ҮЕР УСНЫ АЮУЛААС БОЛГООМЖТОЙ БАЙХЫГ АНХААРУУЛАВ
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдрийн байдлаар Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт, Харбут, Увс нуурын савын Хархираа, Хариг зэрэг голууд үерийн түвшинг 10-30 см даван үерлэж байна. Иймд дээрх голын сав дагуу суурьшиж, зусаж буй малчид тариаланчид, аж ахуйн нэгж, байгууллага, ард иргэдийг үер усны аюулаас болгоомжтой байхыг анхааруулж байна.
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороотой
/Зургадугаар сарын 16-20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв/
16-нд баруун болон төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд зүүн аймгуудын нутгаар, 19-нд баруун аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 17-нд зарим газраар,18-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
17-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 18-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Тэрэлж, Улз, Халх, голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.