📅

Нэг хүнийг зайлуулах гэж төрөө тогтворгүй болгох суурь тавьчих вий дээ...

🕔 2019/01/05 15:43

Ийм болгоомжлол төрлөө. Бид нэг хүнээс болж, гацаанаас гарах нэрээр хуулиа улам дордуулж ирсэн түүх бий. 1996-2000 он. Ардчилсан Холбоо эвсэл 50 суудал, МАХН ( Одоогийн МАН) 25 суудал, МУНН цорын ганц суудалтай байсан. 50+1 саналаар УИХ-ын шийдвэр эцэслэн гардаг байсан тул ганц суудалтай Монголын Уламжлалын Нэгдсэн Намаас УИХ-д сонгогдсон яруу найрагч О.Дашбалбараас бүх шийдвэр хамаарч байсан цаг бий. Дашбалбар аль намын байр суурийг дэмжинэ, тэр намын бодлого УИХ-ын шийдвэр болж байв. Ганц гишүүний санал 50 гишүүнийхээс ч үнэ цэнэтэй байж чадсан түүхийн хуудсыг ийнхүү О.Дашбалбар гишүүн ийнхүү бичсэн байдаг. Тэгвэл энэ хуулийг өөрчилж, УИХ-ын гишүүдийн ирц нь 51 хувь хүрэх (39 гишүүн), тэдний ердийн олонхийн саналаар ( 20 гишүүний ) төрийн хууль тогтоолыг баталж, шийдвэр гаргадаг болгон өөрчилсөн.

 Энэ өөрчлөлтийг хийснээс хойш МАН, АН-д сонирхлын нэгдсэн бүлэглэл үүссэн гэж үзэх магадлал бий. 39 гишүүн, 20 гишүүн гэдэг тоо улс төрийн намын бодлого зарчмыг эвдэж, сонирхлын хүслийн шийдвэрээ гаргаж эхэлсэн. Монгол төрийн шийдвэрийг 51 гишүүн дэмжиж байж шийддэг байсныг 20-хон гишүүн шийддэг тогтолцоонд ингэж л шилжүүлсэн. Гор, уршгыг нь ард иргэд л амсаж, үр ашгийг нь тэдгээр цөөн гишүүд хүртэж ирлээ. Ашигт малтмалын хууль, татварын хууль, өршөөлийн хууль, зөрчлийн хууль, Оюутолгойг гадаадынханд "найр тавих"-ыг дэмжсэн хууль, тогтоол эндээс л улбаалсан. Нам дамнасан бүлэглэл, УИХ-ыг гацаанаас гаргах нэрээр дураараа, хүслээрээ дургих нөхцөл тэр цагаас тавигдсан гэж үзэх үндэслэл бий. Тэгвэл 2018, 2019 оны заагт, УИХ-ын гишүүдийн олонхи нь татгалзсан тохиолдолд УИХ-ын даргыг огцруулж байх хуулийн төслийг ерөнхийлөгч Х.Баттулга санаачилж, Засгийн газраар хэлэлцүүлэн, УИХ-д өргөн барьж батлуулахаар яаравчлан зүтгэж эхэллээ.

М.Энхболдыг УИХ-ын даргын суудлаас хуулиар унагах, цаашлаад АТГ-ын дарга Энхжаргалыг халж солих гэдэг зорилго нь ил байна. Энэ хоёр хүнийг өмгөөлөх, хамгаалах зүйл алга. Гэхдээ л, нэг хүнд тохируулж хууль гаргаж хэрхэвч болохгүй л гэж үзэх байна. Би хуульч биш. Нэг хүнд тохируулсан хууль алсдаа үйлчилдэггүй гэж л ухамсарлаж байна. Засгаа нам дамнасан 39 гишүүн унагадаг тогтолцоонд шилжсэнийг бид үзэж, амсаж байна. Тэгвэл, хамгаас тогтвортой байх учиртай Монгол төрийг 39 гишүүн нийлээд Засгийн газрынхаа адил унагаад байх хуулийг ерөнхийлөгч маань санаачилчихлаа. Үүнийг дэмжих нь хэр зөв юм бол оо. Хуульчид байвал санал бодлоо нэмэрлэнэ үү. Миний хувьд яарна гэдэг, даарна гэдэгтэй ижил сонсогдоно.

Ц.Энхбат

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол