📅

Зөрчлийн хууль ба уучлагдсан “Гахай”-нууд

🕔 2019/01/14 11:12

Жорж Орвэллийн “Амьтны ферм” гэж ном бий. Уг номоос үргэлж эшлэгддэг “Бүх амьтан тэгш эрхтэй, гэхдээ гахай арай илүү тэгш эрхтэй” гэсэн өгүүлбэр бий. Энэ номын энэ хэсэг л Монголын улстөрчдөд яг таараад байх шиг. Жишээ нь, жирийн иргэдэд олддоггүй ЖДҮ-гийн зээлийг тэд л авсан байдаг. Хуулийн өмнө очиж шалгуулах болохоороо халдашгүй бүрэн эрхийнхээ ард тэд л нуугддаг. Одоо бүр хуульд заасан хариуцлагаас “Уучлаарай” гэх ганц үгээр мултрах эрхийг УИХ-ын гишүүд өөрсдөдөө дархлаад авчихлаа. Зөрчлийн хуулиар жишээ татъя.

“Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хувь хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”

          Зөрчлийн тухай хуулийн 6.21-р зүйл

Хуулийн энэ заалтын дагуу фэйсбүүктээ пост бичсэн жирийн иргэн, УИХ-ын гишүүдийн талаар мэдээлэл бэлтгэсэн сэтгүүлчид гээд хүн бүр л 2 сая төгрөгийн торгууль хүлээж байна. Харин нэгнийгээ гүтгэсэн, нэр хүндэд нь халдсан, бүр эрүүгийн шинжтэй гэмт хэрэг үйлдсэн  УИХ-ын гишүүд болохоор “Уучлаарай” гэж хэлээд л бүх хариуцлагаас мултарч байна. Хуулийн биш юмаа гэхэд улс төрийн, ёс зүйн хариуцлага тооцох ёстой удирдах албан тушаалтан нь хүртэл ийм л шийтгэлийг УИХ-ын гишүүдэд ногдуулж байх юм. Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн эхлүүлсэн “Намын гишүүддээ хандаж дахин хэлэхэд зээлээ төлж, ард түмнээс уучлал гуйгаагүй нэг ч гишүүнийг дахин нэр дэвшүүлэхгүй” гэх уучлал гуйлгах аян одоо хүрээгээ тэлж, “Уучлаарай” гэх ганц үгээр бүх гэмт үйлдлээ хаацайлдаг боллоо, энэ улстөрчид. Хэдхэн жишээ дурдъя.

Төрийн тусгай хамгаалалтад, тэр тусмаа 1-р зэргийн хамгаалалтад байдаг УИХ-ын дарга М.Энхболдын өрөөнд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ёс бус авирласан, түүнийг дагаж УИХ-ын даргын өрөөнд орсон жагсагч УИХ-ын дарга руу дайрсан гэх мэдээлэл бий. Энэ бол хуулиараа эрүүгийн хариуцлага хүлээх ёстой хэрэг. УИХ-ын дарга гэдэг хүн хэн байхаас үл хамаарч энэ албан тушаалыг хашиж буй хэн рүү ч, хэн ч дайрах эрхгүй. Тэгвэл ийм үйлдэл гаргасан УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн баасан гаригт “Жагсаал болсон өдөр нөхцөл байдал үнэхээр хүнд байсан. Тэнд цугласан олныг хэрхэн тараахаа ч мэдэхгүй байсан. Тэр өдөр таны өрөөнд эвгүй үйлдэл гаргасан бол одоо танаас уулчлалт гуймаар байна” гэж хэлээд л өнгөрөв.

Өнгөрсөн баасан гаригийн шөнө Төрийн байгуулалтын байнгын хороон дээр өрнөсөн “Шөнө дундын уучлал”-ын хоёр дахь нь Лу.Болд. Тэрээр “Жагсаал болсон өдөр үнэхээр хүнд байсан. Тэнд хурсан олныг манай залуу гишүүд ухаалгаар тараасан. Тэр үед надад олон мэдээлэл ирсэн. Тэрэн дунд Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарын гишүүд цугларалт, дайралт  хийхээр бэлтгэж байна гэсэн мэдээлэл байсан. Манай зарим гишүүд дээр өөр гишүүдийн нэр ч орж ирсэн. Би Ж.Мөнхбат гишүүний нэрийг дурдаж мэдэгдэл хийсэн. Би тэр мэдээлэлд итгэхгүй байгаа. Үнэн нь тогтоогдоно. Би харин түрэгдэж, нотлогдоогүй байхад нь Ж.Мөнхбат гишүүний нэрийг дурдсандаа танаас уучлалт гуйж байна” гэж мэдэгдэв.

Мөн л тухайн өдөр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Л.Болд гишүүний эзэмшдэг “Богд” банк Хөгжлийн банкнаас 30.8 тэрбум төгрөгийг харилцах данс дээрээ шилжүүлж авсан гэдгийг би хэлсэн. Энэ мэдээлэл үнэн, худлаа юу гэдэг удахгүй тодорхой болно. Хэрвээ энэ мэдээлэл ташаа байсан бол энэ мэдээллийг хэлсэндээ танаас хүлцэл өчиж байна” гэж уучлал гуйв.  

Эндээс харахад УИХ-ын гишүүд хүний нэр хүндэд халддаг, баримтгүй мэдээллээр худал гүтгэдэг нь нэгэнт тодорхой болж байна. Хамгийн гол нь “Хүн гүтгэх нь өөрөө хууль бус” гэж Зөрчлийн хуулийг баталж, бусдыг 2 саяас 20 сая төгрөгөөр торгож байж өөрсдөө “Уучлал” гуйгаад л өнгөрч байна. Тэгээд ч зогсохгүй тэдний энэхүү нэгнээ гүтгэсэн мэдэгдлийг нь үүргээ гүйцэтгэж бусдад дамжуулсныхаа төлөө хэвлэл мэдээллийн байгууллагууд буруутаж байгаа нь тэгш эрх үү. Саяхан УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Т.Аюурсайхан гишүүн хууль бусаар алт ухдаг. Дүү нар нь хууль бусаар алт ухдаг” гэх үгийг чуулганы хуралдааны үеэр хэлж, үүнээс нь улбаалж нийтлэл бичсэн мэргэжлийн редакц буруутан болсон.

ЖДҮ-гээс зээл аваад “Уучлаарай”, нэгнийгээ гүтгээд “Уучлаарай” гэж хэлээд л хуулийн хариуцлагаас мултарч байна гэхээр УИХ-ын гишүүд үнэхээр “Амьтны ферм”-ын илүү эрхт гахайнууд  ажээ. “Уучлаарай” гэж хэлсэн болохоор, өөрсдийгөө “Уучлагдсан” гэж үзсэн учраас л тэд эрүүгийн хийгээд зөрчлийн хариуцлагаас мултарч чадаж байна шүү дээ. “Бүх амьтан тэгш эрхтэй, гэхдээ гахай арай илүү тэгш эрхтэй" гэж үнэн юм даа. 

Eagle.mn

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол