ГХЯ-ны нөхдийн нуун далдалж буй "дипломат" гэмт хэргүүд
Монголын дипломатуудын үйлдсэн онц ноцтой гэмт хэргүүд дэлхийн чихийг дэлдийлгэж байна. Саяхан л "Монголчууд суугаа орноосоо хулгайлаад байна. Улсынхаа нэр хүндийг унагаагаад байына" гэж иргэдээ матдаг байсан нөхөд өнөөдөр өөрсдөө гэмт хэргийн бүлэглэл болж эхэлжээ.
Өнгөрөгч даваа гариг буюу энэ сарын 3-ны өдөр Монгол улсын хоёр дипломатч хар тамхи тээвэрлэж яваад ХБНГУ-ын Дрезден хотноо саатуулагдсан ноцтой хэрэг гарсанталаар өмнө мэдээлсэн. Хэргийн талаар ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг өнөөдөр мэдээлэл хийж, "Турк улсын Истанбул хот дахь Ерөнхий консулын газрын дипломат ажилтан, жолооч нарыг шалгаж байгаа, нэрийг нь хэлэх боломжгүй” гэсэн билээ.
Мөн ГХЯ хэрэг гарсан даруйд Берлин дэхь ЭСЯ-аар дамжуулан мэдсэн бөгөөд консулын шугамаар шаардлагатай арга хэмжээ авч байгаа. Яам энэ асуудлыг нуусан зүйл огт байхгүй. Зөвхөн энэ хэрэгт биш, өөр бусад улсад гэмт хэрэгт холбогдсон иргэдийн мэдээллийг Гадаад харилцааны яам авсан даруйдаа олон нийтэд мэдээлдэггүй.
Германд саатуулагдсан Монголын хоёр иргэн нь Истанбул дахь Консулын газарт чухал албан тушаал хашдаг хүмүүс байгаа нь үнэн. Консулаар нэг жил ажиллаж байгаа, өмнө нь Орост ажиллаж байсан. Энэ асуудлыг тухайн суугаа улсын хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ. Энэ хэрэгт холбоотой байж болзошгүй өөр монгол иргэн байгаа эсэх асуудлыг ТЕГ-тай хамтран шалгаж байна. Энэ бол Монголын нэр хүндийг унагасан маш ноцтой асуудал гэв.
Монголын дипломатуудын тээвэрлэж явсан хар тамхи нь героин төрлийнх бөгөөд тус бүр 500 гр-ын жинтэй 140 боодол буюу нийт 70 кг байсан байна. Нийтдээ гурван сая евротой дүйх хар тамхийг тэднээс хураан авсан байна.
Гэвч ГХЯ-ныхны нуусан байж болзошгүй, дипломат ажилтнуудтай холбоотой бас нэг хууль бус наймааны хэрэг одоогоос зургаан сарын өмнө Дрездэнд бүртгэгдсэн байна.
ОХУ-д суугаа Дипломат төлөөлөгчийн газарт ажилладаг гэх Түгдэн овогтой Мөнхбат /паспортын дугаар D0008145/ Эрдэнэбаатар овогтой Оргил /паспортын дугаарD0033462/ нар 2018 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр Чех улсаас ХБНГУ руудипломат дугаартай /089D93 77/ машинаар зорчиж байгаад хууль хяналтын байгууллагынханд саатуулагдсан байна. Шалгалтын явцад их хэмжээний эм, эмийн бэлдмэл хууль бусаар тээвэрлэж байсан нь тогтоогджээ. Мөн тэдний унаж явсан ОХУ-ын дипломат дугаартай автомашины бичиг баримт хуурамч байсан байна.
Тэднийг ХБНГУ руу их хэмжээний эм, эмийн бэлдмэл хууль бусаар оруулахыг завдсан, бичиг баримт хуурамчаар үйлдсэн хэрэгт буруутгажээ. ХБНГУ-д суугаа манай ЭСЯ-ны холбогдох ажилтан уг мэдээллийг авмагцаа консулын үйлчилгээ үзүүлэхээр очиход Т.Мөнхбат, Э.Оргил нар нь үйлчилгээ авахаас эрс татгалзаж, өөрсдийн шугамаар өмгөөлөгч хөлсөлнө гэсэн байна.
Холбооны прокурорын газраас тэднийг цагдан хорих шийдвэр гаргаж, одоо Дрездэн хот, Гөрлитз хотын шоронд тус тусдаа хоригдож байна.
Бидний авсан мэдээллээр бичиг баримтыг хуурамчаар үйлдвэрлэсэн 089D93 77 дугаартай автомашин нь “Эрдэнэт” үйлдвэрийн төлөөлөгчийн газарын тэргүүн Б.Батхуягийн эзэмшдэг албаны автомашин бөгөөд 2018 12 17-ны өдөр ЭСЯ-ны III байр буюу 105 айлын автомашины зогсоолд 10 хоног хөдөлгөөнгүй зогссон хэмээн бүртгэгджээ. Энэ хугацаанд Б.Батхуяг нь Белгийн вант улсад гэр бүлээрээ амарч байсан болно.
Харин Т.Мөнхбатын хувьд ОХУ-ын Улаан-Үд хотод консулаар томилогдож очсоноосоо хойш удалгүй ажлаа орхин Москва явсан, тэнд суурьшиж байхдаа дээрх хэргийг үйлдсэн байна. Харин “Эрдэнэт”-ийн төлөөлөгчийн газрын дарга Б.Батхуяг нь автомашины дугаар, бичиг баримтыг хуурамчаар үйлдэхэд хамжиж тусалсан, гэмт хэрэгт хамтран оролцсон талаар одоогоор мэдээлэл байхгүй байна.
Эх сурвалж: inews.mn