Брэд Питт: Одоо энэ бүхнийг өөрчилмөөр байна
Холливудын нэрт жүжигчин Брэд Питт сүүлийн үед хэд хэдэн сэтгүүлд илэн далангүй ярилцлага өгсөн байдаг. Брэд Питт 2014 онд 10 жил хамтран амьдарсан жүжигчин Анжелина Жолитой хуримлаж, хосууд өөрийн гурав, өргөмөл зургаан хүүхэдтэй болсон билээ. Гэвч, Брэд хүүхдүүдтэйгээ тааламжгүй харилцсан гэх шалтгаанаар хосууд салахаар болсон нь өнгөрсөн оны дуулиант салалтын нэг байлаа. Тэрхүү салалтаас хойш уран барималд шимтэж, басхүү шинэ уран бүтээлд тоглоод амжсан Брэд Питт хувийн амьдрал хийгээд уран бүтээлийн талаар "GQ" сэтгүүлд ярьжээ. Тус ярилцлагаас "Оддын цаг" буландаа орчуулан хүргэж байна.
-Өнгөрсөн зургаан сарын хугацаанд юу мэдэрч, хэрхэн өнгөрүүлэв?
-Мэдээж, гэр бүлээ нэгдүгээрт. Хүн гэдэг амьтан үхлийн ирмэгт тулж ирэхдээ яаж шагнуулж, юуг өөрийн болгосноо бус, хайрладаг хэн нэгнээ, эсвэл хамгийн их харамсдаг зүйлийнхээ талаар л ярьдаг. Тиймээс асуудлаа тэр дор нь шийддэг байх хэрэгтэй гэдгийг хүмүүст хэлмээр байна. Хүүхдүүд их эмзэг. Бүхий л зүйлийг таньж мэдэхийг хичээдэг. Тэд бүхий л зүйлсээс тайлбар шаардана. Бас тэднийг сонсох хэрэгтэй болно. Би завгүй ажилладаг учраас тэднийг тэр бүр сонсож чаддаггүй. Одоо энэ бүхнийг өөрчилмөөр байна.
-Хэрвээ та гэр бүлээ дахин нэгтгэж чадвал, өмнөхөөсөө хавь илүү өөр нэгэн гэр бүлийг бүтээж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа байх?
-Би тэдний итгэж найдаж байгаа, эсвэл ирээдүйд тулгарч болох, яг одоо өмнө нь тулгарч буй бүхий л зүйлийг нь хийж өгөхийг хичээдэг. Гэр бүлд хэт их гэрэл эсвэл хар бараан зүйл багахан байхыг ч хүсдэггүй. Гэтэл амьдралын зам дандаа дардан байхгүй. Заримдаа хаа нэг тийш хазайх үе гарна. Энэ бол өөр ертөнц. Бид сэтгэлзүйд илүү их анхаарал хандуулдаг шүү дээ. Нэг сул тал нь бидний сэтгэл хөдлөл ижил байдаг юм байна. Би илүү сайн эцэг байх ёстой. Би өөрөө эцэг гэдэг хүн бүгдийг чаддаг. хамгийн хүчтэй, супер хүн гэж ойлгодог орчинд өссөн. Энэ ч бидний салалтад цохилт үзүүлсэн байх. Одоо би илүү сайн байх болно. Тэдэнд сайн байгаагаа харуулах ёстой.
-Асуудал хаашаа эргэх нь тодорхойгүй нөхцөлд бүр ч хэцүү байх нь мэдээж?
-Хэсэг хугацаанд надад тийм асуудал тулгарсан. “Хүүхдийн үйлчилгээ” гэх системд гинжлэгдсэн, бүх зүйл нуруун дээр ирсэн. Харин дараа нь энэ бүх асуудлыг цэгцлэхийн тулд бид хамтдаа ажиллах хэрэгтэй болсон. Бид хамтдаа хамгийн сайнаараа асуудлыг шийдэхийг хичээж байна. Нэг хуульч ингэж хэлсэн юм. “Шүүх хуралдаанд ялагч гэж байдаггүй. Зөвхөн хэн хамгийн их шархалсан бэ гэдэг тухай л асуудал” гэж. Энэ үг үнэн юм шиг санагдсан. Нэг жилийн хугацааг хэний буруу, хэнийх нь зөв болохыг тогтооход зориулна гэдэг дэндүү хайран. Нөгөө л нэг нэгнээ үзэн ядахад хувь нэмрээ оруулж буй хэрэг. Би үүнээс татгалзсан. Аз болоход, Жоли ч үүнийг зөвшөөрсөн. Хүүхдүүдтэйгээ ойлголцохгүй бол, гэнэт л гэр бүлд ан цав үүсэж эхэлдэг юм.
-Яг л үүнийг би танаас асуух гэж байлаа?
-Бид хэн нэгний хувьд утга учиртай нэгэн байхыг хүсэж байвал тэдэнд анхаарал тавьж, ойлгож, эргэн тойрны бүхий л зүйлсийг хамтдаа бүтээх хэрэгтэй юм билээ.
-Хүүхдүүддээ энэ талаар яаж хэлэх вэ?
-Тэдэнд маш олон зүйл хэлмээр байна. Бидний ярилцаагүй өнгөрсөн цаг хугацаанд тохиолдсон ярвигтай олон асуудал, яагаад тийм зүйл болсон, тэдний ойлгох, эсвэл ирээдүйд ойлгох тэр бүхний тухай яримаар байна. Тэднийгээ илүү сайн, илүү хүчирхэг нэгэн болгохыг л зорьж буй учраас ямар нэг үр дагавар гарахгүй байх.
-Ний нуугүй хэлэхэд, хүмүүс хэнд ч ойлгомжтой зүйлийн тухай ярихдаа огт болоогүй, тохиолдоогүй мэт ярих нь бий. Гэтэл шүүхээс салгах шийдвэр гарлаа гэж бодоход, хар дарсан зүүд мэт нөхцөл байдал үүсэж болно шүү дээ?
-Дайсагнал. Хаа сайгүй үүнийг харж болно. Нэг нэгэнтэйгээ дайсагналцаж, хэдэн арван жилийг уй гашуу, үзэн ядалт дунд өнгөрүүлж буй жишээ олон байгаа. Чи өөрөө шүүх хурлаар асуудлаа шийдүүлээд үз. Тэр үед энэ бүх зүйл чухал биш болдог гэдгийг мэдрэх болно. Яах вэ, бага зэрэг айдас төрнө. Миний үзэх дуртай кино “There will be Blood”. Би яагаад энэ кинонд дуртай байдгаа хэлж мэдэхгүй. Даниэл Дэй, Пол Т нарын тоглосон энэ гайхалтай кинонд зүгээр л дуртай байдаг юм.
Гэхдээ би маргааш өглөө сэрээд, “өө новш, энэ кино бүхэлдээ тэр залуу болоод түүний үзэн ядалтын тухай харуулсан байна шүү дээ” хэмээн бодол өөрчлөгдөж болно. Амьдралд яг л үүн шиг ой гутмаар мөч олон тохиолддог. Нэг найз маань салсан эхнэрээ амьдралынх нь нэг хэсэг байсныг хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй. Тэгсэн атлаа нэг нэгэнтэйгээ өрсөлдөж, тэмцэлдэж олон жилийг зүгээр л дайсагнал дунд хий дэмий үрж байгааг харж л байна. Би тийм замаар явахыг хүсэхгүй байна.
-Бусад хүмүүс таны талаар юу бичих бол гэдэгт санаа зовж байна уу?
-Энэ талаар би үнэхээр санаа зовохгүй байна. Намайг хайрладаг хүмүүс намайг мэддэг гэдгийг би мэднэ. Энэ л миний хувьд хангалттай. Хэн нэгнийг хайрлаж байгаа бол тэднийг чөлөөл. Энэ үг ямар утгатай болохыг одоо би мэддэг бас мэдэрдэг болсон. Энэ бол өөрийн эрхшээлд, өөрийн өмчлөлд байлгах гэж оролдохгүйгээр хайрлах гэсэн үг юм.
-Сэтгүүлийн зураг авалтын хувьд гурван үндэсний соёл амралтын хүрээлэнд очсон байсан. Энэ талаар?
-Тийм ээ, үнэхээр гайхалтай байсан. Зурагчин Ryan “Everglades” хүрээлэнд энд тэнд гараад л гайхалтай зураг авалт хийсэн.
-Мөн цагаан элс?
-Би урьд нь хэзээ ч тийм зүйлийг харж байгаагүй. Тэр элсэн манхан үнэхээр гайхалтай бас орчин үеийн, шинэлэг, зүгээр л төгс мэдрэмжийг надад төрүүлсэн.
-Харин гурав дахь нь?
-Бид “Carlsbad Cavems”-д очсон. Хэрвээ бид гайхалтай зураг авахыг хүсэж байвал хамтарч ажиллах нь чухал шүү дээ.