📅

Су-г явууллаа, суудлыг нь хэн авах вэ?

🕔 2018/12/11 12:26

Өчигдөр 2018 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр. Хотын дарга Су.Батболдын НИТХ-д өгсөн чөлөөлөгдөх өргөдөл дээрээ тавьсан ажлаа өгөх хугацаа нь юм. Харин өчигдөр Хотын дарга Су.Батболдын өргөдлийн хариуг НИТХ биш Ерөнхий сайд У.Хүрэлсүх шийдлээ. Тэрбээр захирамж гаргаж Су.Батболдыг Хотын даргын албан тушаалаас нь чөлөөлсөн байна.

Хотын даргын үүрэг гүйцэтгэгчээр орлогчоор нь ажиллаж байсан Ж.Батбаясгаланг томилжээ.

Уг нь НИТХ энэ өргөдлийг хэлэлцэж шийдвэрлэнэ гэж байсан. Гэтэл хэдэн өдөр НИТХ-ын удирдлагуудын зүгээс хийгээд байсан довтолгоо намжсан. Ийм байдалтай хэд хоноод өнөөдөр ийм шийдвэр Ерөнхий сайдын зүгээс ирэв. Ийм хуулийн гаргалгааг Ерөнхий сайд сүүлд харж, гэнэтхэн НИТХ руу явуулсан бичгээ буцаан татсан байгаа юм. НИТХ-аар хэлэлцүүлсэн бол санал нь уначихаар нөхцөл байдал үүссэнтэй холбоотой гэдэг.

Ер нь бол Су.Бат-болдын чөлөөлөгдөх өргөдлөө өгөх болсон шалтгааныг нийтээрээ мэдэж байгаа. Ерөнхий сайдтай ойлголцоогүй гэж өргөдөлдөө бичсэн нь бол зүгээр л халхавч төдийюм.

Иймээс Су.Батболд гэдэг улстөрчийн карьерт өөрөөр нь цэг тавиулж, өргөдлөө өгтөл дарамталсан бичлэг гээч зүйлийг энд дурдахгүй өнгөрч болохгүй. Учир нь Монголын Улс төрд өрсөлдөгчөө намнадаг “бичлэг” гэдэг шинэ зэвсэг албан ёсоор орж ирснийг үүгээр тунхаглаж байгаа юм. Энэ цаг мөчөөс эхлээд олон хүн энэ зэвсгийн бай болох нь тодорхой.

Хэрэв Су.Батболд гүрийж эхэлснээрээ гүрийсэн бол энэ арга ингэж байр сууриа бататгахгүй л байсан болов уу. Бас хувь хүнийх нь хувьд ингэж өргөдлөө барьж гүйгээд чөлөөлөгдөж байгаа нь сайн үр дагавар лав авчрахгүй. Энэ талаар өмнө нь бичиж л байлаа.

Нөгөө талаас МАНАН-г устгах улс төрийн “гарчиг” дор албан тушаалаасаа буусан Су.Батболдын ажлыг авах гэсэн сонирхол МАН-д өрсөлдөөн үүсгээд байна. МАН дахь У.Хүрэлсүхийн фракцынхны дунд гэсэн үг. Нарийндаа бол У.Хүрэлсүхийн фракц дахь “гаднын нөлөө”-тэй улстөрчид хийгээд “цэвэр цус”-ны бүлгийнхний дунд энэ өрсөлдөөн явж байгаа.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн зүгээс НИТХ-ын дарга С.Амарсайханыг Хотын даргад зүтгүүлж байгаа. Харин Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар Хотын даргын орлогчоор ажиллаж үзсэн Б.Мөнхбаатарыг сойж байна. Энэ хоёрын хэнийг томилохыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх шийднэ гэж байгаа. Аль аль нь нэр дэвшигчдээ итгэлтэй, хэн хэн нь Ерөнхий сайдын дэмжлэгийг авна гэдэгтээ найдаж байгаа хүмүүс.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд С.Амарсайханыг сонговол Д.Амарбаясгалангийн, Б.Мөнхбаатарыг сонговол Д.Сумъяабазарын шууд удирдлагад Улаанбаатар хот орно гэсэн үг.

Нөгөөтэйгүүр нэр дэвшигч гэх үү, горилогч гэх үү хоёр эрхмийн нэг С.Амарсайханы хувийн компанийн үйл ажиллагаа хотын амьдралд тийм ч сайнгүйгээр нөлөөлдөг гэдэг. Ийм яриа хөөрөө их бий. Тиймээс МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нэр дэвшигчээ өөрчилж байгаа мэдээлэл ч байна. 2012 оны сонгуулийн өмнө УБЕГ-ын даргаар ажиллаж байсан, өдгөө ОХУ-ын Эрхүүд Ерөнхий консулаар сууж буй Л.Амарсанаагийн нэр дуулдаж эхэллээ.

Юутай ч Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх Хотын даргын албан тушаалд хэнийг тавихаа өнөө маргаашгүй шийдэх юм байна. Түүнчлэн Су.Батболдыг ингэж “үг дуугүй “ чөлөөлсөн нь У.Хүрэлсүх, М.Энхболд хоёр нүүр тулсан уулзалт хийгээд ч амжилт олоогүй гэдгийг харуулж байгаа хэрэг юм.

 

Эх сурвалж: Б.ДАМДИН-ОЧИР, ЗУУНЫ МЭДЭЭ

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол