📅

“Түүчээ залуус” төслийн шилдэгүүд тодорч, нутгийн залуусаа ТҮҮЧЭЭЛЛЭЭ

🕔 2018/12/29 13:32

Говь-Алтай аймгийн оюутан, залуусын “Ирээдүй-Алтай” холбооноос залуучуудын идэвхи оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Түүчээ залуус” төслийг санаачлан амжилттай зохион байгууллаа. Говь-Алтай аймгийн уугуул, суугуул бөгөөд 40 хүртэлх насны залуучууд, оюутнуудаас бүрдэх гурван хүний бүрэлдэхүүнтэй багууд өөрсдийн санаачилсан ажлаараа уралдсан юм. Энэ удаагийн төсөлд сум орон нутгаас төдийгүй өөр аймаг, хот, гадаадын улс оронд ажиллаж, амьдардаг Алтайн залуус нэгдэн оролцсноороо онцлог болж байна. Төсөлд 18 сумын 23 баг бүртгүүлж, 17 баг шалгаруулалтад оролцон зөв хандлага, бүтээлч сэтгэхүй, хамтач сэтгэлгээг дэмжсэн даалгаварыг биелүүлэн өрсөлджээ. Хагас жилийн хугацаанд үргэлжилсэн уг уралдааны эхний шатанд 17 багаас Төгрөг, Баян-Уул, Бигэр, Шарга, Тонхил сумын 5 баг манлайлан шалгарч сум орон нутагтаа бүтээлч ажил өрнүүлсэн, идэвхи санаачлагаараа дахин өрсөлдөж шилдэгүүд тодорлоо.

Оюутан, залуусын “Ирээдүй-Алтай” холбооноос “Түүчээ залуус” төслийн шалгаруулалтыг өвөрмөц байдлаар зохион байгуулж, 2018 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр Хүй Долоон Худаг дахь Монгол наадам цогцолборт Алтай нутгийн сум бүрийн төлөөлөл болсон 100 гаруй залуу чуулсан юм.

Говь-Алтай аймгийн сүлд дуу болох “ЗУЛАЙ ЦАГААН АЛТАЙ” дуугаа холбооны бодлогын хэрэгжилтийн хорооны гишүүн, Цогт сумын салбар зөвлөлийн дарга, СУИС-ийн дуулаачийн ангийн оюутан А.Дэнзэнлхүндэвийн хамтаар дуулж, төслийн шалгаруулалтыг эхлүүллээ.

Шалгаруулалтын өмнө Ганабелл институтын сургагч багш, бизнесийн зөвлөх Т.Амарсанаа “Өнөөгийн ажил олгогчид ямар хүн хайж байна” лекц,  Alibaba.com -ийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газрын захирал В.Мөнхбаяр “Хэрхэн санхүүгийн эрх чөлөөнд хүрэх вэ” сэдвээр, Жэк Магийн амжилтын үндэс, онлайн худалдаа, дижитал бизнесийн талаар ярилцан, оюутнуудад орчин цагийн бизнесийн чиг хандлагын талаар мэдлэг, мэдээлэл өгсөн өгөөжтэй уулзалт боллоо. Мөн “Ирээдүй-Алтай” холбооны бодлогын хорооны гишүүн, ХААН банкны салбарын захирал М.Батбаяр  “Бизнес сэтгэлгээ”-ний талаар тун сонирхолтой лекцийг өрнүүлж, орчин цагийн бизнесменүүд ямар сэтгэлгээгээр хөгжиж, амжилтыг бүтээж байгаа талаар ярилцан залууст эерэг сэтгэлгээ, эерэг хандлагыг мэдрүүлсэн оюунлаг уулзалтыг өрнүүлсэн юм.

Оюутан, залуусын “Ирээдүй-Алтай” холбоо нь байгуулагдаад 15 жил буй бөгөөд энэ хугацаанд хийсэн ажил, үйл ажиллагаа, удирдлагын бүрэлдэхүүн, цаашид хийх ажлаа холбооны тэргүүн М.Өлзийбат, дэд тэргүүн Н.Амартүвшин нар танилцууллаа.

Ингээд хагас жилийн хугацаанд хэрэгжсэн “Түүчээ залуус” төслийн шилдэгүүдийг тодруулан, манлайлагч оюутан, залуусыг алдаршуулсан юм.

Орон нутагтаа олон нийтийн, сайн дурын санаачлагыг өрнүүлэн нэгтгэж, нутгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулсан “ТҮҮЧЭЭ ЗАЛУУС”-ын тэргүүн байранд Б.Азжаргал ахлагчтай Говь-Алтай аймгийн Шарга сумын “SNITCH” баг шалгарч батламж, 1 000 000 төгрөг, ДЭД байрт Б.Баян-Эрдэнэ ахлагчтай Говь-Алтай аймгийн Тонхил сумын “ТҮГЭЭГЧ” баг шалгарч батламж, 800 000 төгрөг, ГУТГААР байрт Э.Нарандулам ахлагчтай Говь-Алтай аймгийн Төгрөг сумын “ТӨГРӨГИЙН ТҮҮЧЭЭ” баг шалгарч батламж, 600 000 төгрөг, ТУСГАЙ байруудад  Д.Ууганцоож ахлагчтай Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын “БАЯН-УУЛЫН ТҮҮЧЭЭ”, А.Баярсүрэн ахлагчтай Говь-Алтай аймгийн Бигэр сумын “ОЧ” багууд шалгарч талархал, 300 000 төгрөгөөр тус тус шагнууллаа.

Ийнхүү зургаан сарын хугацаанд Говь-Алтай аймгийн сум бүрийн төлөөлөл болсон залуус нэгдмэл санаачлаган доор нэгдэн сум, орон нутагтаа бүтээлч ажил өрнүүлэн нутгийн залуусаа ТҮҮЧЭЭЛЛЭЭ.

www.GOVIALTAI.MN

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол