📅

Оюутолгой Монголыг 40 жил баараггүй "тэжээнэ"

🕔 2018/09/11 12:27

Оюутолгой Монголыг 40 жил баараггүй "тэжээнэ"

 

Монгол Улс уламжлалт мал аж ахуй, нүүдлийн өв соёлоо хадгалахын зэрэгцээ газрын доорх ашигт малтмал, эрдсийн асар их нөөцдөө тулгуурлан эдийн засгаа хөгжүүлэх стратегийг богино хугацаанд амжилттай хэрэгжүүлж чадсаныг “Дисковери Монголий” олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтад оролцогчид онцолж байлаа. Сүүлийн арван жилийн хугацаанд зэсийн баяжмалын үйлдвэрлэл дөрөв, алтны гарц гурав дахин өссөн нь үүний баталгаа болж байна. Мөн уул уурхайн экспортын бүтээгдэхүүнд тэргүүлэх байрыг эзлээд байгаа нүүрсний олборлолт гурав дахин өссөн нь нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ огцом нэмэгдэхэд томоохон хувь нэмэр болж байгаа юм. Ашигт малтмалын салбарын хурдтай өсөлтийн ачаар гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, эрдэс баялгийн экспорт өсч, улсын төсвийн ихэнх хэсэг нь уул уурхайн орлогоос олж буй хөрөнгөөс бүрдэж байгаа нь нэг талаар валютын ханшийн өсөлтөд өртөх, инфляцын дарамтад орох магадлалыг өндөрсгөж болох талтай гэж шинжээчид үзэж байна.

Тухайлбал, 2009-2011 онд гадаад валюттай харьцах төгрөгийн ханш 12 хувиар чангарснаас аялал жуулчлал, ноос ноолуурын салбар хүнд байдалд орж байлаа. Төсвийн алдагдал 2016 онд ДНБ-ий 17 хувьтай тэнцэж, улсын өр ДНБ-ийн 90 хувьд хүрч, төгрөгийн ханш огцом суларч, инфляц эрс өссөн төдийгүй эдийн засгийн өсөлт нэг хувь хүртэл буурсан. Үүний уршгаар ядуурлыг бууруулахад чиглэсэн нийгмийн халамжийн олон хөтөлбөр, санхүүжилт эдийн засгийг доош нь чангааж, МАН засгийн эрхэнд гарснаас хойш ОУВС- гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдахаас өөр аргагүй болсон байлаа. Уг хөтөлбөрийн хүрээнд ОУВС болон бусад донор орон, банк санхүүгийн байгууллагаас 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт авснаар эдийн засгийн нөхцөл байдал сайжирч, дэлхийн зах зээл дэх эрдэс бүтээгдэхүүний үнэ өссөнөөр уул уурхай болон барилгын салбар сэргэх таатай үе тохиож байна. Ийм чухал цаг үед болсон “Дисковери Монголий” чуулга уулзалтад “Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрес “Дэлхийн түвшний уул уурхайн бүтээн байгуулалт Монголд” сэдвээр илтгэл тавьсан нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихээр татаж байсан юм. Энд багахан түүх өгүүлэхэд, Өмнөговь аймгийн Ханбогд суманд орших Оюутолгой хэмээх газарт зэс байгааг олж мэдсэн нь аль хүрэл зэвсгийн үеэс улбаатай гэдэг. Харин өнгөрсөн зууны 1980-аад онд зэсийн эрдэсжилт байгааг тэмдэглэн үлдээсэн байдаг. Улмаар 1997 онд Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн баталснаар анх удаа хувийн хөрөнгө оруулалтаар хайгуул, олборлолт хийх боломжийг бүрдүүлж өгчээ.

Тухайн онд Австралийн “Би Эйч Пи” компани Оюутолгойн орчимд хайгуул хийх тусгай зөвшөөрөл /лиценз/-ийг авсан ч уурхай болох хэмжээний нөөцийг илрүүлж чадахгүй байсаар 1999 онд Канадын “Айвенхоу Майнз” компанитай түншилж хамтран хайгуул хийж байлаа. Удалгүй “Би Эйч Пи” хөрөнгө оруулалтаа татаж гарснаар “Айвенхоу майнз” ганцаар үлдсэн байна. Хайгуулын ажлын санхүүжилт барагдах үед Монголын талыг ахалсан ахмад геологич Ц.Сандуйжав 150 дугаар цооногт өрөмдлөг хийж үзэх санааг дэвшүүлснээр Оюутолгойн ордыг олж илрүүлсэн түүхтэй юм. Улмаар дэлхийн хэмжээний зэс, алтны томоохон уурхайг хамтран ашиглахаар “Айвенхоу майнз” компани “Рио Тинто”-той түншлэлийн гэрээг 2006 онд байгуулж, хэд хэдэн Засгийн газар дамнан зөвшилцсөний эцэст 2009 оны аравдугаар сард Монгол Улс хөрөнгө оруулалтын гэрээг баталгаажуулснаар Оюутолгойн их бүтээн байгуулалт эхэлсэн байна. Энэ ажлын хүрээнд ил уурхай, баяжуулах үйлдвэр болон дагалдах дэд бүтцийг барьж байгуулахад гадаад, дотоодын 7000 ажилчин, инженер техникийн ажилтан, мэргэжилтнүүд гар бие оролцжээ. Дөрөв хүрэхгүй жилийн дараа 2013 оны нэгдүгээр сард Оюутолгойн баяжуулах үйлдвэр анхны бүтээгдэхүүнээ гаргаж экспортолсон бол 2015 онд Монгол Улсын Засгийн газартай гүний уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг тохиролцсоноор олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас 4.4 тэрбум ам.долларын санхүүжилтийг богино хугацаанд татаж чадсан байна. Тус гүний уурхайд Оюутолгойн ордын нийт баялгийн 80 орчим хувь нь бий гэж тооцоолоод байгаа юм. “Оюутолгой” компанийн баяжуулах үйлдвэр өнгөрсөн онд 157.4 мянган тонн зэс, 114 мянган унц алт, 974 мянган унц мөнгө агуулсан баяжмал үйлдвэрлэсэн байна. Үйлдвэрт боловсруулсан зэсийн баяжмалаа ачааны машинаар тээвэрлэж, Хятадын зэс хайлуулах үйлдвэр болон зэсийн худалдаа эрхлэгчдэд нийлүүлж байгаа бөгөөд одоогийн ил болон гүний уурхайд илрүүлж тогтоосон нөөцөөр ирэх 40 жил ажиллах юм. Цаашдаа Оюутолгойг тойрсон гүний уурхайн бүлэг ордыг ашигласнаар 100-гаас ч илүү жил ажиллах боломжтой гэж тооцож байгаа аж.

Оюутолгойн уурхайн олборлолттой холбоотой нэг сонирхолтой мэдээлэл хүргэхэд, уурхайгаас 17 тонн шороо ачихад түүний таван тонн нь хүдэр хэлбэрээр баяжуулах үйлдвэрт очдог байна. Түүнийг боловсруулсны эцэст 122 кг зэсийн баяжмал гаргаж авдаг бөгөөд түүний агууламжид 1.3 гр алт /хуримын бөгжний гуравны нэг/, 6.4 гр мөнгө /нэг зоосны зургааны нэг/, 29 кг цэвэр зэс / “Приус” машины цахилгааны утас/ агуулагдаж байдаг. Оюутолгойн ордоос олборлолт хийж эхэлснээс хойш өнгөрсөн оны эцсийн байдлаар 1.96 тэрбум ам.долларын татвар, нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төвлөрүүлжээ. Мөн дотоодын ханган нийлүүлэгч 600 гаруй аж ахуйн нэгжээс 2.25 тэрбум ам.долларын худалдан авалт хийсэн байна. Түүний дотор зөвхөн Өмнөговь аймгийн аж ахуйн нэгжүүдээс 100 сая орчим ам.долларын худалдан авалт хийж, 2010 оноос хойш орон нутгийн төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхэд 50 сая ам.долларыг зарцуулсан тухай “Оюутолгой” компанийн тайланд дурдсан байлаа. Тус компани нь эрдэс баялгийн хөрөнгө оруулалтын жишиг болсон аж ахуйн нэгж гэдгийг саяхан хуралдаж өнгөрсөн “Дисковери Монголий” олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтад оролцогчид онцолж байсан юм. Энэ бүтээн байгуулалтын эхний үе шат амжилттай өндөрлөж, үйл ажиллагаа нь жигдэрсэн төдийгүй Монгол Улсын эдийн засагт үр өгөөжөө өгсөөр байгаа билээ.

Д.Мөнх

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол