📅

Х.Баттулга яаж чадаж байна аа?

🕔 2019/01/07 11:34

Монгол Улсын Ерөнхийлөгч бол "Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангараглая" хэмээн "хүлэгт баатар" ёсоор тангараг өргөсөн төрийн тэргүүн, ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч юм. Ерөнхийлөгч улсаа бүрэн эрхтэй төлөөлөх, ард түмэндээ хандан илгээлт гаргах эрхтэй ганцхан албан тушаалтан. Төлөөлөх бүрэн эрх, илгээлт гаргах эрх зэрэг нь Үндсэн хуулиар тогтоосон эрх хэмжээ. Британийн хааны эрх мэдэл шиг гүнзгий утгатай. Уг нь тус бүрдээ хуультай байх ёстой. Ерөнхийлөгч, зөвхөн УИХ-ын дарга, Ерөнхий сайд гишүүн нь байдаг Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийг тэргүүлдэг.

Ерөөсөө л Ерөнхийлөгч нь төр улсынхаа бүрэн бүтэн байдлыг сахин хамгаалах тангараг өргөсөн улсын тэргүүн юм.

Харин, Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын төрийн тэргүүн гэдгээ ойлгохгүй байна.

Ойлгохгүй байгаа мэт байдал өмнө нь мэр сэр харагдаж байсан л даа. Гэхдээ энэ удаад УИХ-ын даргыг УИХ-ын гишүүдийн олонхоор чөлөөлөх хуулийн төсөл өргөн барьсан явдал нь төрийн тэргүүн гэдгээ ойлгохыг ч хүсэхгүй юм байна гэдгийг харууллаа. УИХ-ын дарга гэдэг албан тушаал бол ганцхан М.Энхболдод зориулсан эрх мэдэл бус, төрийн мэдлийн эрх мэдэл мөн гэдгийг Баттулга төрийн тэргүүний хувьд мэдээгүй гэвэл худлаа.

Монголын төрийг намын шийдвэрээр удирдах явдлыг 90 оны ардчилсан хувьсгалаар халсан юм. Түүнээс хойш намын шийдвэрээр төрийн хэргийг удирдах гэсэн завхруулга намуудын зүгээс л олонтоо гарч байсан. Хэдий тийм боловч чухам төрийн тэргүүн нь намын шийдвэрийг "ил барьж гүйсэн" тохиолдол ардчиллын үед хэзээ ч гарч байгаагүй! 

Гэтэл, Ерөнхийлөгч Баттулга Ардын Намын дарга Хүрэлсүхийн "даалгавар"-аар хуулийн төсөл өргөн барилаа. Гайхмаар!

Ардын Намын, Удирдах Зөвлөлийн санал оруулснаар Бага хурал нь УИХ-ын даргыг чөлөөлөх тогтоолыг шинэ оны өмнөхөн гаргасан биз дээ?! Ардын Намын дарга Хүрэлсүх Засгийн газраа тэргүүлдэг биз дээ?! Засгийн газар хууль санаачлах эрхтэй биз дээ?! Хүсээд байгаа юм бол намын дарга Хүрэлсүх нь Засгийн газраараа УИХ-ын даргыг чөлөөлөх хууль санаачлан УИХ-д өргөн барих нь яасийн?! 

Тэгтэл, үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч төрийн тэргүүн Х.Баттулга маань нэг намын доторх хагарлаас үүдэлтэй улстөрийн шийдвэрийг адган шүүрч аваад өргөн бариад гүйчихлээ. Ардчилсан Намаасаа түдгэлзсэн Ерөнхийлөгч маань нөгөө намын ор хөнжилд шургаад орчихдог нь юу вэ?

Ардын Нам, журмын нөхөр Баттулгыг маань урвуулан ор хөнжлийнхөө явдалд оруулсанд миний бүр шар гозойж байна. Арай Хүрэлсүх, Энхболд нар Баттулгаар тоглоод байгаа юм биш биз дээ? Ерөнхийлөгч ингэж муухай доошоо орж тэнэгтсэнд итгэж ядаад байна шүү, би!

Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн. Улсын гадаад, дотоод бодлогыг чиглүүлэгч бодлогын хүн. Политик. Хуулиар бодлого явагддагийг мэдэх ч ёстой хүн.

Тэгвэл, УИХ-ын даргын албан тушаал буюу төрийн эрх мэдэлд зохих ёсны дархлааг хуулиар гаргаж өгсөн нь төрийн бодлого байсан юм. УИХ-ын даргыг олонхийн намын барьцаанаас хол байлгах бодлого барьсан юм. Олонхи хүссэнээрээ чөлөөлөөд байх юм бол УИХ-ын дарга нь олонхийн намын дарга болох Ерөнхий сайдын гарт орчихно. Тэгж болохгүй гэж үзсэн хэрэг.

Учир нь УИХ-ын дарга, Ерөнхий сайдын "гарын хүн" болчих юм бол; засаглалын тэнцвэр алдагдана, Засгийн газар УИХ-ын өмнө ажлаа хариуцах ёс алдагдаж УИХ нь Засгийн газрын өмнө ажлаа хариуцдаг инстүүц болно, УИХ дахь цөөнх олонхийн дарангуйлал дор орно (аягүйдвэл Ардчилсан Намын бүлэг байхгүй болно), УИХ-ын гишүүдийн хууль санаачлах эрхээ эдлэх эсэх нь Ерөнхий сайдын үзэмжийн хэрэг болно.

УИХ-ын дарга, Ерөнхий сайдын "гарын хүн" байх явдал нэг удаа тохиож байсан. 2000-2004 онд Ерөнхий сайд нь намын даргын хувиар УИХ-ын даргыг өөрийн гарын хүнээр тавьж, хүссэнээрээ удирдсан юм. Тэр үед УИХ-ын гишүүд хууль санаачлах эрхээ эдэлж чаддаггүй байсан. Ерөнхийлөгч Багабанди үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр байнга ганцаардаж, цөөнгүй удаа, төрийн тэргүүний үүргээ гүйцэтгэж чадаж байгаа эсэх нь асуудалтай харагддаг байсан. Үүнийг Ерөнхийлөгч Баттулга мэднэ дээ!

Төрийн тэргүүн Баттулга төрийнхөө нэг салаа мөчрийн "тушаал"-аар төрийнхөө нөгөө салаа мөчрийг хугалахаар гүйсэн явдал үнэхээр хачин. Ийм явдал төрд урьд нь ерөөсөө болж байгаагүй тул их гаж харагдаад байна.

Магадгүй, хоёулаа Путинг биширдэг үзэл санаа, түүн шиг болох хүсэл зоригоороо нэгдсэн юм болов уу? Гэтэл Монголд "Путин"-ы "орон тоо" нэг л байгаа шүү дээ! Тэр орон тоон дээр өрсөлдөхөд Хүрэлсүх л ялах магадлалтай билээ. Учир юу гэвэл Баттулгыг бодвол Хүрэлсүх хамаагүй илүү харизмтай юм байна. Хүрэлсүх, Баттулгын өөдөөс нь цэх харж сууж байгаад утга учиргүй "шударга ёс"-оор "шаахад" дийлнэ дөө. Хүрэлсүх, Уго Чавест ч мөчөөгөө өгөхөөргүй мундаг популист болохыг бид нийтээрээ харсан.

Ерөнхийлөгч Баттулгын доош орсон саяны үйлдлээс харахад маш айхтар, санаа зовоосон үр дагавар гарах гэж байна.

Монголын ардчилал нь Ардчилсан Нам, Ардын нам гэдэг хоорондоо ач тач үзсэн хоёр том нам дээр л тогтож үлдлээ. Ардчилал нийгмийн үнэт зүйл байж чадахгүй болсон. Эвийг нь олсон этгээд Мадуро шиг, чадвал Ким Чен Ун мэт дарангуйлагч болоход амархан болсон. 

Үүнийг Хүрэлсүх гадарлажээ! Тэгээд Ардын Намыг эзлэн дарангуйлахын зэрэгцээ Ардчилсан Намыг "зайлуулах"-аар зэхэж байна. Өөрийн гарын УИХ-ын даргатай болоодохвол эхний ээлжинд УИХ дахь Ардчилсан Намын бүлгийг үгүй хийнэ. Дараагийн ээлжинд шүүхийн эрх мэдлийг гартаа авах замаар Ардчилсан Намын улстөрийн эрхийг хяналтандаа авна. Энэ бол Турк, Унгар, Польшид хэрэгжиж буй дарангуйлал руу шилжих улстөрийн үлгэр жишээ болсон технологи юм.

Ардчилсан Нам нурвал Монголын ардчилал устана. Талаар нэг тарсан жижиг намууд юу ч болохгүй. Хүрэлсүхээс айгаад тарж алга болно. Тэсэх ч үгүй.

Олон түмнийг дагуулахад амархан. Хэдэн том баячуудын хөрөнгийг хураахад нэжигнэтэл алга ташина. Хөрөнгө оруулалт дайжиж хөрөнгө хомсдоход дараагийн ээлжийнхнийг хураана. Бас л алга ташуулна. Хүн өөрийнх нь хөрөнгийг хураах хүртэл бусдын хөрөнгийг хурааж буйд бах нь ханадаг бололтой.

Дарангуйлагч, эдийн засагтаа дарангуйлал тогтоож чадахгүй бол угаасаа дарангуйлал нь тэсдэггүй юм. Мөнгөгүй дарангуйлагч гэж хаа ч байхгүй. Тийм учраас л аливаа дарангуйлагч нар иргэдийнхээ өмчийг хураан нийгэмчлэх , үгүй дээ хяналтандаа авна. Улстөрийн дарангуйлал нь эдийн засгийн дарангуйлалд зайлшгүй хүрдэг юм шүү!

Хүрэлсүх дарангуйлал руу явах тооцоог аль хэдийн хийжээ. Ардчилсан Намыг улстөрийн тавцангаас арчина, ингэхийн зэрэгцээ хөрөнгө оруулагчдын бизнесийн эрхийг цуцалж, хувийн өмчийг нийгэмчилж ард олныг дагуулна гэж тооцжээ. Ерөнхийлөгч түүнд туслахнээ.

Ерөнхийлөгч Баттулга, Ерөнхий сайд Хүрэлсүхийг доргиож ашиглаад байна гэж гадуур цуураад байсан юм. Эсрэгээрээ, Ерөнхий сайд Хүрэлсүхэд Ерөнхийлөгч маань үйлчилж байгаа нь тодорхой боллоо.

Х.Баттулга, Монгол Улсын төрийн тэргүүн шүү дээ! Яаж чадаж байна аа!

Э.Бат-Үүл

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол