Шинэ онд эрх баригч намынхан эвлэрч чадахгүй бол 2020 онд навс ялагдана
98 жилийн буурал түүхтэй ах намынхан 2018 оныг тунчиг тааруухан үдлээ... Хэзээ ч ганхашгүй хүчтэй бүлэг эрх ашгийн төлөө хоёр хуваагдан, эргэж нийлэшгүй болтлоо нэг нэгнийгээ үзэн ядаж, биенийхээ булхайг дэлгэсээр улс төрийн тогтворгүй байдал, төрийн ажил гацах урд өмнө нь байгаагүй нөхцөл байдал үүсгэчихээд 2018 оныг үдэв.
Удахгүй 100 жилийн түүхэн их ойтойгоо золгох ах намынхан 2019 онд эвлдэрч, шинэчлэгдэж чадах болов уу...? Лав л оны сүүлийн өдөр уулзалдсан УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёр учир зүйгээ олж чадаагүй юм даг. Ингэснээрээ нөхцөл байдлыг улам чиг эргэлзээтэй, ээдрээтэй болгож байна. Улстөр гэдэг бол хэн ухаантай нь буулт хийснээр хожилд хүрдэг тоглоом. Гэвч нэг нь шударга ёс, нөгөөх нь хууль ёс ярьсан бүдүүн бүлгийн хэрүүл уучлал, буулт хийхээс харин чиг холуур байгаа нь сонин юм.
Цаашдын улстөр, намын түүх, боломж, ирээдүйгээ бодвол 2019 онд л ах намын бүлэг эвлэрч гагнагдах ёстой. Эс бөгөөс 2009 оных шигээ дахиад хоёр хуваагдаж, 2020 оны сонгуульд Ардчилсан нам шиг навс ялагдана.
220 мянган гишүүнтэй гэх улс төрийн ууган хүчний харьяаллаас лав зарим гишүүд нь татгалзаж, ХҮН юм уу, ЗОН, аль эсвэл МАХН-ыг сонгож магадгүй болоод байна. Улстөрийн намын тухайд гишүүнчлэлээ алдана гэдэг бол хамгийн том эрсдэл. Гэвч дээр доороо асар их эрх ашгийн төлөө жирийн гишүүдээ ч тоолгүй тэмцэлдэж, уралцаж байгаа намын хувьд энэ бол эрсдэл биш байх.
Ямартай ч шинээр морилон ирсэн 2019 он Монгол Ардын намд том анхааруулга, хатуу сануулга өгсөн, хариуцлага, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг нь нэхсэн он байх болно. Учир нь 2020 оны зургаадугаар сарын 20-диор УИХ-ын ээлжит сонгууль явагдана. МАН энэ янзаараа эв зүйгүй, шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг байвал шууд ялагдана...Тиймээс УИХ-ын дарга, намын дарга хоёр нь эв зүйгээ олж, бие биедээ хадаг барих хэрэгтэй...
З.Батхуяг