Путин, Си Жиньпин, Меркель нар Японы шинэ эзэн хаанд баярын цахилгаан илгээжээ
Япон улсын шинэ эзэн хаан Нарүхитод хаан ширээнд заларсантай нь холбогдуулан ОХУ, БНХАУ болон Герман улсын удирдагчид баярын цахилгаан илгээжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Японы шинэ эзэн хаанд баяр хүргэхдээ, хоёр орны харилцаа сүүлийн жилүүдэд ихээхэн хөгжсөнийг дурдаад, Москва болон Токио улс төрийн үр дүнтэй яриа хэлэлцээ хийж, бүс нутгийн болон дэлхийн дахинд тулгамдсан асуудлуудыг шийдэхэд хамтран ажилладаг гэдгийг онцолжээ. Путины баярын цахилгааныг Кремлийн цахим хуудсанд нийтэлсэн байна.
Германы Канцлер Ангела Меркель баярын цахилгаандаа Берлин болон Токиогийн харилцаа гүнзгийрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. "Герман улсад танд дахин баяр хүргэхдээ баяртай байх болно" гэж Меркелийн мэндчилгээнд дурдсан байна. Токиод илгээсэн Меркелийн баярын цахилгааныг Германы Засгийн газрын цахим хуудсанд нийтэлжээ. “БНХАУ болон Япон улс нь хөрш орнууд бөгөөд манай хоёр орны найрсаг харилцаа олон жилийн түүхтэй билээ. Талууд хоёр талын харилцааны гэрэлт ирээдүйн төлөө хамтдаа хүчин чармайлт тавих ёстой” гэж БНХАУ-ын дарга баярын цахилгаандаа онцлон тэмдэглэлээ гэж Синьхуа агентлаг мэдээлсэн байна. Нас дээр гарч, эрүүл мэнд доройтсон учир төрийн үйл хэрэгт оролцож чадахгүй боллоо гэх шалтгаанаар хаан ширээнээс буух хүсэлтэй байгаагаа Японы эзэн хаан Акихито 2016 онд мэдэгдсэн билээ. Эзэн хааныг зөвхөн таалал төгссөний дараа хаан ширээг угсаа залгамжлах хунтайжид шилжүүлэн өгнө гэж хааны гэр бүлийн тухай хууль болон Үндсэн хуульд заасан байдаг аж. Үүнтэй холбоотойгоор шинжээчид, хууль тогтоогчид эзэн хааны хүсэлтийг биелүүлэхийн тулд хууль эрх зүйн үндэслэлийг бий болгоход гурав орчим жилийн хугацаа зарцуулжээ. Японы эзэн хаан Акихитогийн хаан ширээнээс буух ёслол дөрөвдүгээр сарын 30-нд болсон юм. Энэ өдрийн шөнө дунд Хэйсэйн эрин дуусаж, шинэ эзэн хааны Рэйвагийн эрин эхэлжээ.
Д.Жаргал