Сүрлэг Алтай нутгийн шинэ аваргууд “Түмний манлай”-д хүч үзэв
Говь-Алтай аймгийн "Хантайшир” бөхийн дэвжээнээс аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран Алтай нутгийн бөхчүүдийн залгамж үеийг тодруулан шалгаруулж, тэднийг их спортын төрлүүдээр өндөр түвшний дасгалжуулагч нартай хичээллүүлж, улс, тив дэлхий, олимпийн аварга болон хөгжүүлэх зорилготой "Түмний манлай” үндэсний бөхийн барилдааныг Говь-Алтай аймгийн бүх сум даяар зохион байгууллаа.
Тус арга хэмжээг Улаанбаатар хотоос Улс, аймгийн алдар цолтой нутгийн бөхчүүд сумаа хариуцан оролцжээ. Улсын гарьд Н.Ганбаатар, "Хантайшир” дэвжээний гүйцэтгэх захирал Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, Улсын заан Б.Соронзонболд, дэвжээний ерөнхий дасгалжуулагч улсын начин С.Багахүү, зөвлөх дасгалжуулагч улсын начин Д.Бадрах дэвжээний менежер М.Батбаяр нар зохион байгуулсан байна.
Улаанбаатар хотоос дээрх бөхчүүд болон Улсын өсөх идэр начин Л.Цэрэнтогтох, Улсын начин Ц.Энхжаргал, Гансүх, Б.Хишигбаатар зэрэг Улс аймгийн алдар цолтой бөхчүүд хүрэлцэн иржээ.
"Түмний манлай” үндэсний бөхийн барилдаан тавдугаар сарын 6-ны өдөр Говь-Алтай аймгийн бүх сум, сургуулиудад эхэлж шалгаруулалт хийгдсэн бол энэ сарын 8-ны өдөр Алтай хотноо шигшээ барилдаан амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Сумдын шалгаруулалтыг тухайн сумаас төрөн гарсан аймаг, улсын алдар цолтой бөхчүүд удирдан зохион байгуулж, шалгарсан тамирчин сурагчдын эцэг эхчүүдтэй уулзалт хийж, Өсвөрийн шигшээ багийн ажиллах зарчим, ирээдүйн зорилго боломж, ач холбогдол, багш дасгалжуулагчдын талаарх мэдээлэл хийж шалгарсан хүүхэд багачуудыг цаашид хариуцан ажиллахаа илэрхийлсэн юм.
Тус арга хэмжээний эхний шатны шалгаруулалтад аймгийн хэмжээний 7, 8, 9, 10 дугаар ангийн хүүхдүүд хамрагдсан бөгөөд шигшээ барилдаанд 18 сум 2 тосгоны 160 гаруй тамирчид оролцлоо. Бага насны төрөлд Дарив сумын сурагч Л. Отгонбаяр нэгдүгээр байр, Шарга сумын сурагч Д.Доржсэмбэ хоёрдугаар байр, Төгрөг сумын сурагч Б.Бөхбаяр гуравдугаар байр, Бугат сумын сурагч Д.Балжинням, Бугат сумын сурагч Б.Маргад-Эрдэнэ нар дөрөв, тавдугаар байруудыг эзэлсэн бол ахлах насанд Халиун сумын сурагч М.Өсөх-Ирээдүй нэгдүгээр байр, Төгрөг сумын сурагч Б.Доржнямбуу хоёрдугаар байр, Төгрөг сумын сурагч Б.Ганхөлөг гуравдугаар байр, Дарив сумын сурагч М.Гүрбазар дөрөвдүгээр байр, Баян-Уул сумын сурагч Э.Даваадалай, Төгрөг сумын сурагч Д.Сумъяабэйс нар тав, зургаадугаар байруудыг эзэлж медаль батламж мөнгөн шагналаар шагнагдлаа.
"Түмний манлай” үндэсний бөхийн барилдаанд шалгарсан дээрх хүүхдүүдэд Хантайшир бөхийн дэвжээний дэргэдэх Өсвөрийн шигшээ багт чөлөөт болон жудо бөхөөр хичээллэх урилга өгсөн бөгөөд ирэх есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод, тусгай зориулалтын зааланд, мэргэжлийн багш, дасгалжуулагчдын удирдлаган дор хичээллэх юм.
Энэхүү сургалт хичээл нь ямар нэгэн сургалтын төлбөргүй бөгөөд Алтай нутгаас төрөн гарах ирээдүйн улс аймгийн алдар цолтой бөхчүүд, ОЛИМП, ДЭЛХИЙН аваргуудыг бэлтгэж байгаагаараа онцлогтой юм.
Төр.мн
Н.Гантуяа