хэрэг минь л байна даа.
-Ер нь таны амьдралдаа хийж буй алхам бүр хүмүүсийг инээлгэх, аз жаргалтай инээмсэглэл тодруулахын төлөө байдаг юм биш үү?
-Бас уурлуулна аа. /Инээв/
-Жишээ нь яаж уурлуулж байна?
-Ажил хийж байхдаа бусдыг янз бүрийн шалтгаанаар уурлуулах үе зөндөө гарна шүү дээ.
-Тэгэхээр бас ааштай байх нь ээ?
-Би аашлах үедээ аашилчихдаг. Гэхдээ хүнд цухалзаж буй сайхан чанаруудыг хэлэхгүй өнгөрч чаддаггүй. Мөн санаанд нийцэхгүй байвал бас л хэлчихнэ. Тэр нь надад амар байдаг юм. Угаасаа байгаа минь нь л тэр.
-Жүжиглэхийн сацуу “Анун” төвд ажилладаг байсныг тань хүн бүр мэднэ. Борлуулалтын ажилтнаас захирал хүртлээ дэвшсэн гэдэг. Ийн хөгжиж дэвшихэд таны ямар чанар нөлөөлсөн гэж та боддог вэ?
-Тийм ээ, тийм түүх миний амьдралд бий. Он цагийн сайхан дурсамжуудаас 13 жил ажилласан “Анун” компанитай холбоотой олон дурсамж бий шүү. Би хийх ёстой ажлаа л хийсэн. Орой 17.30 гэж ажлаа тараад тоглолтондоо орчихоод хийж дуусгаагүй ажил байвал эргэж очоод гүйцээдэг байлаа. Тэгэхээр хэн хүнээс илүү чанар байсан гэхээсээ илүү ажилдаа хариуцлагатай, бас үнэнч байсан гэж дүгнэж болох юм. Ер нь би их үнэнч хүн гэж өөрийгөө магтчихъя. Хийж байгаадаа ч, итгэсэн хүндээ ч үнэнч ханддаг. “Анун” компаний ажлаа өгөөд таван жил болж байна. Өөрийн хувийн бизнесээ хийх болсон гэх үү дээ.
-Таныг Монголын хамгийн баян эмэгтэй жүжигчин гэж тодорхойлдог юм билээ. Баян гэх тодорхойлолтыг юу гэж ойлгодог вэ. Ундармаа хэр баян хүн бэ?
-Наадах чинь сургуулийн хүүхдийн зохион бичлэгийн л сэдэв. Хэн ч юуг ч баян гэж бодож болно. Хүмүүс намайг баян гэж боддог л юм шиг байна лээ. Амьдралдаа, байгаа бүхэндээ Арабын шейхийн эхнэр шиг сэтгэл хангалуун явдаг болохоор хүмүүс намайг тэгж боддог байх.
-Ажил хэрэгч бизнес эрхэлдэг хүчирхэг эмэгтэйн хувьд санхүүгийн эрх чөлөөнд хэр хүрсэн гэж боддог вэ. Нөхрөөсөө хараат бус байж чаддаг уу?
-Эдийн засгийн хувьд нөхрөөсөө тэр бүр хараат байдаггүй. Харин ажил багатай үед яах аргагүй хараанд нь орно.
-Нөхөр тань таны хөлийн чигчий хуруунд анх дурлаж байсан гэдэг?
-Тэгсэн шүү. Одоо ч гэсэн миний чигчий хурууг хараад ямар инээдтэй юм бэ гэж шоолдог. Тухайн үед миний хөлийн чигчий хуруу сандалны гадна талд гарчихсан байж л дээ. Тэрийг нь олж харчихаад намайг ажиглаж эхэлсэн байгаа юм. Бас л хөгжилтэй шүү.
-Та магтаал, шүүмжлэлийг хэр хүлээн авдаг вэ?
-Мэдээж хүн болсон хойно магтаалд урамшина. Зөв шүүмжлэлийг шагнал хэмээн хүлээж авна. Шүүмжлэлийг бэлэг гэж хүлээж ав гэсэн үг байдаг шүү дээ.
-Ямар үед илүүтэй амьдарч буйгаа мэдэрдэг вэ?
-Амьдралын бүхий л үед юм даа. Жолоо барьж байхдаа ч утсаа чанга яригч дээр нь тохируулаад ажлаа амжуулаад л явна. Томоохон ажлын ард гарч тэндээс таашаал авахаараа бас амьдарч буйгаа илүүтэй мэдэрнэ. Бидэнд амьдрах ийм гайхалтай хувь тохиосон байхад юундаа шантардаг юм бэ гэж би хааяа боддог. Тиймдээ ч уурлаж бухимдахыг урьтал болгодоггүй. Манай гэр бүлийн хувьд хэрэлдэж муудалцаад л, хоорондоо ширүүн өнгө аясаар ярьдаггүй. Бас бие биеэ аз жаргалтай байлгахын тулд дор бүрнээ хичээдэг. Адаглаад л нөхөртөө амтгүй хоол өгчихгүй юм сан гэж бодно. Тэгэхийн тулд нэг хоолоо олон давтахгүй байх жишээтэй. Ер нь би жилд нэг төрлийн хоолыг хоёр удаа л давтан хийдэг юм байна.
-Та ч тэгвэл сайн тогооч байх нь дээ?
-Сайн ч юу байх вэ дээ. Нэг хоолыг боломжоороо л өөрчлөөд явчихна гэсэн үг ш дээ.
-Амьдралд тань бэрхшээл тулгарах үед бусадтай хэр хуваалцдаг вэ?
-Жаргалтай байгаа нэгнээ зовлонгоороо дарах дургүй. Ямар ч хүнд зовлон бэрхшээл тулгардаг. Энэ үед хэрхэн ухаалаг, зөв давж гарах тухай л бодохоос хэн нэгэнд очоод уйлж хайлаад, зарлаад яваад байхыг хүсдэггүй. Харин сайхан мэдээгээ бусадтай хуваалцахгүй л бол ерөөсөө амар байж чаддаггүй хүн.
-Их зарчимч байх аа?
-Хаана, хэзээ вэ гэдэг чухал л даа. Зарчимч байх шаардлагатай үед айхтар зарчимч, шаардлагаүй үед бол огтхон ч зарчимдахгүй. Төлөвлөгөөт ажлын үед зарчимч, өндөр шаардлагатай байж л өөрт оноогдсон ажлуудын ард гарна. Харин өөртөө жаахан итгэлгүй дутагдалтай тал байдаг юм.
-Харин ч өөртөө итгэлтэй юм биш үү?
-Одоо хийж байгаагаас илүү зорилт тавьж хөдөлмөрлөж чадах юм шиг санагддаг. Өнөөдрөөс ихийг хийж, бүтээж болох юм шиг, боломж бололцоо, санаа, шийдэл харагдаад бодогдоод байдаг юм. Гэтэл би тэдгээрийн маш бага хувийг хийж, амжуулж байна. Зарим зүйлийг эхлүүлэх гэхээр эргэлзээд, өөртөө итгэлгүй байгаад байдаг юм. Гэхдээ эргэлзэх маш сайн гэж би боддог. Алдаа бага гаргахын тулд эргэлз бас дахин эргэлз гэж өөрийгөө зөвтгөдөг .
-Сайн явах санааных гэж үг байдаг. Үүнтэй хэр санал нийлдэг вэ?
-Жишээ нь хүнтэй ярьж байхдаа зөв талаас нь ойлгох ёстой. Хүн чам руу муухай харвал хариу барих биш “юу тохиолдсон юм бол” гэх бодолтой байх нь чухал. Аливааг буруу талаас нь харлаа гээд юу өөрчлөгдөх билээ. Харин ч эсрэгээрээ ажил бүтэхгүй шүү дээ.
-Таныг тайзан дээрх шигээ дуу чангатай, оргилсон, дэвэрсэн хүн угтана гэж бодож байлаа. Гэтэл та маш намдуу, илүүтэй намбалаг хүн юм.
-Тийм үү. /Инээв/ Би амьдрал дээр ч тайзан дээрх шигээ хүн ш дээ. Харин өнөөдөр ажилдаа дарагдаад сууж байна. Хамгийн гол нь чамайг ярилцлага авъя гээд маш их залгасан болохоор цаг гаргасан минь энэ.
-Бага насаа хөдөө өнгөрүүлсэн гэсэн?
-Би оюутан болж хотод нүүж иртлээ 18 жил Говь-Алтайд амьдарсан. Хүүхэд балчир нас, сурагч ахуйн дурсамж бүгд Алтай нутагтай холбоотой. Гэхдээ зусланд амрах, чуулга уулзалтуудад оролцох гээд хотод их ирдэг байсан юм байна.
-Хэвлэлүүдээр таныг хамтлагийнхаа Бооёотой муудалцаад гарсан гэж бичих юм билээ?
-Би хамтлагаасаа түр чөлөө авсан. Надад хувийнхаа ажлыг амжуулах шаардлага тулгарсан юм л даа.
-Хэзээнээс тайзан дээрээ эргэн ирэх вэ?
-Тэгж байгаад тоглоно оо.
-Төрсөн өдрийн бэлгийнхээ мөнгөөр хүүхдүүд баярлуулсан гэж сонссон?
-Хэн тэгж байна, би энэ тухай нэг их яриагүй дээ. Миний төрсөн өдөр есдүгээр сард болдог юм. Өмнө нь найз нөхөдтэйгээ л тэмдэглэдэг байв. Мэдээж багагүй мөнгө зарцуулдаг учир үүгээр би бусдыг баярлуулах боломжтой юм байна гэж бодсон. Тэгээд өнгөрсөн жил төрсөн өдрөөрөө нөхрөөсөө бэлэг аваагүй. Харин I амаржих газар мэндэлсэн 40-50 хүүхдэд бэлэг өгсөн.
-Урд өмнө нь төрсөн өдрөөрөө хүүхдүүд баярлуулсан гэх тохиолдол огт сонсож байгаагүй юм байна?
-“Итгэлийн танхим” төслийнхөө шугамаар эмнэлэгт удаан байрлаж, тэнд өвчиндөө шаналж буй хүмүүс болон тэдний ар гэрийнхний шаналж буй царайг хараад их ч зүйл бодсон л доо.
-“Дугуй цагаан” гэдэг хочны тухайд?
-Миний арван жилийн хоч. Би дугуй царайтай байгаа биз. Тэгээд цав цагаан... За цав цагаан нь юу юм бэ, арай цайвар царайтай байсан байхгүй юу. Манай ангид хоёр Ундармаа байв. Нөгөөх нь бор учраас “Улаан Ундармаа”, намайг “Цагаан Ундармаа” гэж ялгадаг байж л дээ.
-Таныг сүүлийн үед их залуужиж байна гэж бичих юм билээ. Нууц нь юундаа байна?
-Үгүй ээ, юуных нь тийм юм байх вэ. Байгаагаараа л байгаа шүү дээ. /Инээв/ Магадгүй, би тайзан дээр эхнэр, авгайн дүрд тоглодог болохоор хөгшин харагддаг байх. Гэтэл гудамжинд хүмүүс таараад “Өө, энэ чинь жоохон юм байна ш дээ” гээд байдаг юм.
-Хааяа ажил төрөл бүтэмжгүй сэтгэл санаа тавгүй үедээ өөрийгөө хэрхэн зоригжуулдаг вэ?
-Би ч сэтгэлээр унасан үедээ бас л сонин хүн. Амархан баярлаж гомддог болохоор ч тэр юм уу, бүү мэд. Гэлээ гээд би шантрах эрхгүй, хийж урагшлахаас өөр аргагүй шүү дээ.