📅

Хот хоорондын нийтийн тээврийн зорчих тасалбарыг хаанаас ч авах бүрэн боломжтой боллоо

🕔 2019/02/01 18:38

Хот хоорондын нийтийн тээврийн зорчих тасалбарыг хаанаас ч авах бүрэн боломжтой боллоо

 

Автотээврийн үндэсний төвийн хот хоорондын зорчигч тээврийн Төв, Дундговь, Өмнөговь чиглэлийн тээвэрлэлтийн үйл ажиллагаа энэ сарын 20-ны өдрөөс ХУД-т байрлах Лавай төвөөс үйлчлэх болсон билээ. Тус төвд Автотээврийн үйлчилгээ үзүүлэх шинэ төв нээгдсэнээс гадна Улаанбаатар хотод үйлчилгээ явуулж буй 32 томоохон төвд тасалбар түгээх шинэ систем нэвтрүүлж байгаа талаарх таницуулга, нээлтийн арга хэмжээ өнөөдөр зохион байгуулагдлаа.

Энэхүү арга хэмжээнд ЗТХЯ, АТҮТ-ийн удирдлагууд тээвэрлэгч аж ахуй нэгжүүд, тээврийн салбарынхан болон иргэд, үйлчлүүлэгчид оролцлоо.

Улаанбаатар хотод байрлалтай Сонгинохайрхан, Баянзүрх зорчигч тээврийн төвийн ачаалал болон замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, аюулгүй байдлыг хангах, иргэдэд түргэн шуурхай, ая тухтай үйлчлэх нөхцөлийг сайжруулах, ойртуулах зорилгоор хот хоорондын зорчигч тээврийн “Лавай” автобуудлыг ийнхүү байгуулаад байна.  Ингэснээр тус чиглэлд үйлчилж буй автобуснууд хот доторх замын түгжрэлд саатахгүй, тээвэрлэлтийн хугацааг багасгах боломж бүрдэж байгаа талаар албаныхан хэллээ.

Шинэ авто буудал нь MNS  6300:2011 стандартын дагуу баригдсан, явах зорчигчийн тусгай танхимтай, жолоочийн амрах хэсэг, хүүхэд асрах зориулалтын өрөөтэй, иргэдэд үзүүлэх авто тээврийн үйлчилгээг олон улсын стандартын дагуу хүргэх боломжийг бүрдүүлж буйгаараа  онцлогтой юм.

Мөн тус арга хэмжээний үеэр Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Зам тээврийн хөгжлийн сайдын 2016 оны 110-р тушаалаар “Улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний тасалбар борлуулах үйл ажиллагааг цахимжуулах үүргийг АТҮТ-д үүрэг болгосны дагуу “Гэрэгэ системс” ХХК-тай хамтран тасалбар түгээх цахим машин болох “Гэрэгэ” Киоскыг нэвтрүүлж эхэлжээ.

Тус тасалбар түгээх цахим машиныг нэвтрүүлснээр хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээний зорчих тасалбарыг иргэд Улаанбаатар хотын томоохон худалдаа үйлчилгээний 32 цэгээс өөрт ойрхон байрлалаас ямар нэгэн шимтгэл хураамжгүйгээр хүссэн цагтаа худалдан авахаас гадна тээврийн хэрэгслийн татвар болон торгуулиа төлөх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа аж. Түүнчлэн “Гэрэгэ” гар утасны апплейкшн программыг нэвтрүүлж байгаа бөгөөд иргэд тус гар утасны апплейкшныг ашиглан хот хоорондын нийтийн тээврийн зорчих тасалбарыг өөрийн хүссэн газраасаа гар утсаа ашиглан захиалж авах бүрэн боломжтой болж байна. “Гэрэгэ” аппликейшны Автобус цэс рүү орж явах чиглэл сонгож, суудлаа идэвхжүүлээд, төлбөрөө онлайнаар төлж, шууд тасалбараа захиалан баталгаажуулах бөгөөд гар утсандаа ирсэн QR кодыг тасалбар шалгагчид шалгуулан зорчих юм.

Тус үйлдвэрийн газрын захирал П.Дэлгэрнаран “Тээврийн салбарыг цахимжуулах, үйлчилгээг хөнгөвчлөх, эдийн засагт хэмнэлттэй байдлаар зохицуулж зохион байгуулах энэхүү ажил манай автотээврийн салбарт томоохон ажлын эхлэл болж байна. Мөн иргэд зорчигчиддоо үзүүлж буй үйлчилгээг стандартад нийцсэн автобуудлаар дамжуулан манай хамт олон хүргэхээр ажилласан нь ийнхүү биеллээ олоод байна.Цаашид автотээврийн салбарыг цахимжуулах, ухаалагжуулах ажил хүрээгээ улам тэлж, өргөжин бусад салбаруудтайгаа билет бичилтээ нэгтгэн зохион байгуулахаар ажиллаж байна. Жишээлбэл, Дундговь-Улаанбаатар-Сэлэнгэ чиглэлд зорчих иргэн билет бичилтээ нэгдсэн байдлаар захиалах боломжийг бид хамтран бүрдүүлэх юм. Ингэхдээ Дундговь-Улаанбаатар чиглэлд автобусаар, Улаанбаатар-Сэлэнгэ чиглэлд төмөр замаар зорчихдоо билетээ нэг захиалгаар шийдэх боломж бүрдэнэ гэсэн үг” хэмээн арга хэмжээний үеэр онцоллоо.

 

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол