Албан тушаалын сургаар ардын намын өвгөд ордны хонгилоор хөл нь хөнгөрчихсөн гүйж байна
МАН-ын тулхтай гишүүд гэж Д.Лүндээжанцан, Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж, Н.Энхболд, Сү.Батболд, Ц.Мөнх-Оргил, Ч.Улаан, Д.Тэрбишдагва нарыг нэрлэдэг. Олон удаа парламентад сонгогдсон эд нарыг монголчууд парламентын ой санамж гэдэг. Төрийн өндөр сэнтийгээс тэднийг огт буулгаагүй. Манай сонин ч бас эдэн шиг тулхтай, олон сонгогдсон гишүүд парламентад заавал байх ёстой гэж үздэг. Гэтэл Ё.Баатарбилэг, Н.Амарзаяа, А.Ундраа нарын гишүүд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотой мэдэгдэл гаргасан нь золтой л цус харвуулчихсангүй. УИХ-ын үйл ажиллагаа саатаж, сайд огцруулах, томилох асуудлууд юунаас болж гацаанд орж байгаа талаар тэд нийтэд дэлгэж, ахмад гишүүддээ шаардлага хүргүүлсэн байна лээ.
Нөгөө парламентын тулхтай гишүүд, ой санамж болсон нөхөд гэгддэг хэд нүд чихнээс далдуур самарч байдаг гэнэ. Үүнд Ц.Нямдорж, Ч.Улаан, Ө.Энхтүвшин, Н.Энхболд нарыг онцолжээ. Ё.Баатарбилэг гишүүн хэлэхдээ “Тэд албан тушаалын сургаар ордны коридороор хөл нь хөнгөрчихсөн гүйлдээд эхэлчихсэн. Ц.Нямдорж залуу гишүүдийг чуулганы хуралдаанд орж болохгүй гэж загнасан байна. Чуулганд оролцуулахгүй байх ажлыг Ө.Энхтүвшин зохион байгуулж, бичиг цаас янзлах ажлыг манлайлан оролцож байна. Олон жил Монголын төрд яваа хүмүс өөрсдөө МАНАН-г бүтээгчид юм байна. Дахиад шинээр манан үүсгэж байгаа эзэд юм байна” гэсэн.
УИХ-ын даргын албан тушаалын сураг сонсч дээ. Энэний төлөө хөлөө хугалах шахам гүйж хүндээ хөнгөнөөс өгнө гэдэг болж байна.
Хуучны нэг хошин үлгэрийг энэ үйл явдал санагдуулах юм. Олон хатантай нэг хаан байж. Хаантан хатан болгондоо улаан алчуур нууцаар бэлэглэж. Бас болоогүй ээ. “Ганцхан чамдаа л энийг бэлэглэж байна. Энэ чи бид хоёрын нууц болог” гэж. Нэгэн удаа хатад хоорондоо маргалдаж, эзэн хаанаасаа хэнд нь илүү хайртай гэдгийг асуухаар болж. Хаан хатдынхаа асуултад “Улаан алчууртайд нь илүү хайртай” гэж хариулжээ. Өнөөх хатад ч хааныгаа өөртөө л хайртай юм байна гэж бодсон юм гэдэг. Бүгд улаан алчуур авсан болохоор аргагүй биз.
У.Хүрэлсүх эгээ л өнөөх хаан шиг УИХ-ын тулхтай гэгдэх өвөгцүүлд “УИХ-ын дарга болгоно шүү” гэж “алчуур бэлэглэе” гэж дээ. Ингээд өнөөх намбатай, тулхтай гэгдээд байсан өвөгцүүл маань надад л ганцхан “хайртай” гэж андуурсан юм даг уу. Та нар угтаа Монгол төрийн олон өндөр албан тушаалыг хашиж үзсэн. Юманд хэмжээ хязгаар гэж бий. Гэтэл албан тушаалын шунал чинь хэрээсээ хэтрээд эмгэнэлт байдалд орлоо. Та нар Монгол төрийг гацаахгүй явуулах үүрэгтэй. Албан тушаал амласан байлаа гэхэд ганц нь л очно. Олон жил төрийн эрх ямбыг ханатлаа эдэлсэн. Ганц удаа ч болов үүргээ хүлээ. Та нарын одоо байгаа байдал шуналаа дарж дийлдэггүйг харуулж байна. Н.Энхбаярыг хаан явахад, нам, төр удирдаж байхад саймширч жигтэйхэн байж байгаад албан тушаалд очиж л явсан. Дараа нь урваж л байсан. М.Энхболдыгоо магтаад жигтэйхэн л байв.
Одоо зайлуулж оронд нь залрах хүсэлтэйг чинь хуйвалдааны толгойлогч болоод, залуу гишүүдийг хуралд нь суулгахгүй загнаж байгаагаас чинь ойлгохоор байна. Дараа нь У.Хүрэлсүхээсээ нүүр буруулахгүй гэх газаргүй. Монгол Улсын эрх ашгаас илүү албан тушаал гэж байдаг юм уу. Монголын ард түмэн МАН-д итгэл хүлээлгэж олонх болгосон. Энэ улсыг өөдтэй өнгөтэй явуулах бүх эрх мэдлийг энэ хүмүүсийн гарт өгсөн. УИХ-д 65-ууланг сонголоо. Гэтэл 32, 33 бүлэг болоод талцсан. Одоо бүр чуулган хуралдуулахгүй бойкотлох хамаг юмны ард турхираад сууж байдаг. МАН өнөөдөр ардчилсан төрийн баталгаа болж чадахгүй болж байна. Гээндээ ч бий, гоондоо ч бий гэхчээр хоёр тал хоёулаа л асуудалтай. Тэр нь энэ нь гэх юм алга. МАН гэдэг нам ялзралынхаа дээд түвшинд хүрч, энэ байдал нь төрийг хямруулж, түүнийг нь ахмад гишүүд нь дөгөөж байгаа нь туйлын харамсалтай.
1992 онд Ч.Улаан Үндэсний хөгжлийн газрын дарга байсан. Энэ газар яамны статустай байсан. Монгол Улсыг хөгжүүлэх бодлогын газрын дарга байсан хүн “Улс хөгжсөнгүй гэж гучин жилийн дараа ч өнөөхөө л яриад дахин дахин албан тушаалд горилоод сууж байна. Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр таван удаа сонгогдож, УИХ-д зургаан удаа суусан хүн шүү дээ.
УИХ-ын дарга, дэд дарга, Монгол Улсын сайдаар ажиллаж байсан, УИХ-д залуугаасаа өвгөртлөө суусан, өнөөдрийн бүх хуульд цоорхой гэж байгаа бол, алдаа завхрал байгаа бол хоёр нийгэм солигдох үеэс л Хууль зүйн салбарыг дөрвөн ч удаа толгойлж ирсэн Ц.Нямдоржтой холбоотой л байж таараа. Н.Энхболд, Ө.Энхтүвшин хоёртой юу ярихав. Мөн л УИХ, Засгийн газрын гишүүнээр хэдэнтээ сонгогдсон хүмүүс. Бараг ачтай нь чацуу хүн Их хуралд орж ирээд сууж байхад тэд нарыг хатгаад л сууж байна. Аль аль нь Монголын төрд сайд ч хийж явлаа. Хууль ч баталж явлаа. Бүгд л гуч шахам жил төрд яваа улс. Одоо залуу гишүүдээ хооронд нь сөргөлдүүлэх биш, эвлэн нэгдэхэд нь тусалж баймаар сан. Энэ улс муу муухай, энэ төр бохир заваан гэвэл ийм болгосон та бүхэн яалт ч үгүй холбоотой. Албан тушаалын шуналаа дарж, итгэл хүлээлгэсэн ард түмнийхээ төлөө үүргээ биелүүл ээ.