📅

Тонхил сумын удирдлагууд хоёр жилийн ажлаа шинэлгээр тайлагнажээ

🕔 2019/01/23 09:14

Билгийн тооллын XVII жарны шарагчин гахай жилийн сар шинийн босгон дээр Говь-Алтай аймгийн Тонхил сумын удирдлагууд 2016-2018 онд хийж, хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний тайлангаа зурагт сэтгүүл болгон эмхэтгэж, сумынхаа өрх бүхэнд хүргээд байна. Хэн хүнгүй хийснээ дүгнэж, хийхээ төлөвлөдөг нь хоёр оны зааг үе байдаг. Улс, аймаг, сумын аварга малчид, тариаланчид тодорч, шагналаа гардах энэ өдрүүдэд тонхилчууд хэлэлцэх сонин ихтэй байна. 

Тонхил сумын Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд 5 бүлгийн 21 зорилтын 221 арга хэмжээ тусгагдсанаас 2018 оны эцсийн байдлаар 81.3 хувийн гүйцэтгэлтэй байгааг дурдаж, эдгээр зорилтын хүрээнд хийсэн ажлуудаа нэгбүрчлэн танилцуулжээ. 

Мөн ИТХ-ын эрх хэмжээний хүрээнд болон Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлууд, Тонхил сумын уугуул, суугуул иргэд, тэдний төрөл төрөгсөд, хамт олны санаачилга, дэмжлэгээр хийгдсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, нийгмийн хариуцлагын ажлуудыг тусгайлан дурдаж, талархал илэрхийлсэн байна. Тухайлбал, 2018 онд баригдсан Сумын ёслол хүндэтгэлийн өргөө болон Нэрт яруу найрагч Тоомойн Очирхүүгийн “Аргамжааны чулуу” шүлгийн хөшөө, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, тууварчин Н.Жигж агсаны хөшөө сүндэрлэн боссон нь сум, сууриндаа өнгө нэмсэн гэжээ.

 

2018 онд тонхилчууд 12098 толгой адуу, 533 толгой тэмээ, 4960 толгой үхэр, 108662 толгой хонь, 106402 толгой ямаа тоолуулж, энэ түүхэн амжилтаа бататган “Түмэн адуу, буман хонь, буман ямаа”-ны баяр наадмыг зохион байгуулсан билээ. Дашрамд дурдахад, Тонхил сумынхан анх 1981 онд буман хонь, 2008 онд буман хонь, буман ямаа тоолуулж, эл түүхэн баярыг гурвантаа тэмдэглээд буй юм. Сэтгүүлд тус баярт хандив өргөсөн иргэд, байгууллагын орлого, зарлагын тайланг оруулсан нь олон нийтэд ил тод байдлыг бий болгожээ.

 

 

Govialtai.mn

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол