📅

“Ц.Нямдорж огцор” жагсаалд лам нар нэгджээ

🕔 2019/06/18 14:45

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцрохыг шаардаж иргэд жагсаж буй. Тэд жагсаалаа эхлүүлэхдээ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Г.Элбэгсайханд шаардах бичгийг гардуулж байсан. Тэгвэл дараагийн удаа “Ард түмнийхээ амьдралыг цэнхэр дэлгэцээр үз” хэмээн Хууль зүйн сайдад телевиз гардуулахаар тус яамны гадаа жагссан.
Одоо тэмцлийн дараагийн хэлбэртээ шилжжээ. Энэ удаа жагсагчид эгнээндээ лам нарыг нэгтгэж, Төрийн ордоны баруун хаалган дээр ном уншиж, арц, хомоол уугиулж сан тавилаа. Жагсагчид жагсаал хийх ямар нэг зөвшөөрөл аваагүй гэдгийг Цагдаагийн ерөнхий газраас мэдээлсэн. Тэгвэл Төрийн ордоны гадаа ийнхүү жагсаал хийх нь хууль бус үйлдэл тул тэднийг цагдаа нар тарааж байна.
Хоёр долоо хоног үргэлжлэн тэмцэж буй уг жагсагчид Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой заалтыг өөрчилсөн, түүний хүү Н.Анхбаярыг Австри улсад суух элчин сайдаар явуулахгүй байх зэрэг хэд хэдэн шалтгаан тоочин жагсаж буй юм.
Жагсагчдыг толгойлж буй эмэгтэйг Т.Энхсайхан гэх бөгөөд тэрбээр “Нямдорж сайдыг огцруулах жагсаал зохион байгуулсан тул миний нөхрийг ажлаас нь хална гэж Цагдаагийн эрх бүхий албан тушаалтан дарамталсан. Миний нөхөр цагдаагийн алба хаагч” хэмээн ярьсан. Гэвч НЦГ-ын ХМА-ны дарга Б.Баатархүү “Т.Энхсайханы нөхрийг ажлаас нь хална гэж дарамталсан гэдэг худал мэдээлэл” хэмээн мэдэгдсэн билээ.
Т.Энхсайхан болон эмээ нараас бүрдсэн жагсагчид Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулахаар жагсахдаа олон шинэлэг зүйл туршиж буй. Торхыг резинэн алхаар нүдэж их дуу гаргах, тэтгэвэрийн мөнгөөрөө ломбарднаас худалдаж авсан телевизээ барьж жагсах, лам нараар ном уншуулах гэх зэргээр үргэлжилж байна.
Эдгээр жагсагчид өнгөрсөн долоо хоногт Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт 70 кг хар тамхи гардуулахаар жагссаныг уншигчид маань санаж байгаа биз ээ.
Б.Сонор
Эх сурвалж: newspress.mn

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол