Оюутнууд сургалтын төлбөрөөсөө их мөнгийг түрээсийн байранд төлж байна
Хичээлийн шинэ жил эхлэх дөхөж хөдөө орон нутгийн оюутнууд нийтийн байрны эрэлд гараад байна. Учир нь ахлах курсын оюутнуудын хувьд дотуур байранд орно гэдэг бараг мөрөөдөл гэхэд буруудахгүй байх. Учир нь их, дээд сургуулиуд 1, 2-р курсийн оюутнуудыг байранд хамруулахыг илүүд үздэг. Тиймээс ахлах курсын ах эгч нарын хувьд халаасны өрөө болон нийтийн байр түрээслэхээс аргагүйд хүрдэг байна. Үүнийг нь далимдуулж мөнгө "хүүлэгсэд" бол түрээслэгчид юм.
Тэд хэдхэн сарын өмнө 150 мянгаар түрээслүүлж байсан умгар гал тогоогоо оюутнуудад 250 мянга гэж тулгана. Хот хүрээнд хамаатан, садан, танилгүй нэг нь тэдний хэлсэн үнээр нь түрээслэхээс өөр аргагүй. Тэгээд ч айлын тогоо өнгийж амьдарна гэдэг тийм ч амар зүйл биш.
Ааштай эгч, ууртай ахын ая талыг харж, ходоодоо хонхолзуулж сууснаас умгар ч гэсэн хар гэртээ хаан нь болж суувал аятай юу. Даанч халаасны умгар өрөө, айлын гал тогоо, зөөврийн устай нийтийн байрны үнэ тэнгэрт хаджээ. Учир нь халаасны өрөө хотын төв, захын дүүрэгт байрлалтайгаасаа шалтгаалаад 150-350 мянга, нийтийн байр 100-250, гал тогоо-200-230 мянган төгрөгийн үнэтэй байна. Ахлах курсынхнээс гадна дотуур байргүй сургуулийн оюутнууд түрээслэгчидийн хувьд бөөн олз. Нэгэнт сургууль нь дотуур байргүй юм чинь халаасны өрөө хэсэхгүй яах билээ. Төлбөрийг нь авдаг хэрнээ толгой хоргодох оромж босгочихгүй байгаа нь харамсалтай.
Халаасны өрөө болон нийтийн байрнаас өөр нэг хувилбар бол хашаа, байшин түрээслэх. Мэдээж үнийн хувьд хашаа, байшин, гэр түрээслэх нь хамаагүй хямд ч гэсэн өвлийн улиралд нүүрс, түлээ шаардах нь халаас нимгэн оюутнуудын хувьд бас л бэрхшээл. Өөр нэгэн хувилбар бол 2-3-уулаа нийлээд 1-2 өрөө байр түрээслэх. Одоогийн байдлаар нэг өрөө орон сууц байрлалаасаа хамаараад 400-700 мянган төгрөгийн ханштай байгаа бол хоёр өрөө нь 500 мянгаас нэг сая төгрөг хүртэлх үнэтэй байдаг аж. Мэдээж боломжтой айлын хүүхэд бол ганцаараа юм уу ах, дүүтэйгээ 1-2 өрөө байр түрээслэнэ. Харин мөнгөө хэмнэх хүсэлтэй нэгнийх нь хувьд 2-3-уулаа нийлээд нэг өрөө байр түрээсэлсэн нь хавьгүй хямд тусна.
“Халаасны өрөөний үнэ 300 гарчихаж, дотуур байрны үнэ нэмэгдсэн байна. Одоо яах вэ, хүүхдээ орох оронтой болгоод нутаг буцна даа” гэх хүмүүс энд тэндгүй байв. Хэн ч гэсэн үр хүүхдээ Улаанбаатарт толгой хоргодох байртай болгочихоод буцахыг хүснэ. Гэвч хүсэхэд хясахын үлгэрээр халаасны тэмтрүүл болсон нөхдүүд тэнгэрт хадсан үнэ хэлж, эцэг, эх, оюутнуудыг сандаргаж байна. Зарим нэг нь бүр төлбөрөө жилээр авна гэнэ. Өнөөдрийн энэ хямралтай нийгэмд түрээсийн байранд 3 сая төгрөг тоолоод өгөх боломж эцэг, эх ховорхон.
Гэвч хичээл эхлэх хугацаа ойртох тусам түрээсийн байрны үнэ нэмэгдэж, сүүлдээ бүр түрээслэх байр олдохоо больдог нь харамсалтай.
Энэ мэт асуудлуудтай нүүр тулж байгаа оюутнууд маань хэзээ нэг байрны түрээсээ бодож шаналахгүй санаа амар хичээлээ хийдэг болох юм бол доо. Гадаадад бол сурч, амьдрах бүх орчин нөхцлөөр нь хангаад, дээрээс нь долоо хоногт ажил хийх цаг олгодог. Харин Монголын хувьд бүх зүйл эсрэгээрээ. Хаа холын Хөвсгөл, Ховдын оюутан бөөн зардал, мөнгө болж байж арай гэж нийслэлд хөл тавина, тэгээд сургалтын болон байрны төлбөрөө 100 хувь төлнө, дээрээс нь ном, дэвтэр, хоол унд, бусад зардлыг тооцоод үзвэл дөрвөн жил сургуульд сурахын тулд дор хаяж 20-иод сая төгрөг зарцуулж байна.
Т.Гэрэл
http://www.zaluu.com/read/26hf65hec