📅

НАЙР НААДМАА ӨНДӨРЛӨЖ, НАМРЫН АЖИЛДАА ОРЪЁ

🕔 2017/07/17 09:06

НАЙР НААДМАА ӨНДӨРЛӨЖ, НАМРЫН АЖИЛДАА ОРЪЁ

Наадмын маргааш намар гэж нэг үг бий. Эртнээс уламжилж ирсэн энэ үг зүгээр ч нэг гараагүй биз ээ. Хөхөөн дуу ойртсоныг илтгэх энэ үгийг дахин дахин хэлмээр байна. Намрын ажил нуруун дээр ирлээ, одоо найр наадмаа өндөрлөе.

Яах вэ, өвөлжин, хаваржин ажилласан хүмүүс зуны налгар цагт зугаалан, Үндэсний уламжлалт найр наадмаа тэмдэглэх нь зүйн хэрэг. Гэхдээ найр наадмаа өндөрлөх цаг аль хэдийнэ болжээ. Баяр наадам хэмээн хөл алдаж байх хооронд Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал сумдад тус бүр гурав, Хүдэр суманд хоёр, Төв аймгийн Батсүмбэр суманд дөрвөн түймэр, нийтдээ 12 түймэр гарчээ.

Одоогийн байдлаар гурван түймрийг цурманд оруулж, есөн түймэр асч байгаа талаар Онцгой байдлын албаны сайтад мэдээлж байгаа билээ. Түүнээс гадна Онцгой байдлын газраас хориглосоор байхад түймэртэй ч нүүр тулж үзээгүй залуус сэтгэл хөдлөлдөө автан галын голомтод очиж, өөрсдийн биеэр туслахаар явсан. Харамсалтай нь тэдний зарим нь угаартаж, бүр модонд хүртэл даруулсан гэх мэдээлэл байна.

Түймрийн талаар анхны ч мэдэгдэхүүн байхгүй залуус дарь нь дээр давс гэгчээр онцгойгийн алба хаагчдад ёстой л нэрмээс болж байгаа аж. Иргэд хэцүү цагт эх орныхоо төлөө сэтгэл гарган нэгдэж, тусламжийн гараа сунгаж буй нь сайхан хэрэг. Гэхдээ түймэр гарч байгаа газар очиж, амь насаа эрсдэлд оруулах нь мэргэжлийн хүмүүст улам л төвөг удахын нэмэр. Уг нь онцгой байдлынхан гал унтраах гэж ирээд угаартаж, бэртэж, гэмтсэн иргэдтэй зууралдаж байхын оронд түймрээ жаахан ч гэсэн унтрааж байвал сайнсан.

Тэглээ ч ОБЕГ-аас одоогийн байдлаар хүн хүч дутагдаагүй, шаардлагатай тохиолдолд Зэвсэгт хүчний анги нэгтгэлийг дайчилна хэмээн мэдэгдсэн. Тиймээс найр наадмаа өндөрлөж, ядаж л эхний удаад түймрийг унтраах арга хэмжээ авбал дээрсэн. Харин дараагийн ээлжинд биднийг хахир өвлийг өнөтэй давах хадлан бордоогоо бэлтгэх, улсын нөөцийн санг бүрдүүлэх гээд том ажил хүлээж байна.

Хатуухан өвөлтэй нүүр тулдаг манайх шиг орон эртхэн л хадлан бордоогоо нөөцлөхгүй бол хөхөө өвлийн зуданд хамаг малаа алдаад дуусна. Түүнээс гадна нийслэлчүүдэд дулаан, эрчим хүчээ нөөцлөх, түлээ түлшээ бэлтгэх зэрэг багагүй ажил бий.

Энэ их ажил улсын баяр наадам, түүний араас үргэлжлэх аймаг, сумын наадмын тоосонд дарагдаж, мартагдах нь. Дээдэс, доодосгүй энд тэнд сайхан аялж, зугаалсан зургаа цахим ертөнцөд гайхуулж, энэ зуны наадам сайхан болж буйг шагшицгааж байна. Арга ч үгүй биз, Ерөнхийлөгчийн сонгуульд ээрэгдэн удаан хүлээлгэсэн наадам юм хойно сүржин тэмдэглэх нь мэдээжийн хэрэг. Гэхдээ намрын налгар өдрүүд наашилж эхэллээ. Нэг л мэдэхэд өвөл хаяанд ирчихнэ.

Жил бүрийн өвөл хэдэн малчид нь өвс, тэжээлгүй хэмээн гадна, дотноос тусламж, дэмжлэг гуйж зогсдог увайгүй суртлыг арилгах цаг болсон баймаарсан. Эрт цагт хүн бүр эрхэлсэн ажилдаа үнэнч хандаж, хадлан тэжээлдээ эртлэн гардаг байсан. Нэг үгээр хэлбэл, найр наадмаа ч, ажил үйлсээ ч сайн хийж чаддаг байж. Орчин цагт энэ сайхан уламжлал алдагдаж, найр наадам эхлэхээр хэзээ дуусахаа мэдэгдэхгүй, нэг л амар амгалан хүмүүс байх болжээ. Аливаа зүйл хэмжээ хязгаартай байхдаа сайхан. Ихдэх эсвэл багадвал ямар нэгэн балаг тарьдаг жамтай. Тиймээс дахин хэлье. Наадмын маргааш намар. Тиймээс намаржин хавтгайрдаг найр наадмаа өндөрлөж, хахир өвөлдөө бэлдэцгээе.

Монголын мэдээ
Н.Батзаяа

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол