Ерөнхийлөгч Х.Баттулга “Эх оронч хүүхдүүд” хөтөлбөртэй танилцлаа
Хөтөлбөрт хамрагдаж буй хүүхдүүд Завхан аймгийн Их-Уул сумын Цэцэг багийн нутагт байрлаж, Сэтгэлзүйн бэлтгэл, Галын бэлтгэл, Цэргийн дүрэм, жагсаалын бэлтгэл, Амьд гарах ухаан, Биеийн тамир-гардан тулаан, Цэрэг эх оронч хүмүүжил зэрэг сэдвээр хичээл заалган, мэргэжлийн багаар ахлуулан ойн цэвэрлэгээ хийсэн юм.
Хөтөлбөрт, Завхан аймагт үйл ажиллагаа явуулж буй 12 жилийн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн 11, 12 дугаар ангийн сурагчид хамрагдаж байгаа юм.
2018 оны 9-р сарын 18-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сурагч, оюутнуудын бэлтгэл, ойн цэвэрлэгээ зэрэг хөтөлбөртэй танилцахаар Завхан аймгийн Их-Уул сумын Ар ганга гэх газар ажилласан бол өчигдөр /2018 оны 9-р сарын 19-нд/ эх оронч хүүхдүүдтэй хамт байрлан, тэдний хөтөлбөртэй танилцаж, өглөөний дасгал хийн, 2000 гаруй хүүхдэд биечлэн батламж гардууллаа.
Батламж гардуулахын өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:
“Сайн байцгаана уу.
Эрхэм сурагч, багш сурган хүмүүжүүлэгч та бүхэнд энэ өглөөний мэнд хүргэе. “Бид Чингисийн үр сад-Зөв тэмүүлэл, эх оронч манлайлал” сургалтын бэлтгэл ажил болон сургалтын талаарх мэдээллийг би УИХ-ын гишүүн дэд дарга Я.Санжмятаваас байнга авч байсан болохоор өнөөдөр та бүхэнтэй уулзахаар зорьж ирлээ.
Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад эх оронч үзлийг төлөвшүүлэх, эх түүхээрээ бахархах, өөрийгөө ялах, бэрхшээлийг даван туулах, бусдад туслах сэтгэлгээтэй иргэдийг төлөвшүүлэх, бие биенээсээ суралцах, сурснаа бусадтай хуваалцах дадал суулгах, бие бялдар, сэтгэлзүйн бэлтгэлтэй болгох зорилгоор энэхүү сургалт зохиогдсон нь хамгаас чухал юм.
Сургалтын явцад цэргийн анхан шатны мэдлэг, чадвар, дадал олгох танхимын сургалт, цэргийн анхан шатны практик сургалт, марш тактикийн сургалт явуулж, сурагчдыг нийгэмд тустай бүтээн байгуулалтын ажилд оролцуулсан байна. Мөн олны танил хүмүүс лекц уншсан гэж сонслоо. Товчхондоо богино хугацаанд сурагчдад ихийг ойлгуулж, олныг дадуулсан эрчимтэй сургалт болжээ. Эх оронч үзэл бол дан ганц бодол санаа, хэл яриагаараа төлөвшдөг зүйл биш юм.
Эх орноо хайрлах, эх орондоо зүтгэх нь үйл хэрэг, чин сэтгэл, хичээл зүтгэлээр дамжин хэрэгждэг.
Энэхүү сургалтыг би сурагчдад үүнийг бодитоор ойлгуулсан, мэдрүүлсэн ажил хэрэгч арга хэмжээ боллоо гэж ойлгож дэмжиж байна. Биеэрээ туулж, сэтгэлээрээ мэдэрсэн зүйлийг л хүн гүн гүнзгий олгойж, бат бэх итгэл үнэмшилтэйгээр тогтоодог. Ийм зөв эхлэлийг тавьж, “Зөв тэмүүлэл, эх оронч манлайлал” сургалтыг амжилттай зохион байгуулсан УИХ-ын дэд дарга Я.Санжмятавын ажлын алба, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хууль сахиулахын их сургууль, дотоодын болон хилийн цэрэг, Завхан аймгийн Тамгын газарт дахин талархал илэрхийлье.
Мөн сургалтад хамрагдаж өөрийгөө сорьсон нийт сурагчиддаа чин сэтгэлийн халуун баяр хүргэе. Эх орныхоо ирээдүй болсон хүүхэд залуусдаа бие бялдарын тэгш хөгжилтэй, эх оронч үзэлтэй иргэн болж, улсынхаа хөгжилд бодитой хувь нэмэр оруулахын тулд өвөг дээдсийнхээ түүх, уламжлалыг хүндэтгэж, байгаль дэлхийгээ хамгаалах сэтгэлтэй, оюун ухаанаа хөгжүүлэхэд илүү ихээр шимттдэг байгаарай гэж ахин дахин захья.
Эх орончдын залгалж халаа болсон сурагч багачууддаа сайн сайн бүхнийг хүсэн ерөөе. Сайн үйлс дэлгэрч, мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс хүчирхэгжин мандах болтугай.
Баярлалаа та бүхэндээ” гэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлснийхээ дараа оюутан, сурагчдад батламж гардуулж, дурсгалын зураг авахуулав.