📅

Зориг эс хүрвэл ухаан эс хүрнэ...

🕔 2019/01/09 13:58

Бүх зүйлээс айхгүй гэдгээ тэрээр Төрийн сүлдний өмнө, УИХ-ын чуулганы хуралдааны индрээс хэлж байсан. Түүнд зориг байсан учраас Ж.Эрдэнэбатын Засгийн газрын шадар сайдын ажлыг өгөхөөр шийдсэн. Тэр хууль бус зүйлтэй эвлэрэхгүй гэдгээ илэрхийлсэн. Улмаар Ерөнхий сайд намайг тагнаж, чагнасан гэх үндэслэлээр шуугиан дэгдээж, хууль шүүхийн байгууллагынханыг хэсэгтээ л бужигнуулсан.

“У.Хүрэлсүх МАН –ын 65 гишүүнийг хоёр хуваачихсан. Одоо яаж нэгтгэхээ ярихгүй байна. Энэ хүн эв нэгдлийг хангаж чадахгүй байна. Бид энэ хүний Засгийн газарт хамтарч ажиллахгүй” хэмээн Ө.Энхтүвшин, Ц.Цогцолмаа, Ж.Бат-Эрдэнэ, Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат, Б.Чойжилсүрэн, С.Баямбацогт нарын 29 гишүүн бойкот зарлаж Ерөнхий сайдыг томилох чуулганы хуралдаанд суугаагүй бөгөөд хүчэй ээргүүцэж байсан. Гэтэл тэднийг ухаан зарж, албан тушаалын бялуу хүртээх тохироо хийж өөртөө нэгтгэж, удирдлагадаа авсан. Өчигдөр нь “Би шадар сайд болохгүй. Тийм тохироо хийхгүй” хэмээн ярьж байсан Ө.Энхтүвшин маргааш нь сайд болох гээд гүйж яваад Т.Аюурсайхан гишүүнд чихээ халууцтал загнуулсан удаатай. Түүнийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх Шадар сайдын сэнтий, Ж.Бат-Эрдэнэт Зам тээврийн сайд, Б.Батзоригт Хөдөө аж ахуй, Ц.Цогзолмаад Боловсрол, Н.Цэрэнбатад Байгаль орчин, Д.Бадельханд Барилга хот байгуулалтын яамдыг тус тус удирдуулж, эсрэг байсан хүмүүсээ Засгийн газрын бүрэлдэхүүнд багтаасан юм.

Ингэж явсаар 2018 оныг үдэв. Оны сүүлд мөнөөх МАН дахин хоёр хуваагдаж, УИХ-ын даргын тал, Ерөнхий сайдын тал болов. Энэ үед Ц.Цогзолмаа, Ж.Бат-Эрдэнэ хоёроос бусад нь У.Хүрэлсүхээс салахгүй ботлоо наалдаж, УИХ-ын чуулганыг бойкотлож яваа.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зоригийг олон зүйлээс харлаа... Зоригтой шийдэмгий байдлаараа тэр олон чухал шийдвэр гаргаж, үр дүнг мэдэрч байна. Үүнийх нь төлөө түүнд алга ташиж баяр хүргэе. Тэр зориглоогүй бол Монгол улс нефтийн хараат улс хэвээрээ байна. Тэр зориглоогүй бол Нийслэлчүүд өмхий үнэрээс салахгүй байсан. Тэр зориглож сайжруулсан түлшний үйлдвэр бариулах шийдвэр гаргаагүй бол утаагаар бизнес эрхлэгчид цангаа барих байлаа... Энэ бол Засгийн газрын мэргэн бодлого...

Одоо жаахан УХААН хэрэгтэй байна. Өөрийн байр сууриндаа хатуу байна гэдэг бол улстөрч хүний хувьд давуу тал. Гэхдээ өнөөгийн улстөрийн өнгө аяс бол үнэхээр ширүүн байна. Одоо жаахан ухаан зараад эв зүйг олчихвол У.Хүрэлсүх яг сүпермэн болчих гээд байна...

Даан ч цэргийн хүн өргөсөн тангарагаасаа няцаж болохгүй. Тэр тусмаа офицер хүн... Түүний энэ хатуу шийдвэр улстөрийн нөхцөл байдлыг улам хурцдуулж байгааг анхаарах хэрэгтэй... Эцэст хэлэхэд “Зориг эс хүрвэл, ухаан эс хүрнэ” гэж үгтэй юм.

З.Батхуяг

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол