📅

МАН-гаруудаа М.Энхболдтойгоо хамт огцор

🕔 2019/01/07 13:44

МАН-гарууд энэ төрийг самарч дуусах нь ээ. Намаа цэвэрлэнэ гэх нэрийн дор угаадастайгаа бүгд хутгалдчихаад, түүнээсээ гарах гэж тамаа цайж байгааг харах гутамшигтай байна. УИХ-ын гишүүдээ хоёр хуваачихаад, нам дотроо фракц үүсгээд, талцаж хуваагдаад ч бие биенээ дийлэхээсээ өнгөрөв бололтой.

Угаасаа бүгд адилхан юм хойно хэн нь хэнийгээ дийлэх билээ дээ. Өөрсдөө хүртэл нэг хэсэг нь ЖДҮ-чин, нөгөө хэсэг нь “60 тэрбумынхан” гээд хүлээн зөвшөөрчихсөн шүү дээ. Төрийн түшээд нь намаараа хуваагддаг байсан бол одоо бүр УИХ, Засгийн газар нь дотроо идсэн ууснаараа ялгарч, эрх баригч намынхан бүлгийн хуралдаанаа хүртэл хоёр тусдаа хийдэг болов.

Эхэндээ улстөрийн салбарт хийж байгаа тэдний “зодоон”-ыг хараад хамаг юм нь илчлэгдээд, сонирхолтой байлаа. Одоо бүр сонирхол татахаасаа өнгөрөв бололтой. Тэднийг харж, сонсохоос залхаж байна. Хагарсан шаазан эвлэдэггүй шиг тэд учраа олохоосоо өнгөрчихжээ.

Хамгийн харамсалтай. Төрийн бүхийл ажил тэдний идсэн уусан хэрүүлийн цаана гацчихаад байна. Хэлэлцэх асуудал, хийх ажил мундахгүй байхад энэ заваан хэрүүлээ одоо өндөрлөх болсон баймаар юм. Гэтэл эвлэрдэггүй ч үгүй, асуудал хэн нэгнийх нь талд шийдэгддэг ч үгүй байсаар бараг сар гарангийн нүүр үзлээ.

Хэн нь ч хэнийгээ дийлэхээргүй бохир заваан “тулаан” үзэхийг хүсэхгүй байгаа тул одоо УИХ-ын даргаа Төрийн ордноос чирч гаргаад, өөрсдөө саналаа тарцгаа. Одоо ард түмэн үүнийг л хүсч байна.

Ард түмнээс олон олон боломжийг хулгайлсан. Эцэст нь биднийг туйлдтал нь битгий бухимдуул. Ууж идсэнийг чинь, хулгайлж луйвардсаныг чинь хангалттай сонслоо, харлаа, үзлээ. Одоо болно. Өөрсдөө УИХ-аа тараа.

mminfo.mn

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол