📅

У.Хүрэлсүх+Г.Занданшатар

🕔 2019/02/01 16:45

УИХ-ын даргаа огцруулах гэж 70 гаруй хоног нанчилдсан МАН дараагийн даргыг гэрэлийн хурдаар тодруулж чадав. Ийн түргэвчилсэн нь Цагаан сарын өмнө шинэ даргатай болсон байх гэсэн билэгдлийн шинж чанартай шалтгаан гэхээсээ илүүтэй М.Энхболдыг огцруулах үйл явц удаан үргэлжилснийхээ хэрээг удаахь эзнийг нь тодруулах бэлэн хувилбар, тохиролцоо байсных ч байж болох юм. Гэхдээ Ц.Энхтүвшин, Ц.Нямдорж гэх мэтчилэн олон хувилбарууд таамаг мэт яригдаж, эхнээсээ хүмүүс талцаж маргалдаж байсныг бодоход Г.Занданшатар хэмээх хувилбарыг чимээгүйхэн мөртлөө эргэлзээгүйгээр гаргаж тавилаа. Магадгүй ямарваа нэг албан тушаалын томилгооны өмнө санаатай, санамсаргүй “бор шувуу” нисгэдэг. Эсвэл зүгээр л зарим нь өөрсдөө “мөрөөдөөд” “бор шувуу” болон нисчихдэг тохиолдлуудын ч нэрс явж байсан байх. Тийм болохоор Ц.Нямдорж УИХ-ын дарга болж чадаагүйдээ хөмхий зуун шаралхаж байгаа талаар, Г.Занданшатар дарга болсондоо баярын нулимс унагах биш ядарсандаа л нүд чийгтсэн тухай яриа бол зүгээр л зугаа ч байж болох.
Гэхдээ логикоор бодох юм бол У.Хүрэлсүхийн хувьд энэ хамгийн боломжит хувилбар байсан байх. Засгийн газрынхаа баруун гарыг УИХ-ын даргаар томилуулчихлаа. Одоо түүнийг “сандаргах” хүч УИХ-д байхгүй мэт. Нөгөө талаасаа М.Энхболдын фракцийнханд өөрийнхөө “сүр хүч”-ийг ч үзүүлж байгаа мэт.
Дээр нь Г.Занданшатар түүнтэй сүүлийн арав гаруй жил “нөхөрлөж” байгаа найз нь. Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин нарын хашир бурхинууд “эвгүй”. Басхүү Г.Занданшатарын парламентад 3 дахь удаагаа сонгогдсон, Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан, Стэнфорд төгссөн гээд “цэмцгэр” намтар түүхтэй, харьцангуй залуу, имиж ч эвтэйхэн, саяхан тусгай албаныхантай хувийн компани руу дайрч хүчийг үзүүлснийг эс тооцвол. Коммунист гэмээр энэ үйлдэл нь гэхдээ хангалттай фенүүдтэй байсан л даа.
Ийн нэг хэсэг дэнжигнэж ч магадгүй байсан У.Хүрэлсүх өөрийнхөө хүчийг зузаалж байгаа дүр зураг харагдаж байна. Одоохондоо Ерөнхийлөгч Х.Баттулга ч түүнийг дэмжиж байгаа. Гэвч цаашид хэрхэхийг цаг хугацаа харуулна биз. Жич:Цагаан сарын баярын үеэр түр намжих магадлалтай ч ЖДҮ-гийн үр урхагийг унхаж төнхөх, хариуцлага тооцох олон нийтийн шаардлага, тэмцэл эрч харилгүй үргэлжлэх болтугай. 
Infomongol.mn

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол