Жамаа дагасан үнэ
Ашигт малтмал, газрын тосны газрын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр “Дэлхийн зах зээлд нефтийн үнэ өсөж байгаа. Үнийг дагаад ОХУ манайд нийлүүлэх шатахууныхаа хилийн үнийг нэмж байна. Ийм шалтгаанаар импортлогчид шатахууныхаа үнийг өсгөлөө. Үүнийг бид бодит нөхцөл гэж хүлээж авах ёстой” гэж ярьсан. Шатахууны үнэ өссөний дараа бодит байсан, зохиомлоор өсгөсөн гэсэн маргаан гардаг.
Тэгвэл энэ удаад бодлого боловсруулагчид бензиний үнийн өсөлтийг хүлээн зөвшөөрчээ. Иргэд ч уужуу тайван хүлээн авч байгаа нь мэдрэгдэж байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар дэлхийн зах зээлд газрын тосны үнэ хямдарвал импортлогчид үнээ буулгах ёстой, харин өсвөл нэмж болно гэсэн бодлого баримталж буй. Тэгэхээр дэлхийн зах зээлд “хар алт”-ны ханш хэрхэн хэлбэлзэхээс шалтгаалж, манайд шатахууны үнэ өгсөж, уруудах нь.
Өмнө нь Монголбанкны Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд шатахууны үнийг тогтвортой байлгах бодлого баримталж байсан. Уг хөтөлбөрийн хүрээнд бензиний үнийг хямд байлгахын тулд дэлхийн зах зээлд газрын тосны үнэ өсвөл импортлогчдод зах зээлийнхээс доогуур үнээр ам.доллар нийлүүлж, бага хүүтэй зээл олгож байв. Тэгвэл Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг зогсоосноор шатахууны үнийг зах зээлийн жамаар нь тогтоодог болоод буй. Импортлогчдын олонх үнийг зохицуулахгүй, зах зээлд нь даатгах хэрэгтэй гэж үздэг. Тэдний хүсэл төрийн бодлоготой ч нийцжээ.
Шатахууны үнэ өнгөрсөн онд огцом өссөн. Тухайлбал, суудлын тэрэгтэй хүмүүсийн өргөн хэрэглэдэг Аи-92 төрлийн бензиний үнэ гэхэд Улаанбаатарт литр нь 1980 төгрөгт хүрсэн юм. Энэ бол дэлхийн зах зээлд түүхий тосны үнэ өссөнөөс шалтгаалсан үйл явц. Газрын тосны үнэ 2017 оны сүүлчийн хагасаас аажмаар өсөж эхэлсэн. Тухайн жилийн зургадугаар сард баррель газрын тос 46 ам.долларын үнэтэй байлаа. Тэгвэл өнгөрсөн оны аравдугаар сард брент төрлийн баррель газрын тосны үнэ 81.75 ам.долларт хүрсэн.
Нефтийн ханшийн өсөлтийг дагаад ОХУ манайд нийлүүлэх шатахууныхаа хилийн үнийг ч дээшлүүлэв. Статистикаас харахад, Аи-92 төрлийн тонн бензиний хилийн үнэ 2017 оны долдугаар сард 541 ам.доллар байжээ. Тэгвэл өнгөрсөн оны аравдугаар сард 766 “ногоон”-д хүрсэн. Жил гаруйн хугацаанд энэ төрлийн тонн шатахууны хилийн үнэ 225 ам.доллароор нэмэгдсэн хэсэг үг. Бусад төрлийн шатахууны хилийн үнэ ч өссөн. Тухайлбал, дизелийн түлшний хилийн үнэ өнгөрсөн жилийн аравдугаар сард 788 “ногоон”-д хүрэв. Энэ нь жил гаруй өмнөхөөсөө 313 ам.доллароор өссөн үзүүлэлт. Ийм шалтгаанаар литр шатахууны үнэ өнгөрсөн оны сүүлчээр 200-300 орчим төгрөгөөр нэмэгдсэн юм.
Тэгвэл хоёр оны зааг үеэс шатахууны үнэ буцаад буурсныг уншигчид санаж буй. Саяхныг болтол Аи-92 төрлийн литр шатахууныг станцууд 1735-1750 төгрөгөөр борлуулж байлаа. Үнэ ингэж буурсан нь бас л дэлхийн зах зээл дэх газрын тосны ханшийн хэлбэлзэлтэй холбоотой. Олон улсын зах зээлд нефтийн үнэ өнгөрсөн оны аравдугаар сараас хойш огцом “гулсан” баррель газрын тосны үнэ 81.75 ам.долларт хүрснийг дээр дурдсан. Тэгвэл энэ оны нэгдүгээр сард газрын тосны үнэ 60 “ногоон”-д хүртэл уруудсан юм.
Өөрөөр хэлбэл, нефтийн үнэ 21 ам.доллароор доошилсон хэрэг. Үүнээс шалтгаалаад ОХУ манайд нийлүүлэх шатахууныхаа хилийн үнээ бууруулах нь тодорхой. Угаас дэлхийн зах зээл дэх газрын тосны ханштай харьцуулж, үнэ тогтоодог учраас тэр. Аи-92 төрлийн бензиний хилийн үнэ өнгөрсөн нэгдүгээр сард 531, дизелийн түлшнийх 599 ам.доллар болж хямдарсан юм. Аи-92-ын хилийн үнэ 2017 оны зургадугаар сарынхаас 10 “ногоон”-оор буурсан байгаа биз. Тиймээс л жижиглэн худалдах үнэ нь өмнөхтэйгөө ойролцоо болж хямдарсан. Харин дизелийн түлшний хилийн үнэ өссөн хэмжээгээрээ буураагүй. Өвлийн дизелийн түлш арай өндөр үнэтэй байдаг учраас төдийлөн доошлуулаагүй болов уу.
Газрын тосны үнийн уналт удаан үргэлжилсэнгүй, буцаад өслөө. “Хар алт”-ны үнэ өдгөө 74 ам.долларт хүрч, ерөнхийдөө 10 “ногоон”-оор өсөөд байна. Тиймээс ОХУ шатахууныхаа хилийн үнийг нэмэх нь мэдээж. Хойд хөршийнхөн хоёрдугаар сараас хойш дизелийн түлшний хилийн үнийг 65, бүх төрлийн шатахууныхыг 164 ам.доллароор өсгөөд буй юм. Хилийн үнийг дагаад манай импортлогчид шатахууныхаа үнийг өнгөрсөн сард хоёр удаа “дээшлүүллээ”.
Шатахууны үнийг өнгөрсөн сарын эхээр 45-50 төгрөгөөр нэмсэн. Тэгвэл сарын төгсгөлд 75-100 төгрөгөөр өсгөв. Улаанбаатарын шатахуун түгээх станцууд Аи-92 төрлийн литр шатахууныг 1860, Аи-95-ыг 2290, дизелийн түлшийг 2370 орчим төгрөгөөр борлуулж эхэллээ. Ийнхүү шатахууны үнэ өнгөрсөн сард 120-150 төгрөгөөр нэмэгдэв.
“Голомт” банкны ахлах дилер Г.Мөнх-Эрдэнэ хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Трамп Иранд тавьсан хоригоо өмнө нь зөөллөсөн. Одоо буцаагаад хатууруулчихлаа. Си Зиньпин, Трамп нар гадаад худалдааны маргаандаа шийдэлд хүрлээ гэж зарлаад байна. Тэгэхээр дэлхийн эдийн засгийн өсөлт эргэн тогтворжих, түүнийг дагаад нефтийн эрэлт нэмэгдэх нөхцөл үүслээ. Газрын тосны үнэ энэ жил лав буурах боломж харагдахгүй байна. Өсөх таамаг давамгайлаад эхэллээ” гэж ярьжээ.
Ашигт малтмал, газрын тосны газрынхан ч “хар алт”-ны үнийг цаашид өсөх магадлалтай байгааг анхааруулж буй. Түүхий тосны үнэ өсвөл манай улсын шатахуун импортлох хилийн үнэ өснө. Дагаад шатахууны үнийг дахиад нэмэх асуудал хөндөгдөнө. Тэгэхээр бензиний үнэ дахиад ч өсөж мэдэх нь. Шатахууны үнэ дэлхийн зах зээл дэх газрын тосны ханш, түүнтэй харьцуулж тогтоодог хилийн үнэтэй ямар хамааралтайгаар өсөж, буурч буйг тайлбарлалаа. Эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэр дээр үнэ тогтдог эдийн засгийн хуультай. Газрын тосны үнэ эдийн засгийн хуулийн дагуу тогтож байгаа. Тэгэхээр манайд шатахууны үнэ нефтийн ханшийг даган хэлбэлзэж буй нь зах зээлийн жамаа дагасан хэрэг юм.
Т.Энхбат
Эх сурвалж: Өнөөдөр сонин