📅

Ж.Эрхэмбаатар: Хууль шүүх завхарсаныг тус салбарыг 20 жил удирдсан Ц.Нямдорж сайдаас асуу!

🕔 2019/04/01 18:18

Сүүлийн 30 жилд хамгийн олон удаа, хамгийн удаан хугацаагаар Хууль Зүй Дотоод Хэргийн сайдаар хэн ажиллав? Өнөөдөр шүүх, хууль, хүчний байгууллагыг хамгийн ихээр хэн шүүмжилж байна ? Нэг л хүн шүү дээ. Нямдорж сайд. Бичлэг үзчихээд, -"Үгээр илэрхийлэхийн арга алга. Арай дэндүү". С.Зоригийн хэргийг үйлдсэн хэргээр яллагдсан Содномдоржаа, Чимгээ нарыг хорих ангид хэрхэн сэтгэл зүйгээр нь тоглон дарамталж, доромжилж байсан тухай 26 минутын бичлэгийг үзээд төрийн түшээ Ө.Энхтүвшин ингэж хэлсэн. Энэ үйлдэл болсон газар нь ХЗДХ-ийн сайдын мэдэлд оршдог байгууллага. Тэгвэл ХЗДХ-ийн сайдаар хамгийн олон удаа, хамгийн удаан ажилласан Ц.Нямдоржоос өөрөөс нь энэхүү бусармаг үйлдлийг асуух ёстой биш үү? Гэтэл, -Намайг сайд байх үед тийм зүйл огт байгаагүй. Намайг явснаас хойш тийм зүйл гарсан байна. Намайг сайдаар томилогдоод ирсэн чинь ингэж завхарчихаж гэж тайлбар хэлж суух хүн Нямдорж мөн үү? гэж хуульч Ж.Эрхэмбаатар ТМ телевизийн "Комментатор форум" нэвтрүүлэгт оролцохдоо онцолсон. Тэгвэл түүний үед ч гэсэн "асуудал" үүссэнийг сануулахад илүүдэхгүй.

Тухайлбал, сар хүрэхгүй хугацааны өмнө, гавьяат хуульч эмэгтэйг 461-ээр ангид сэжигтэнээр хорих хугацаанд тэр эмэгтэй амиа алдсан. 48 цагийн хугацаагаар саатуулагдаж, гуравхан цагийн дараа суллагдахаа мэдэж байсан, хуулийг хэнээс ч дутуугүй мэдэх тэр хуульчийг хөхөвчнийхээ даруулгаар амиа хорлосон байдалтайгаар олдсон гэж мэдээлээд л орхисон. Гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд нь гомдлоо илэрхийлээд л хоцорсон. Хүний эрхийн үндэсний комисст хандаж, энэ асуудлын үнэ мөнийг олоод өгөөч гэж ч хандсан байдаг. Мөн л таг чиг. Тэр байгууллагыг Нямдоржтой хамт УИХ-д олон жил мөр зэрэгцэн суусан Бямбадорж удирддаг. Тэд хүний амь үнэтэй гэдгийг мэдэх учиртай л хүмүүс. Гэтэл хамгийн түрүүнд өөрсдийнхээ суудлыг засаж, бусад руу шороо цацаж байх жишээтэй. Сайдын албан үүрэг дээрээ байгаа учраас л Нямдорж, 461 хорихын хэдэн байцаагчийг албан тушаалаас нь бууруулаад, ШШГЕГ-ын даргыг нь үүрэгт ажлаас нь чөлөөлөөд л өнгөрсөн. Сайд өөрөө албан тушаалаасаа хөдлөөгүй.

Хөгжил өндөртэй улс орны, ёс суртахуун өндөртэй хүний сайдын албан тушаалаасаа сайн дураараа л татгалздаг жишиг үйлчилсэнгүй. - Эрүүдэн шүүлт 2014 оноос дэлгэрсэн. Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгаснаар эрүүдэн шүүх нөхцөл бүрдсэн. Эрүүдэн шүүлтийг эсэргүүцэж холбогдох олон байгууллагад албан тоот илгээж байсан. Хариу өгдөггүй. Ганцхан удаа л бичгийн хариу авсан гэж ХЭҮК-ын дарга Бямбадорж ч өөрийгээ зөвтгөсөн мэдээлэл хийсэн. Тэгэхээр сүүлийн 6 жил эрүүдэн шүүх нөхцөл бүрдсэнийг Бямбадорж мэдэж байсан ч, энэ асуудлаар хуулиа барьж л "ажиллажээ" янз, түүний өөрийнх нь мэдээллээр. Сэрэмжийн харанга, хэнгэрэг дэлдсэнгүй. Хүний эрхийг дээдлэх, шударга ёсыг сахиулах харуул манааны оргилд заларч буй "ХОЁР ДОРЖ" ийм л байр суурьтай хүмүүс аж. Тухайн салбарын удирдлага хариуцлагаа хэр ухамсарлаж буйгаас цаашдын нь төлөв харагддаг гэдэг. Энэ хоёрыг харвал асуудал дээрдэх янзгүй. Тэр хоёр энхийн цагаан тагтаа, бусад нь хар хэрээ юм болов уу?

Комментатор Ц.Энхбат

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол