📅

Эрх баригчид мухардалд орсныг илчилсэн Бага хурал

🕔 2018/12/21 17:56

Шуудайд хийсэн эвэр шиг хавиралдаад, эв зүйгээ олохоосоо нэгэнт өнгөрсөн МАН-ынхан уржигдар Бага хурлаа хийв. Бага үдэд эхэлж, маргааш өглөөнийх нь 04.00 цаг хүртэл үргэлжилсэн уг хурал гишүүд, дэмжигчдийнх нь хүлээж байсанчлан удаан хугацаанд үргэлжилсэн маргаанаа шийдвэрлэн, улс төрийн тодорхой шийдвэр гаргаж, төр, засгийн ажлыг гацаанаас гаргах үр дүн авчирсангүй.

Эв эеэ ололцож, ойлголцох тухай бүр ч ярилтгүй. Эхнээсээ л намын даргын эхлүүлсэн “их цэвэрлэгээ”-нд дэм өгч, хүч нэмэх зорилготой гэж болохоор уур амьсгалд өрнөсөн Бага хурал эрх баригчид ямар гүнзгий хагарсныг, үйл ажиллагаа нь мухардалд орсныг улам тодоор харуулав.

Бага хурлын өмнө нэр бүхий гишүүдийг намаас хөөнө гэсэн “бор шувуу” ниссэн ч энэ удаа тийм зүйл болсонгүй. Харин энэ хурлаар ярьсан гол асуудал нь “60 тэрбум”-ын хэрэгт нэр холбогдсон УИХ-ын дарга М.Энхболдод ёс зүйн хариуцлага тооцох тухай байв. Өөрөөр хэлбэл, түүнийг УИХ-ын даргын албан тушаалаас чөлөөлөгдөх өргөдлөө сайн дураараа бичихийг олуулаа нийлж шахлаа. МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх М.Энхболдыг УИХ-ын даргын албанаас огцруулна хэмээн мэдэгдээд сар гаруйн хугацаа өнгөрч буй. У.Хүрэлсүх өнгөрсөн хугацаанд намын Удирдах зөвлөлөөрөө М.Энхболдыг огцруулах нь зүйтэй гэсэн чиглэл гаргуулж, УИХ дахь намын бүлгийнхээ талаас илүүг талдаа оруулаад, УИХ-ын даргыг байнга шахамдуулж байгаа билээ.

Гэвч УИХ-ын дарга гэдэг улс төрийн намын шийдвэрээр ганхаж байдаг албан тушаал биш, Үндсэн хуулиар хамгаалагдсан бүрэн эрхтэй, хугацаанаас нь өмнө огцруулах боломж туйлын хомс институц. М.Энхболд өөрөө л өргөдлөө өгөхгүй бол УИХ-ын 75 гишүүн түүнийг огцруулахаар санал нэгдэж, гарын үсэг зураад ч нэмэргүй. Хуульд УИХ-ын дарга нас барсан, өөр ажилд шилжих болон бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлт гаргасан, хүндээр өвдсөн, ҮХЦ УИХ-ын даргыг огцруулах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасан, эсвэл гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр батлагдсан тохиолдолд л хугацаанаас нь өмнө огцруулахаар заасан. Өөр шалтгаанаар огцруулах боломжгүй гэсэн үг. Тиймээс намын дарга У.Хүрэлсүх М.Энхболдоор өөрөөр нь чөлөөлөгдөх хүсэлт бичүүлэх гэж янз бүрээр тулгаж байгаагийн нэг нь энэхүү Бага хурал байв.

У.Хүрэлсүх намын Бага хуралд тавьсан илтгэлдээ “Шударга бусын хонгил” гэж нийгэмд нэрлэгдээд буй хонгилыг бид эвдэж, нураах ёстой. Манай нам нам дамжсан цөөхөн бүлэглэлийн гарт орсон улс төрийн хүчин болж. Өнгө мөнгөнд хууртдаг, улсын өмч хөрөнгө, газрын хэвлийн баялгаар баяжсан бүлэглэлийн нам болж хувирсан байна. Үүнийг таслан зогсоох ёстой гэдэгт намын дарга миний бие хатуугаас хатуу байр суурьтай байгаа. Цаашид улам хатуу байна. Намын эв нэгдлийг би шударга ёсонд тулгуурласан эв нэгдэл байгаасай гэж хүсдэг. Болохгүй, бүтэхгүй байгаа зүйлээ нууж хаадаг хуурамч эв нэгдэл байгаасай гэж огт хүсэхгүй байна. Энэ бол өнгөлөн далдлалт. Энэ бол манай улсын ирээдүйн хувь заяа, улсын тусгаар тогтнол, улсын аюулгүй байдал, үр хүүхдийн маань ажил амьдрал, энэ улсын хойч ирээдүйд гай болох хуурамч эв нэгдэл байгаа юм. Тийм учраас би энэ хуурамч эв нэгдлийг задлахаар шийдсэн” хэмээн онцлоод УИХ-ын дарга М. Энхболд албан тушаалаа өгөх ёстой гэсэн байр сууриа илэрхийлсэн талаар эх сурвалжууд мэдээлж байгаа. Түүний санал Бага хурлын гишүүдийн олонхын дэмжлэгийг авсан, өөрөөр хэлбэл, Бага хурлын гишүүдийн олонх нь М.Энхболдыг албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгөхийг тулгасан нь ч хаалттай хаалганд хашигдалгүй, ил болсон.

Харин УИХ-ын дарга М.Энхболд өнгөрсөн хугацаанд хэрхэн гүрийсэн, тэр хэвээрээ гарч ирсэн. Тэрбээр “Энэ танхимд сууж буй хүмүүсийн хэд нь тэр “60 тэрбум”-ын схемээр хэнд, хэдэн төгрөг өгч, албан тушаалд томилогдсон бэ. Түүнийгээ ярих хэрэгтэй. Би намын шийдвэрээр ажлаа өгч байсан. Ерөнхийлөгчийн сонгуульд хариуцлагагүй оролцлоо гээд би намын даргад нэр дэвшилгүй, дараагийн хүнд нь тамгыг шилжүүлсэн. Би өөрийн амрыг хараад, хэл амнаас холдохын тулд энэ албыг өгөхөд болохгүй зүйлгүй. Гэхдээ өнөөдөр цаг нь биш. Монгол Улс парламентын засаглалтай хэвээрээ байх уу, үгүй юү гэдэг асуудал хөндөгдөж байгаа, намын дотоод нөхцөл байдал ийм болсон үед хүндрэл бэрхшээлээс зугатааж байгаа мэт өргөдлөө өгөөд явахыг би буруу гэж бодож байна. Харин хууль журмын дагуу асуудал шийдэгдэж, төр, засаг үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломж бүрдсэн үед өөрөөр ярьж болно” гэсэн аж.

Намын дарга У.Хүрэлсүх энэ Бага хурлаар УИХ-ын даргыг унагах даацтайхан мэх хийх гэж их л хичээж, зүтгэлээ. Тэрбээр УИХ-ын даргыг өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгөхийг шаардсан саналаа Бага хурлаараа хэлэлцүүлж, олонхоор дэмжүүлэн, тогтоол батлуулсан. М.Энхболдын талынхан “УИХ-ын даргыг албан тушаалаас чөлөөлөх асуудал намын шийдвэрээр явах учиргүй, үүнийг хүчээр хийвэл хууль зөрчинө” хэмээн хурал хаяж гарсан ч үүнд саад хийж чадаагүй юм.

Намын даргын талынхан Удирдах зөвлөлөө хуралдуулан, хэрхэн хууль зөрчихгүйгээр хэргээ бүтээх гарц гаргалгаа хайсан бөгөөд У.Хүрэлсүх, М.Энхболд нар ч энэ үеэр уулзаж, ярилцжээ. Удирдах зөвлөлийн хурлын дараа Бага хурлаа үргэлжлүүлэхдээ МАН-ын дарга У.Хүрэлсүх “Асуудлыг нэлээд нухацтай, олон талаас нь ярьж, санал бодлоо солилцлоо. УИХ-ын дарга энэ асуудлыг хүлээж авах боломжгүй, хууль дүрмийнхээ дагуу шийднэ биз гэсэн байр суурьтай байна. Бид хоёр уулзсан. “Та УИХ-ын даргын ажлаа өгчих, би ч Ерөнхий сайдынхаа ажлаа өгье. Төрийн эрх барих дээд байгууллага нь үйл ажиллагаагаа явуулаг, намын дотоод эв нэгдэл хадгалагдаж үлдэг, 37:27 болоод байгаа УИХ-ын гишүүдийн сэтгэл ч амраг” гэхэд энэ саналыг бас л хүлээж авах боломжгүй гэлээ. Ингээд бидний ярианы сэдэв ерөнхийдөө хаагдлаа. Тийм учраас намын Бага хуралд намын даргын оруулж ирсэн хүсэлтийн дагуу улс төрийн тодорхой шийдвэр гаргах нь зүйтэй байх. Үүнийг би Үндсэн хууль зөрчсөн зүйл болохгүй гэж бодож байгаа” хэмээсэн талаар эх сурвалжууд хэлж байгаа. Ингээд УИХ-ын дарга М.Энхболдод ёс зүйн хариуцлага хүлээж өргөдлөө бичих чиглэлийг Бага хурлаас өгөх, “60 тэрбум”-ын асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулан, үнэн мөнийг тогтоолгох утга бүхий хоёр тогтоолыг эцэслэн баталсан байна. М.Энхболдын талынхан үүнийг Үндсэн хууль зөрчсөн үйлдэл гэж мэдэгдэж байгаа юм.

МАН дотор жил тойрон үргэлжилж буй хурцадмал байдал даамжирсаар төр, засгийн ажлыг гацаагаад сар гаруй болж байна. Эрх баригчид ойрын үед эв зүйгээ олж, төр, засгийн ажлыг гацаанас гаргах найдлага МАН-ын Бага хурлаар ийнхүү улам алсарлаа.

МАН-ын Бага хурлаар хэлэлцсэн өөр нэг асуудал нь Удирдах зөвлөл болон Бага хурлын бүтцэд өөрчлөлт оруулах тухай байв. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, нийслэлийн Засаг дарга С.Батболд нар сонгуульт ажлаа өгсөн учраас Удирдах зөвлөлөөс хасаж, оронд нь УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан нарыг оруулав. Мөн Бага хурлын 12 гишүүн өөр ажилд томилогдсон учраас тэднийг хасаж, орны гишүүдийг нь томилжээ. Түүнчлэн намын дүрмийн өөрчлөлтийг хэлэлцэж, шинээр дөрвөн зүйл, таван заалт оруулж, таван зүйл, таван заалтад нэмэлт, өөрчлөлт хийн, нэг зүйл, нэг заалтыг хассан байна.

 

А.Амина

 


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол