М.Энхболд: Намайг эхнэрийн минь хамтаар буудахаар төлөвлөж байгаа юм байна л даа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын болон Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн явцад гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй санааар санал хураалт явуулж, гишүүд үг хэлж, асуулт асуулаа. Энэ үеэр УИХ-ын дарга өөрийн байр суурийг илэрхийллээ.
УИХ-ЫН ДАРГА М.ЭНХБОЛД:
"Монгол Улс ардчилсан улс хэмээн дэлхий нийтэд зарласан шүү дээ. Бид хууль эрх зүйт төртэй улс. Гэтэл сүүлийн үед болж байгаа үйл явцыг хараад байхад "Хууль хэрэггүй" гэдэг үгийг дээр, дооргүй их ярьдаг болж. Энэ бол буруу. Өөрөөр хэлбэл, Монгол Улс дэлхийн тавцанд хэрхэн харагдах вэ гэдэгтэй шууд хамааралтай юм шүү. Төрийн өндөр алба хашиж байгаа, хууль тогтоох байгууллагад ард түмний мандатаар сонгогдсон УИХ-ын гишүүд хууль хэрэггүй гэж ярихаа зогсоох хэрэгтэй. Бүх асуудал хуулийн зохицуулалттай явах ёстой. Өнгөрсөн долоо хоногт М.Энхболдын эрхийг түдгэлзүүлэх асуудлыг оруулаад ирээч гэж нэг хүн дуугарч байхад өчигдөр хууль хяналтын байгууллага дээр 60 тэрбумтай холбоотой гишүүдийг түдгэлзүүлээч гэж ярьж байх жишээний.
Ер нь намайг гэр бүлийн хүнтэй хамт буудахаар болж байгаа юм байна. Улстөрийн үйл ажиллагаанд маань огт оролцож байгаагүй. Архины зөвшөөрлийг миний эхнэр биш Ц.Нямдоржийн авгай олгодог байсан. Андуураад байгаа бололтой. Намайг дагаж, хотын захиргаанд шинэ жилээр л ганц ордог байсан хүн. Ж.Батзандангийн тухай үг хэлье. Ж.Батзандан хамгийн том дуугарч, шүдэнз зурдаг. Тийм мөртлөө асуудал үүсэхээр гараад зугтчихдаг, ийм л хүн.
Манай намын байшинг шатаалцаж явсан хүн. Одоо 2020 онд манай намаас дэвшинэ гээд явж байж ч мэдэх хүн гэв. Ингээд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүллээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 18:00 цагт товлогдсон юм. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Г.Жаргалмаа