📅

Х.Баттулга энэ цагийн Геростат уу?

🕔 2019/03/29 11:13

Манай тооллоос 256 жилийн өмнө Эфис хотын иргэн Геростат Артимедагийн сүмийг шатаажээ. Тэр энэ үйлдлээ “Хойч үедээ нэрээ үлдээхийн тулд” хэмээн тайлбарласан байна. Түүнд цаазын ял оноож, “Галзуу Геростатын нэрийг бүү дурс” хэмээн зарлигдаж Грек даяар элч заран 10 жил түгээсэн боловч түүнээс хойш 2271 жил өнгөрөхөд түүний нэр мартагдаагүйгээр барахгүй даган дууриагчдыг араасаа дагуулжээ. Тэдний нэг нь манай “Женко” байж ч магад...

Өчигдөр орой УДШ-ийн Ерөнхий шүүгч Ц.Зориг өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ. Харин УЕП Л.Энх-Амгаланг албан тушаалаас нь чөлөөлсөн байна. Үүний өмнөх өдөр УИХ Шүүгчийн эрх зүйн байдлын тухай болон Прокорорын тухай, Авлигын эсрэг хуулиудад өөрчлөлт оруулж АТГ, прокурорын удирдлага, бүх шатны шүүгчдийг ҮАБЗ-өөс зөвлөмж гаргаснаар хугацаанаас нь чөлөөлж, огцруулдаг болсон юм. Хууль батлагдсан өдрөөсөө эхлэн хэрэгжиж эхэлсэн нь тэр.

Гэхдээ нэг гэм нь ҮАБЗ ямар үндэслэл, шалтгаанаар тэднийг чөлөөлөх, огцруулах зөвлөмж гаргаж болохыг хуульд заагаагүй байдаг юм. Ерөнхийлөгчийн оруулж ирсэн төслийг УИХ-ын Байнгын хороон дээр засч залруулах (ядаж тодорхой үндэслэл зааж чөлөөлж, огцруулдаг байх) гэж зарим гишүүд үзсэн боловч Байнгын хорооноос оруулсан саналыг Чуулганы хуралдаан дээр унагасан байдаг юм. ЖДҮ-гийн хэргээр АТГ-т шалгагдаж байгаа 69 төрийн өндөр албан тушаалтны 49 нь УИХ-ын гишүүн байгаа цагт хэн хэний эсрэг юу дуугарна гэж?

Зээлээр барьцаалагдаагүй цөөхөн хэдэн гишүүн “Энэ үйлдэл чинь Үндсэн хуульт ёсонд харшлаад байна аа. Хуулийн байгууллага бүхлээрээ гуравхүн хүний эрхшээлд орлоо шүү. Ядаж одоо албан тушаал хашиж байгаа хэдэн хүнийг чөлөөлөх нэг удаагийн зохицуулалттай хууль баталья” гэж хичнээн хэлсэн ч хүлээж аваагүй. Үг хэлсэн нөхдийг Хууль зүйн сайд Ц.Нямдорж “Аа та нар эрүү шүүлтийг дэмжээд байна уу” хэмээн загнаж, хөмхийгөө зууж байгаад санал хураалгана лээ. Чуулганыг завсарлуулж байгаад С.Зоригийн хэрэгт яллагдсан хоёр хүнд эрүү шүүлт тулгасан бичлэгийг гишүүдэд үзүүлсэн нь ч гэсэн “Та нарыг ч гэсэн ийм хувь заяа хүлээж байгаа шүү” гэсэн анхааруулга болсон байх.

Бичлэг үзсэн гишүүд “Аймшигтай хэрцгийгээр эрүүдэн шүүсэн байна. Даралт ихтэй хүн үзвэл гарч ирэхгүй юм байна” хэмээн гарч ирцгээсэн нь ч гэсэн хэний төлөө тэгтлээ айж сандарсан нь бараг л тодорхой л доо. Харин эрүү шүүлтийн тухайд бол “ХЭҮК байгуулагдсан цагаас хойш 17 жилд 17 илтгэл бичсэний 13-т нь “Эрүүдэн шүүх явдал байсаар байна. Энэ асуудлаа болиулаач ээ” гэж У8ИХ, Прокурорын байгууллагад танилцуулсан. Нэг ч удаа хариу өгөөгүй” тухай комиссийн гишүүд өчигдөр мэдээлэл хийсэн.

Яг үнэндээ бол Ц.Нямдорж сайд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан хорих өрөөнд эрүү шүүлт явуулсан тухай УИХ, Байнгын хорооны хуралдаан дээр өөрийн амаар хэлсэн. Эрүүдэн шүүсэн этгээд нь ч, эрүү шүүлт явуулсан газар нь ч Ц.Нямдорж сайдын харьяаных. Одоо хүртэл тэр хүн ажлаа хийгээд явж байгаа нь ч гэсэн сайдын буруу. Үүний төлөө сайд нь өөрөө ажлаа өгөх ёстой байтал аюулгүйн зөвлөлөөр оруулж ирээд асуудлыг өөр тийш нь мушгиж байгаа нь Х.Тэмүүжин сайд асны хэлсэнчлэн “ямаа яриад тэмээ хулгайлж буй” хэрэг юм.

Өчигдөр Нээлттэй нийгэм хүрээлэнгээс зохион байгуулсан “Шүүхийн хараат бус байдал” хэлэлцүүлэг дээр “Оюуны инноваци” ТББ-аас танилцуулсан судалгаагаар 2013 онд Шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулсны дараа 50 гаруй шүүгчийг харьяаллыг нь өөрчилж, өөр шүүхүүд рүү шилжүүлсний 13 нь захиргааны хэргийн шүүгч нар байж. Тэднийг өөрт нь мэдэгдэлгүйгээр нэг өглөө тушаал гаргаад орон нутаг руу цөлчихсөн. Ингэхдээ захиргааны хэргийн шүүгчийг эрүү, иргэний хэргийн шүүхүүд рүү шилжүүлсэн байдаг юм байна. Энэ тухайн үедээ “Шүүхийн хараат бус байдалд халдсан анхны том тохиолдол боллоо” гэгдэж байв.

Учир нь 2012 онд батлагдсан Шүүхийн тухай хуульд УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж нарын санаачилгаар өөрчлөлт оруулж, ШЕЗ-ийн таван гишүүнийг Ерөнхийлөгч батламжилдаг болгосон юм. Ингэснээр ШЕЗ-өөс гаргадаг бүх шийдвэр тухайн үеийн Ерөнхийлөгчийн хараа хяналт дор хийгддэг болсон гэсэн үг. Одоо Х.Баттулга нарын “Элбэгдоржийн шүүгч” гэж ад үзээд байдаг нь ийм учиртай.

Харин сая баталсан шинэ хуулиар Х.Баттулгатан ёстой нэг “нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” гэдэг боллоо. Урьд нь ядаж л “хуульд заасан үндэслэлээр” шүүгчдийг чөлөөлж огцруулдаг байсан юм. Товчхондоо шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх явцад үйлдэгддэг гэмт хэргийг “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг” гэж нэрлээд,

-Эрүү шүүлт хэрэглэсэн

-Нотлох баримт устгасан

-Гэрч, хохирогч, хэлмэрчид хөндлөнгөөс нөлөөлсөн хэргийг нь цагдаагийн байгууллага,

-Хахууль авах

-Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах

-Үндэслэлгүйгээр хөрөнгөжих хэргүүдийг АТГ харьяаллын дагуу шалгах хуультай.

Энэ утгаараа одоо хэрэг нь шалгагдаж байгаа гээд байгаа найман шүүгчийн асуудал хуулийн дагуу шалгаад шийдвэрлэчих ёстой асуудал байв. Шүүгийн эрхийг нь түдгэлзүүлж байгаад шалгаад гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдвол чөлөөлөөд, хариуцлагыг нь үүрүүлээд, гэмт хэрэг үйлдээгүй бол шүүгчийн эрхийг нь сэргээгээд явчих хуультай. Тэгэхээр З.Энхболд даргын хэлсэн “Хуулийн ямар ч гарц гаргалгаагүй болсон учраас ийм арга хэмжээ авлаа” гэсэн хоосон үг юм. Өөрөөр хэлбэл асуудал “цүүндээ биш байжээ” л гэсэн үг.

Хоёрдугаарт Монгол Улсын Үндсэн хуулийн 49-р зүйлд “Шүүгч хараат бус байж, зөвхөн хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн ч бай шүүгчийн шүүн таслах үйл ажиллагаагаа явуулахад хөнлөнгөөс нөлөөлөх эрхгүй”,

51-р зүйлд “Үндсэн хууль, шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу огцруулах, эсвэл хүсэлтээр нь чөлөөлөхөөс бусад тохиолдолд аль ч шатны шүүхийн шүүгчийг огцруулахыг хориглоно” гээд заачихсан. Тэгэхээр “ҮАБЗ-ийн зөвлөмж гаргаснаар огцруулж, чөлөөлнө” гэсэн энэ хуулийн заалт Үндсэн хуулийн зөрчил рүү явлаа гэдэг хуульчдын үг оргүй биш.

Үүнээс илүү хамгийн том аюул нь ҮАБЗ-ийн гурван гишүүн нийлээд хууль, шүүхийн байгууллагын удирдлагуудыг хүссэн үедээ огцруулж, чөлөөлөхөөр болсон нь өмнө нь “улс төрөөс хараат байна, бүлэглэлд үйлчилж байна” гэж шүүмжлэгдэж ирсэн хууль шүүхийн байгууллагыг жинхэнээсээ энэ гурван хүний “бууны нохой” болгож байна. Цаашлаад Үндсэн хуулиар тогтоосон (хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл) засаглалын тогтолцоогоо бүр мөсөн нураагаад “Аюулгүйн зөвлөл” гэдэг гэдэг нэрийн дор гуравхан хүний гарт хийчихлээ.

Б.Сэмүүн

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол