📅

УИХ-ын дарга огцорч, энэ парламент тар

🕔 2018/12/08 16:24

Улс төр улалзан асах гал шиг байдаг юм гэнэ лээ. Манайд бол гал битгий хэл цог ч алга. М.Энхболдоор удирдуулсан одоогийн УИХ-ын гишүүдийг харахаар эмгэнэлт драм үзээд байна уу, инээдмийн жүжиг үзээд байна уу гэдгээ ч ойлгоход бэрх болсон.

Өрөвдмөөр гэхэд дэндүү өрөвдмөөр, элгийн гэхэд дэндүү элгийн жүжгийг улстөрчид бидэнд үзүүлэх хэрэг байна уу. Хамгийн ундууцмаар нь УИХ-ын дарга өөрөө гол дүрийн баатар нь. Энэ хүн үнэхээр ард түмэндээ жигшигджээ. Үүнийг энэ хэдэн өдрийн улстөрийн байдлаас тодхон харж болохоор байна.

Түүнийг хараах зүхэх, элдвээр доромжлох үйлдэл ч эцэстээ тулж байна. Тэр нь ч аргагүй биз. Ард түмэн туйлдаж байна. Гэтэл тэр хүн энэ их хараал зүхэл, доромжлол, дайралт давшилтыг даваад юу ч болоогүй юм шиг сууж байна. Түүнд ингэх шалтаг, шалтгаан байгаа юм гэж үү. Өөрийн хүсэлтээр өргөдлөө өгөөд, албан тушаалаасаа буучихаж болохгүй юм гэж үү.

Ерөнхий сайд “60 тэрбумын эзэн М.Энхболд мөн” гээд зарлачихсан. Түүнийх нь талаар нээлттэй сонсгол хийлгэе гэхээр элдэв хууль дүрэм яриад өөрөө зугтаачихна. Түүнд үнэхээр нуух юм их байгааг ард түмэн ойлгохтойгоо болчихсон шүү дээ. Тиймдээ ч өнөөдрийг хүртэл энэ их дайралт, давшилтыг үл тоон албан тушаалтайгаа зууралдаад байгаа биз.

Тэр албан тушаалаа өгчихвөл, хуулийн байгууллагаар үнэн шударгаар шалгуулчихвал, нээлттэй сонсгол хийчихвэл олон олон хууль зөрчсөн үйлдэл нь илчлэгдчихвий гэхээс дагжин чичирч байгаа нь тодорхой.

Яг энэ цаг мөчид энэ их хэл ам, дайралтыг сөрж зогссоноороо биш, буулт хийж албан тушаалаа өгч шалгуулснаараа илүү баатарлаг болж олон түмэнд үнэлэгдэх учиртай юм шүү, М.Энхболд даргаа.

Нэмж хэлэхэд, ганц М.Энхболд дарга биш. Эмгэнэлт драмын бусад дүрүүд болох энэ парламент тарах хэрэгтэй. Тэдний хүртсэн ЖДҮХС-гийн зээл аль 1998 оноос эхлэлтэйг хуульчид хэлж байна. Энэ олон жилийн энэ их мөнгийн үе үеийн Засгийн газар, парламентын гишүүд хувааж идээд, цөөхүүлээ баяждаг байсныг ч хэлж байна. Тэдгээр зээлийн талаас илүү хувь нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан “найдваргүй зээл” гэх нэрийдлээр хаагдсан аж.

Тэд бидний боломжоос хулгайлж байсан, хулгайлсаар ч байна. Үүнийг нь хуулийнхан “гэмт хэрэг” мөн гээд тогтоочихоод байхад, гэмт хэрэгтнүүд бидний толгой дээр сууж, эмгэнэлт драмынхаа хамгийн өрөвдмөөр, ядуу тарчиг, туслах дүрээ бидний болгосоор байх уу.

УИХ-ын дарга огцорч, энэ парламент тэр чигтээ тарах хэрэгтэй. Бид ийм хүмүүст итгэж, төрийн жолоо цулбуураа атгуулмааргүй байна. Төрийн нэр гутааж бузарласан үл бүтэх нөхдөөр дүүрсэн энэ их хурал байх хэрэггүй. УИХ-ын дарга огцор, парламент тар.

 

mminfo.mn

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол