Тайширын УЦС Завхан, Говь-Алтайн 20 мянган хэрэглэгчийг эрчим хүчээр хангаж байна
Өнөөдөр болж буй Эрчим хүч үйлдвэрлэгчдийн зөвлөгөөн дээр дан ганц дулааны эрчим хүчээр нийт хэрэглээгээ хангаж буй манай улсын эрчим хүчний үйлдвэрлэлд сэргээгдэх эрчим хүчний нөөц боломж болон эрчим хүчний бусад үйл ажиллагааг ашиглах шаардлагатай байгааг түлхүү хэлэлцсэн юм. Нөөц боломж, аргын нэг нь эрчим хүчийг хуримтлуулах замаар энэ төрлийн станц байгуулах явдал ордог байна.
“Energy Storage” компани эрчим хүч хуримтлуулах технологийг Монголд нэвтрүүлэн хэрэгжүүлж буй талаар тус компанийнгүйцэтгэх захирал, цахилгааны инженер Б.Заяабаатар өнөөдрийн зөвлөгөөн дээр танилцуулсан юм. Тэрээр, эрчим хүчний хуримтлуурын станц барьснаар, өдрийн хэлбэлзэлтэй эрчим хүчний ачааллыг бага зардлаар үр ашигтай хангахад ашигладаг юм байна. Нэг ёсондоо оргил ачааллын үеийн цахилгаан эрчим хүчний импортыг багасгах, эрчим хүчний системийн горим тохируулгад маш сайн зохицон ажилладаг, сэргээгдэх эрчим хүчийг дэмжин нар, салхины станцуудтай хослон ажилладаг зэрэг олон талын ач холбогдолтойг тэрээр хэлж байв. Эрчим хүчний нөөц боломжийг ашиглаж хангамжийг дээшлүүлэхэд цахилгаан эрчим хүч хуримтлуулах аргаас гадна усан сан байгуулж ашиглах, УЦС ажиллуулах чухал хувь нэмэртэй. Энэ талаар зөвлөгөөнд алс хол “Тайшир Гуулин” УЦС-аас ирсэн төлөөлөл болох тус станцын Ерөнхий инженер А.Амгаланболдтой уулзаж тодруулав.
-Танай УЦС хэдий хэмжээний хэрэглэгчдийг ханган ажиллаж байна вэ?
-Манай УЦС (төслөөр 11 МВт-ын) байхаар 2008 онд ашиглалтад орсноос хойш Завхан голыг даган хамарсан, баруун бүсийн Алтай-Улиастай эрчим хүчний системд багтан, энэ системийнхээ эрчим хүчний жилийн нийт хэрэглээний 40 хувийг ханган ажиллаж байна. Зуны бага ачааллын үеийг эс тооцвол жилийн 4 улирал тасралтгүй ажиллаж, бүсийнхээ Говь-Алтай, Завхан аймгийн эрчим хүчний нийт хэрэглээний гуравны нэгийг буюу 20 мянган айл өрх, ААН байгууллагуудыг хангаж байна. 2013 онд Төвийн эрчим хүчний системтэй холбогдон зэрэгцээ ажиллах горимд шилжсэн.
-Өвлийн ачаалалтай үедээ бүрэн хүчин чадлаар ажиллаж чадаж байна уу?
-Чадах боломжтой. Суурилагдсан хүчин чадал маань 11 мегаватт, жилд 37 сая квт/ц эрчим хүч үйлдвэрлэхээр баригдсан. Гэхдээ энэ хүчин чадлаар бүрэн тасралтгүй ажиллах боломж бага. Энд усны нөөцтэй холбоотой, мөн голын усны урсац гээд нөлөөлөл их байдаг учир бүрэн хүчин чадлаар ажиллах нь тооцоо судалгаан дээр үндэслэдэг. Эрэлт хэрэгцээнээсээ бас хамаарна. Одоогийн байдлаар жилд 30-32 сая квт/ц эрчим хүч үйлдвэрлэж байна.
-Манай улсын дутагдаж буй эрчим хүчний хэрэглээний хангамжид УЦС-ын оруулах хувь нэмэр хэр байх талаар салбарын хүний хувьд санал бодлоо хэлнэ үү?
-Дулааны эрчим хүч дээр суурилагдаж буй манай улсын эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээнд УЦС өөрийн хувь нэмрээ оруулах боломжтой. УЦС-д ДЦС-тай харьцуулахад аюулгүй ажиллагааг бүрэн хангадаг, маневрах чадвар сайтай, ачааллаа огцом авч чаддаг, богино хугацаанд гүйцэтгэх ажиллагаа сайн гээд давуу тал олонтой, томоохон хэмжээний хүчин чадал бүхий УЦС-ууд Монголын эрчим хүчний системд орох боломж байна. УЦС-ыг маш олон судалгаа хийж түүн дээр үндэслэн барьж байгуулдаг. Одоо барихаар төлөвлөж буй Эгийн гол, Шүрэнгийн УЦС дээр судалгаанууд хийж байна.
Тодруулга: Манай улсын эрчим хүчний салбар нь газар нутгийн алслагдмал байдал, дэд бүтцийн хөгжлөөс хамааран Баруун болон Төв, Зүүн бүсийн, мөн Алтай-Улиастайн эрчим хүчний сүлжээ гэсэн 4 хэсгээс бүрддэг байна. Өнөөдөр Монгол Улсын нийт дотоодын цахилгаан үйлдвэрлэлийн 95.7 хувийг ДЦС-ууд, 4.2 хувийг УЦС, нар салхины сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд бүрдүүлж, 20 хувийг ОХУ, БНХАУ гэсэн хойд, урд 2 хөршөөс нийлүүлэн авч байна.