Т.Аюурсайхан: Н.Баяртсайхан ажлаа өгөх ёстой
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Монголбанкийг хариуцлагагүй ажиллаж байна гэж мэдэгдлээ. Тэрбээр уг асуудлаар “Монгол төгрөгийн ханш суларч, ам.долларын ханш чангарч байгаагаас улбаалж, иргэдийн худалдан авах чадвар муудаж буй нь бүх хүний анхааралд байна. Энэ асуудлаар ярих хүн алга. Энэ үзэгдлийг хэвийн үзэгдэл мэтээр Монголбанкнаас тайлбарлаж байна. Цаашлаад олон нийтэд буруу ойлголт өгч байгааг би хүлээн зөвшөөрөхгүй.
2018 оны аравдугаар сарын 16-ны өдрийн байдлаар нэг ам.доллар 2564 төгрөгтэй тэнцэж байна. Ам.долларын ханш өссөн. Гэтэл Монголбанкнаас валютын ханшийн өсөлтийг тайлбарлахдаа төгрөгийн ханш ам.доллартай харьцуулахад 5.6 хувиар унасан байгаа нь хэвийн үзэгдэл гэсэн. Аргентин болон Турк улстай Монгол Улсын эдийн засгийг харьцуулж өөрсдийгөө өмгөөлж байгааг би буруушааж байна.
Аргентин улсад эдийн засгийн гүн хямрал нүүрлээд байна. Он гарсаар тус улсын үндэсний мөнгөн тэмдэг нь 100 хувь суларч гадаад өр нь 254 тэрбум ам.доллар болсон. Турк ч мөн адил 467 тэрбум ам.долларын гадаад өртэй байна. Эдийн засгийн доройтолд орсон хоёр улстай харьцуулалт хийж хариуцлагагүй мэдэгдэл хийж болохгүй. Төвбанкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах үеэрээ Монголбанкныхан ханшийн асуудлаа хариуцлагагүй байдлаар оруулж ирсэн. Уг хуулиа батлуулахын тулд лобби үйл ажиллагаа хийсэн.
Гэтэл өнөөдөр ханшийн асуудлыг хэн ч хариуцахгүй, хариуцлага хүлээхгүй байна. Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг 2016 оны долдугаар сарын 20-нд үүрэгт ажлаа хүлээж авах үед нь төгрөгийн ам.доллартай харьцуулсан ханш 2043 төгрөг байсан. Гэтэл төгрөгийн ханш 25.5 хувиар суларсан. Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг албан тушаалаас нь чөлөөлөх буюу хариуцлага тооцох асуудлыг хөндөж байгаагаа мэдэгдэж байна” гэлээ.
-МОНГОЛ БАНК УИХ-ЫН ГИШҮҮДИЙГ ЛОББИДОЖ БАЙНА-
Тэрбээр мөн “Одоо Мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах бодлого батлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэн батлах гэж байна. Өнгөрсөн долоо хоногийн бямба гаригт Тэрэлжид амралтын газарт Монголбанкнаас хүлээн авалт зохион байгуулсан. Би иймэрхүү үйл ажиллагааг байнга эсэргүүцэж ярьдаг. Эдийн засгийн байнгын хорооны тодорхой зарим гишүүд очсон. Эдийн засгийн байнгын хорооны 19 гишүүнийг бүгдийг нь худалдаж авч чадахгүй.
Төв банкны тухай хуулийн төслийг хэлэлцэж, батлагдах шатанд удаа дараа ийм хүлээн авалт, нөлөөлөх үйл ажиллагааг хийсэн. Батлагдсаны дараа талархал гэж мөн хүлээж авч байсан. Тэр үед нь би “Энэ арга хэмжээгээ боль” гэж хэлж байсан. Удаа дараа хэлж байхад энэ ажлаа зогсоохгүй байна. Очсон хүмүүс нь авлига авч байна. Арга хэмжээг зохион байгуулж буй хүмүүс нь авлига өгч байна. Энэ нь эрх ашгийн зөрчил. Гэтэл одоо Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг хэлэлцэх эсэхийг шийдэж байхад УИХ-ын гишүүдээс Монголбанкны Ерөнхийлөгчийн өмнөөс зоригтой дуугарчих хүн гарч ирсэнгүй.
Ганц нэг хүн дуугарахаар Монголбанкны Ерөнхийлөгч өмнөөс нь хэдэрлээд, хэрэлдээд сууж байна. УИХ өөрөөсөө томилогдсон хариуцлага тооцох ёстой хүндээ хариуцлага тооцох чадваргүй болж буйгийн шинж. Тиймээс энэ арга хэмжээг таслан зогсоох ёстой. Сүүлийн жилүүдэд хууль тогтоомжууд бүгд ашиг, сонирхлын зөрчилтэй батлагддаг болсон. Түүнийг засч, засруулах гэж маш их цаг хугацаа, хүч хөдөлмөр шаардагдаж байна. Тэр бүрт бид амжилтад хүрч чадахгүй байна. Энэ бүгд дээрх үйл ажиллагаанаас болсон” гэлээ.
Мэдээллийн дараа тэрээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-19 гишүүний хэд нь Монголбанкны лоббид автсан юм бол?
-Хэд хэдэн хүлээн авалтад нь би очоогүй учраас хэн нь очсон, хэдэн гишүүн уригдсан талаар мэдээлэл алга.
-2019 онд долларын ханшийг нэлээн өндөр үнээр төсөөлсөн байна. Н.Баярсайхан гэдэг хүнийг огцруулснаар долларын ханш буух уу?
-Ам долларын ханшийг тогтвортой барих боломжтой. Гэтэл долларын ханш барих ажил огт хийхгүй байна. Тэгэхээр Н.Баяртсайхантай хариуцлагын асуудал ярих ёстой.