📅

УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар огцруулах хуулиудыг баталлаа

🕔 2019/01/18 12:29

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Тус хуулийн хэрэгжих хугацааг нэгдүгээр сарын 25-наас хэрэгжүүлэхийг гишүүдийн олонх дэмжсэн юм. Хуралдааны үеэр гишүүд асуулт асууж, үг хэлсэн юм.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: УИХ-ын удирдлага өөрчлөгддөг, чөлөөлөгддөг, гишүүдийн олонх нь тэгж үзэж байвал чөлөөлөгддөг байх ёстой. УИХ-ын даргыг өөрчлөх нь УИХ дархлаагүй болж байгаа юм шиг яриад байх юм. Гэтэл УИХ-ын дарга иснтутиц биш. УИХ-ын тамгын газар УИХ-ын газрын тамгын газар шиг ажилладаг болсон. УИХ-ын тамгын газрын дарга нь УИХ-ын дарга нь инстутц мөн гэж ярьдаг болсон. УИХ-ын дарга бол зүгээр л хурал удирддаг хүн. Дэд дарга нь ч удирдаад л явдаг. Үүнд төрийн дархлаа сулраад, тогтворгүй байдал үүсээд байгаа юм байхгүй. УИХ-ын даргыг чөлөөлснөөр гишүүд төрийн эрхийг хууль бусаар авах гэж байна гэж хэлж байна. энэ хууль батлагдаад хэрэгжээд явах байх. Дараа дараагийн УИХ-ын гишүүн хэн ч байсан хариуцлага хүлээгээд л явах ёстой.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: нэгдүгээр хэлэлцүүлгийн үед зөндөө асуултад хариулсан. Киргиз УИХ-ын даргын дархлааг нэлээд сайн зааж өгсөн. Манайд Их хурлын хууль, Дэгийн хуулиар зохицуулж өгсөн. УИХ-ын дарга бол Ерөнхийлөгчийн түр эзгүйд орлодог, УАБЗ-ийн гишүү, Монголбанк, Аудитын удирдлагыг их хуралд оруулдаг. АТГ-ын даргыг УИХ-ын дарга томилдоггүй. Манай их хурлын дарга бусад улс орны дарга нараас арай өөр. Хууль тогтоох дээд байгууллага гэж их ярих юм. Монголд хуульд тогтоох ганцхан байгууллага бий. Үүний тэргүүн гэж явна. Харин цаашид спекрийнхээ шинжлийг олбол энэ спекр нь төвийг сахисан, нам бус, санал хуралд оролцдоггүй горим руу орох байх. Эцсийн хэлэлцүүлэг дээр үзэл баримтлалын шинжтэй асуултад хариулах нь ямар байдаг юм бол.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Хууль санаачлахгүйгээр явах боломжгүй. Гадаа 50 мянган хүн жагссан нь худлаа юм байналээ. Цагдаагийн байгууллага бүртгээд байсан юм байна. Сэтгэлийн хөөрлөөр төрийн эрх мэдлийг явуулж болохгүй. Хууль тогтоох засаглалыг Дэгийн хуулиар шийдэх эрхтэй Ерөнхийлөгчтэй болсон. нэг гишүүн сайдад хариуцлага тооцох асуудлыг Цэц хүчингүй болгосон. Яагаад 2,3, 19 гишүүн нэг сайдтай хариуцлага тооцож болдоггүй юм. Өнөөдөр хэн чанга ярьсандаа биш хэн үнэн ярьсныг нь цаг хугацаа тогтооно. АТГ-ын даргыг, УИХ-ын даргыг та нар л тавьсан. 65-уулаа орж ирээд “дарга минь та УИХ-ын дарга болоорой, Ерөнхийлөгч болоорой” гэж мэдэгдэл хийж байсан. Гэтэл одоо жил гаруй хугацаа үлдээд байхад энэ хүн болохоо байчихлаа гэх юм. Энэ хуулиа хурдан батлаад цагаан сараас өмнө асуудлаа шийдээд явмаар байна.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Д.Лүндээжанцан гишүүн УИХ-ын даргыг спикер гэдэг албан тушаалаасаа хальсан гэдгийг саяхнаас яриад байна. УИХ-ын даргыг өөрчлөх асуудал шийдэгдээд М.Энхболд даргыг солилоо гээд төрийн хүч сулрахгүй. УИХ-ын даргын албан тушаал бол төгс спекр биш институц гэдэг хэв шинж хадгалагдаж ирсэн. Энэ институц хэв шинжээс нь салгая. Их хурлаас томилох байгууллагын дарга нарын нэрийг Их хурлын дарга оруулж ирдэг, хууль хяналтын байгууллагын дарга нарын мэдээллийг хэзээ сонсохыг Их хурлын дарга шийддэг. УИХ-ын дарга өөрчлөгдөнө. Институц гэж шүүмжлүүлээд байгаа гажуудлыг засах хуулийн төсөл танай байнгын хорооноос өргөн барих уу. Энэ парламент Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэх үү?

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Хууль бол эцсийн хэлэлцүүлгийн шатандаа очсон байгаа. Үзэл баримтлал ярих үедээ энэ асуудлуудаа яримаар байгаа юм. Тогтолцооны хувьд инерц байлгүй яах вэ дээ. 70 жил явсан тогтолцооны инерц байна шүү дээ. Би 1978 оноос хөрөнгөтөн орнуудын эрх зүй гэдэг хичээл үзээд, заагаад явсан. Энэ асуудалд маш ул суурьтай хандах хэрэгтэй. Улс орнууд 20 гаруй жил ярьж байж л ганц хоёр өөрчлөлт хийдэг юм билээ. Манайх бол арай хурдан явахгүй бол болохгүй юм билээ. Төрийн байгуулалтын байнгын хороо дангаараа шийдчихдэг юм биш. Органик хуулиуддаа өөрчлөлт оруулах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Энэ хуулийг батлах гэж олон өдөр, шөнө гишүүд хэрэлдсэн. Уг нь хууль нь байгаа юм. Энэ хуулийг батлахгүйгээр УИХ-ын дарга өөрөө өргөдлөө өгөх боломжтой. Аргаа ядаад Ерөнхийлөгч энэ хуулийг оруулж ирсэн. Албан тушаалаас болоод авгай хүүхдээсээ салаад яах вэ гэж сонгогчид маань дамжуулж байна. ахмадууд их санаа зовж байна шүү. Энэ хууль бол УИХ-ын дотоод асуудлын тухай хууль. Дотоод асуудлаа шийдэж чадахгүй 40 хонож байна. Манай дарга юу гэж бодож байгааг би мэдэхгүй байна. Монголоо бодож байгаа бол өөрөө өргөдлөө өгөх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн М.Энхболд: Батзандан гишүүн миний гэр бүлийн амьдрал руу дэндүү орж ирж байна шүү. Та хоёр өдөр ярилаа. Та Сүхбаатар аймагт нэр дэвшиж үзсэн юм уу. Ер нь та Сүхбаатар аймагт хэдэн удаа очсон юм бэ. Энэ хавиараа л амиа аргацаадаг биз дээ. Таныг бодвол би Сүхбаатар аймагт очиход хэдэн уяачидтайгаа ярьж сууж байгаад гараад ирнэ. Та юм эхлүүлчихээд зугтаадаг нь үнэн шүү. Үнэн юм хэлэхээр ингэж хүн рүү дайрч байдаг. Арай дэндүү дээрэлхэж байна шүү Батзандан гуай.

Л.Одончимэг

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол