📅

“Дайн”-ыг үл дэвэргэх даргын эрэлд

🕔 2019/01/31 14:57

Цагаан сараас өмнө УИХ-ыг даргатай болгоно. М.Энхболдыг УИХ-ын даргаас яаран яаран чөлөөлсөн хийгээд уламжлал, бэлгэдлээ бодсон ч дараагийн хүнийг томилох ажилд бүр ч шамдах учиртай, хугацаа алга. Тиймээс ч “урвуулагч” хэмээх шороон гахай жилийн хаврын тэргүүн сарын шинийн дөрвөн буюу ирэх сарын наймны баасан гаргийн ажлын өдрийг нөгөөдөр буюу хоёрны бямба гарагт шилжүүлэн, улс даяараа ажиллахаар боллоо. Сар шинийн баяраас урьтаж УИХ дараагийн даргаа сонгоход үндсэндээ өнөөдөр, маргааш, нөгөөдөр, битүүний өдөр л байна. Парламентад 65 гишүүнтэй МАН-ынхан хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдгээ шийдчихвэл энэ хэдхэн хоногт сонгож цөхөх зүйлгүй. Гэвч хугацаа тулах тусам энэ албанд горилогчийн тоо цөөрч, тунах бус, бүр нэмэгдэв. Дараагийн дарга хэн бэ.

УИХ-ын даргад нэр дэвшигчийг тодруулж, зарлах Удирдах зөвлөл өчигдөр хуралдана гэж байсан ч болсонгүй. Эрх баригчид ойлголцож, саналаа нэгтгэж чадахгүй байгаа нь илт, энэ албанд горилж, зүтгүүлж буй хүн даанч олон аж. Гэхдээ нас, туршлага, “60 тэрбум”-ынхан, “ЖДҮ-чид” гэж нэршлээр эрс ялгагдах болсон талуудын алинд нь хамаарах вэ гэх зэргийг нь харгалзвал горилогчдын жагсаалт нэлээд цэгцтэй харагдана.

Ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан УИХ-ын анхдугаар чуулганыг хамгийн ахмад гишүүн удирддаг. Өөрөөр хэлбэл, УИХ-ын даргад нас болон хэдэн удаа сонгогдсон гэх шалгуурыг хуульчлан тавьдаггүй ч залуу, “шинэков”-уудаас санал болгохоос зайлсхийж буй юм билээ. М.Энхболдоос УИХ-ын даргын тамга хүлээж аваад буй дэд дарга Л.Энх-Амгаланг давын өмнө санал болгоогүй нь түүний парламент дахь туршлагатай холбоотой бололтой. Тэрбээр сүүлийн хоёр удаагийн УИХ-д сонгогдон ажиллаж байгаа юм.

Тиймээс ч байнгын ажиллагаатай парламентад тасралтгүй сууж байгаа Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж болон УИХ-д таван удаа сонгогдсон Н.Энхболд, Ө.Энхтүвшин нарын нэр нэлээд эртнээс дуулдсан. Ө.Энхтүвшингээс бусдад нь УИХ-ын дарга, дэд даргаар ажилласан туршлага ч бий. Гэхдээ УИХ-ыг удирдаж байхдаа “хууль зассан” гэгдэж, Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр албан тушаалаасаа буусан Ц.Нямдорж, салбарт нь үүссэн асуудал, хугацаат цэрэг амиа алдсан хэрэгтэй холбоотойгоор Батлан хамгаалахын сайд гэсэн давхар “дээл”-ээ тайлах ёстой гэх шаардлага, шүүмжлэлтэй нүүр тулж буй Н.Энхболд хоёр жагсаалтаас хэдийн хасагдсан сурагтай. Хэл ам, шүүмжлэл дагуулаад байхааргүй нэгнийг нэр дэвшүүлэх нь Ардын намын ч, У.Хүрэлсүхийн нэр хүндэд нэн тустай. Эрх баригчдын өөр хоорондоо өрнүүлсэн цусгүй тулааны үеэр хэнийг нь ч илт дэмжиж, намба алдаагүй, төвийг сахиж чадсан Д.Лүндээжанцан гишүүний өөрийн хүслийг нь үл харгалзан, “өргөж авчраад” суулгачихаж мэдэхээр байгаа гэсэн шүү. Харин нас хийгээд туршлагадаа итгэж, өрөөлөөс илүү өөрийгөө сойж байгаа Ө.Энхтүвшин гишүүн аль аль талд дэмжлэггүй нэгэн. Энэ ч үүднээс М.Энхболдыг буулгахад идэвхийлэн зүтгэсэн ч гэлээ Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ нарыг “горилогч” гэж хараад хэрэггүй биз. УИХ-ын даргад тэгтлээ санаархаж, зүтгэх нь тэднийг гоё харагдуулахгүйг ч өөрсдөө мэдэж байгаа нь лав.

Дөрвөн удаа сонгогдсоны хувьд С.Батболд гишүүний талаар нэлээд тогтож ярилцаж буй бололтой. Аль нэг талыг улайран хамгаалдаггүй, төвийг сахисан гэхээс илүүтэй “бөөрөнхий” тайлбартай байж мэдэх түүнийг УИХ-ын даргаар сонговол хуралдаа тогтмол сууж, “хэлд орох”-оос өөр аргагүй. “Оффшор бүсэд данстай” хэмээн шүүмжлүүлж явсан түүнд одоо “дунджийг барьж” чадна гэж найдлага тавьж байж мэдэх.

Ер нь харьцангуй залуу ч хэд хэд сонгогдчихсон гишүүддээ итгэл хүлээлгээд үзвэл ямар вэ гэдэгт талууд тэгтлээ санал зөрөлдөхгүй байгаа юм билээ. Тэр дундаа С.Бямбацогт нэлээд дээгүүр “давхиж” байгаа гэнэ. Сүүлийн гурван удаагийн парламентад суугаа тэрбээр өнгөрсөн УИХ-д 26 гишүүнтэй сөрөг хүчнийг амжилттай удирдаж, зангидаж чадсан хэмээн үнэлэгддэг. Үнэндээ үнэмлэхүй олонх бүхий өнөөгийн парламентад 65 гишүүнтэй олонхын бүлгээ л удирдаж чадвал УИХ-ыг зангидчихна гэсэн үг. Харамсалтай нь, Ардын нам, УИХ дахь намын бүлгийнхний ан цав дэндүү гүнзгийрч, хагарсан. Тиймээс ч түүний бүлэг удирдаж байсан туршлагыг нь зүтгүүлж буй хүмүүс нь ихэд онцолж байгаа гэнэ. Мөн намын эв нэгдлийг хангуулахын тулд хоёр талаас ажлын хэсэг байгуулсан энэ үед 2016 оны сонгуулиар дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, үзэл баримтлал төдийгүй Монгол Улсыг 2030 он хүртэл хөгжүүлэх бодлогын баримт бичгийг боловсруулах ажлын хэсгийг ахалж ажилласан гэдгийг нь илүүтэй онцолж буй юм байна. С.Бямбацогтыг дэмжиж, санал болгож буй хүмүүс тодорхой. Ж.Эрдэнэбатын Засгийн газарт Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан тэрбээр намын одоогийн удирдлага, өнөөгийн засаг, төрийн үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж, М.Энхболдыг чөлөөлснөөр асуудал шийдэгдэхгүй гэдэг байр суурь илэрхийлж ирсэн. ЖДҮХС-гаас зээл авсан албан тушаалтнуудын ёс зүйг хэлэлцэхийн тулд дэд хороогоо хуралдуулах гэж нэлээд гүйсэн нэгэн.

Одоо Ардын намын бүлгийг удирдаж байгаа Д.Тогтохсүрэн гишүүний нэр хөндөгдсөн ч энэ парламентад тэр “шинэков”. Тэгээд ч бүлэг удирдаад удаагүй. Д.Тогтохсүрэнг нэр дэвшүүлэхдээ тулбал дахин нэг томилгоо хийх шаардлага үүснэ. Түүнээс өмнө олонхын бүлгийг удирдаж байсан Д.Хаянхярвааг УИХ-ын даргад нэр дэвшүүлэхээр шантаажилж байгаа талаар Ж.Батзандан нарын гишүүн хөндсөн даруйд тэрбээр дээрх мэдээллийг үгүйсгэсэн. Нэр дэвшүүлэх санал тавьсан ч татгалзахаа мэдэгдсэн. Гэхдээ гурав дахь парламентынхаа нүүрийг үзэж буй Д.Хаянхярвааг УИХ-д зүтгүүлэх тухай яриа огт оргүй биш байсан сурагтай.

Сонгогдсон тоо, насаар нь жишвэл С.Бямбацогттой эн зэрэгцэх хүн энэ парламентад нэг бус. Тухайлбал, Г.Занданшатар гишүүнийг нэрлэсэн ч Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын давхар “дээл” нь асуудал болж буй бололтой. Түүнийг УИХ-ын даргаар сонголоо гэхэд Засгийн газарт дахин томилгоо хийхээр буй нь хойш тавих шалтгаан болж байгаа гэнэ. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ч гурав дахиа сонгогдон ажиллаж буй. Засгийн газраар ар талаа хийж буй У.Хүрэлсүхийн зүгээс нэр дэвшүүлэх гэсэн хүмүүсийн нэлээд нь давхар “дээл”-тэй байгаа нь төвөг удаж буй гэхэд болно.

Хэдийгээр давхар “дээл”-гүй ч УИХ-д тасралтгүй гурав дахиа сонгогдсон гишүүн бол Ж.Энхбаяр. Гэхдээ тэр ЖДҮХС-гаас зээл авсан албан тушаалтнуудын нэг хэмээн цоллуулж буй. Нийгмийг бухимдуулж, намыг нь талцуулсан энэ дуулианд улайм цайм холбогдсон түүнийг УИХ-д зүтгүүлэх чин хүсэл У.Хүрэлсүхэд байлаа ч ажил хэрэг болгож түвдэхгүй л болов уу. Учир нь тэр энэ тохиолдолд муухай харагдахаа маш сайн мэдэж байгаа.

Юутай ч үлдсэн богино хугацаанд Ардын намынхныг аятайхан аваад явчих, төрийн ажлыг гацаалгүй үргэлжлүүлэх хүнд УИХ-ыг даатгаж чадвал эрх баригчдад ашигтай. Зөв харж инээн, буруу харж уйлж байгаад ч болов талууд ойлголцохыг хичээх нь лавтай. Тиймээс ч УИХ-ын даргын төлөөх энэ удаагийн марафонд ийм имиж бүхий гишүүд өнгөлж байх шиг. Учир нь УИХ-ын даргын суудлыг тун хэврэг болгочихсон.

Б. Номин

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол