📅

“Эрдэнэт” үйлдвэрийн өрийг барагдуулах асуудлаарх АЖЛЫН ХЭСЭГ юу ярив

🕔 2018/09/11 10:47

-Д.СУМЪЯАБАЗАР САЙД АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААНД ИРЭЭГҮЙ БАЙНА-

"Жаст”-ын Ш.Батхүү Өмнөд Африкийн "Стандарт” банкнаас "Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан зээл авсан асуудал 2016 оноос хойш Лондонгийн Арбитрийн шүүхээр хоёр удаа, Английн давж заалдах шатны шүүхээр нэг удаа, Английн дээд шүүхээр нэг удаа орсон байдаг. Нийт дөрвөн удаагийн шүүх хурал Өмнөд Африкийн "Стандарт” банкны нэхэмжлэлийг "Эрдэнэт” үйлдвэр ханган өгөхөд чиглэсэн нь анхаарал татдаг билээ.

Хамгийн сүүлд Английн Дээд шүүхээс 2018.07.06-ны өдөр ГУРВАН төрлийн захирамж гаргаж, өмнөх шүүхийн шийдвэрүүдийг хэвээр үлдээсэн. Ингэснээр дахин давж заалдах эрхзүйн боломж Монголын талд үлдээгүй юм. Уг асуудлыг өнгөрсөн сард Засгийн газар нууц хуралдаанаараа хэлэлцэж, Шадар сайд Ө.Энхтүвшингөөр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан байдаг.

Ажлын хэсэг "Эрдэнэт” үйлдвэрт учирсан эрсдлийг хэрхэн даван туулах, "Стандарт” банкны нэхэмжлэлийг барагдуулах боломжийг судлах хүрээнд ажиллах юм. Ажлын хэсэгт Шадар сайд Ө.Энхтүвшин, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нараас гадна холбогдох албаны хүмүүс багтжээ.

Ажлын хэсэг эхний хуралдаанаараа хоёр дэд ажлын хэсгүүдэд хуваагдаж, тодорхой асуудлаар мэдээлэл цуглуулах, санал дүгнэлтээ танилцуулах чиглэлтэйгээр өндөрлөсөн байдаг. Улмаар өчигдөр ажлын хэсэг хоёр дахь хуралдаанаа хийжээ. Ажлын хэсгийн хоёр дахь хуралдаанд дэд ажлын хэсгийг ахалсан Д.Сумъяабазар сайд ирээгүй байна.

-САЙД НАР ЯМАР БАЙР СУУРЬ ИЛЭРХИЙЛЭВ-

Эх сурвалжаас өгч буй мэдээллээр, хуралдааны үеэр  Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Асуудлыг компанийн тухайн хуулийн хүрээнд, "Эрдэнэт” үйлдвэр шийдэх энэ асуудлыг дотооддоо шийдэх учиртай. Засгийн газар чиг үүргийнхээ хүрээнд "Стандарт” банкны өрийг төл. Эх үүсвэрээ тэндээс гарга гэж шууд зааж өгөх  эрхзүйн үндэслэл байхгүй. Нөгөө талаас "Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн талаас томилогдсон хуулийн хэлтсийнхэн холбогдох материалыг зориуд байдлаар Арбитрт гаргаж өгөөгүй. Энэ нь Арбитрын шүүх дээр ялагдах шалтгаан болсон гэх асуудлыг шүүхээр хянан хэлэлцэх учиртай” гэсэн байдлаар асуудалд хандсан байна.

Харин Ц.Нямдорж сайд "Жаст групп дампуурах үеэр маш их хэмжээний  хөрөнгө хэн авсан нь тодорхойгүй замхарч алга болсон. Энэ хөрөнгийг авсан хүн их учиртай. Үүнийг магадлан шалгах хэрэгтэй” гэсэн санаа илэрхийлсэн аж.  Ажлын хэсгийн ахлагч Ө.Энхтүвшингийн зүгээс төлөх мөнгөн дүнгийн тоолуур өдөр хоногоор өсч буй тул асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй гэсэн утгаар байр сууриа илэрхийлсэн гэх мэдээлэл байна. Гэвч тэд нэгдсэн шийдэлд хүрээгүй аж.

 

-"ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРИЙН СТАНДАРТ БАНКИНД ТӨЛӨХ ӨРИЙН ХҮҮГИЙН ТООЛУУР 
САР ТУТАМ 1.2 САЯ АМ.ДОЛЛАРААР ӨСЧ БАЙНА-

 

Английн дээд шүүхийн шийдвэрийн дагуу "Эрдэнэт” үйлдвэр 105 сая орчим ам.долларыг "Стандарт” банкинд төлөхөөр болоод буй. Шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг яг таг зааж өгөөгүй. Гэвч хүүгийн тоолуур цаг минутаар өсч буй нь үнэн билээ. Нэгдсэн тооцооллоор, сар тутам 1.2 сая ам.доллараар өснө гэдгийг эх сурвалжууд онцолж байна. Тиймээс маш яаралтайгаар төлбөрийг барагдуулах бодит шаардлага үүссэн гэсэн үг. Гэвч Засгийн газраас "Эрдэнэт” үйлдвэрийг төлбөрөө барагдуулах тогтоол гаргалаа гэхэд эргээд шүүх дээр унах эрх зүйн үндэслэл бүрдэнэ гэгдэж буй.  

Нөгөө талд хэргийн эзэн, хэнгэрэгийн дохиур Жастын Ш.Батхүү, "Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, ТӨХ-ын дарга асан Д.Сугар, цаашлаад Ерөнхий сайд асан С.Баяр нараас хариуцлага нэхэх гарц. Гэвч Үндсэн хуулиар шүүхээр гэм буруутайг нь нотлоогүй л бол  хуулийн хариуцлага хүлээлгэх үндэслэл бүрдэхгүй. АТГ сүүлийн хэдэн жилийн туршид "Мөрдөн шалгаж байна” гэсэн тайлбар хийсээр ирсэн ч нэг талдаа өнөөг хүртэл гараагүй байгаа юм.

Одоогоор "Эрдэнэт” үйлдвэрийн гадаад дансууд зарцаагдах, удирдлагууд нь гадны орнуудад саатуулагдах, үйлдвэрийн хөрөнгүүд битүүмжлэгдэх бодит эрсдэл үүсээд байна. Үүнийг хэрхэн давж гарах, ажлын хэсгээс ямар дүгнэлт гаргах нь тодорхойгүй байгаа юм.

 

“Эрдэнэт” үйлдвэрийн өрийг барагдуулах асуудлаарх АЖЛЫН ХЭСЭГ юу ярив

 

 

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол