📅

Говь-Алтайн ”генералууд” тулаанд бэлтгэж байна

🕔 2017/05/31 19:31

Тоорой Банди, Тогос Чүлтэм, Цахиур Төмөр… Өөр хэн, хэн ч билээ. Ямартай ч Засагт ханы хөх харчуудын бахархал бол Төмөр хэмээх шилийн сайн эр юм.

Ихэс дээдсийн толгой дээр цахиур хагалж явсан түүний үргэлжлэл болох Алтай нутгийн эрчүүд улс төр, бизнес, урлаг соёлын хүрээнд ч цахиур хагалж байна. Хөх уулсынхаа бэл хормойд нутаглан байдаг зон олон нь улс төрийн сонголт хийхдээ тун нухацтай ханддаг. Товчхондоо, Ч.Лодойдамба гуайн бичсэнчлэн тэд бол хугаршгүй ноён нуруутай хүмүүс. Харин Ардын уран зохиолч Л.Түдэв “Бид Увсынхан шиг нэг клуб болж явах ёстой шүү. Тэгвэл хүчирхэгжинэ” хэмээн нутаг нэгт улстөрчдөдөө байнга захидаг гэсэн.

Марзан Шарав, Монгол Улсын баатар М.Жанчив, Д.Гуулин, Төрийн хошой шагналт зохиолч Ч.Лодойдамба, Хөдөлмөрийн баатар Л.Түдэв… Говь-Алтайнхны генийн сонгодог төлөөллүүдийг энэ мэтчилэн жагсаавал уртаас урт жагсаалт болно. Тэгээд ч хамгийн олон генералтай аймаг бол Говь-Алтай. Улстөрч “генералууд” ч цөөнгүй.

Ерөнхий сайд агсан П.Жасрай, УИХ-ын гишүүн асан Т.Очирхүү, А.Цанжид, А.Базархүү, удам судраар нь хөөвөл Ардын намын генсек У.Хүрэлсүхийн ээж ч энэ нутгийнх. Нэгэн цагт Монголын лидер улстөрчдийн тоонд багтаж явсан эдгээр эрхмийн эгнээг Ж.Энхбаяр, Ц.Дашдорж тэргүүтэй залуусын арми хэдийнэ эзэлсэн. Арга ч үгүй биз. Алтай нутаг бол тэдний хувьд улс төрийн карьераа бэхжүүлэх түшиц бааз нь юм. Тиймдээ ч “УИХ-ын 2012 оны сонгуульд Говь-Алтайд Ж.Энхбаяр, Ц.Дашдорж хоёртой өрсөлдөнө гэдэг амиа хорлохтой адил” гэсэн утгатай ухуулга сурталчилгааг эрх баригч хүчний гишүүний үнэмлэхтэй товарищууд хэдийнэ хийж эхэлжээ. Гэвч Ц.Дашдорж ирэх сонгуульд дахин нэр дэвших үү. Улс төрийн хүрээнийхэн төдийгүй Говь-Алтайн жирийн иргэд ч энэ тухай сонирхож байна. Учир нь эрхэм гишүүний бие нэлээд чилээрхүү байгаа. Тойрогтоо ч гавьтай зүйл хийгээгүй аж.

Говь-Алтайн тойрог хоёр мандаттай. Улстөрч “генералууд” нь ч насны ангиллаар хуваагдчихсан. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр тэргүүтэй залуучуудын фракцийнхан нь “Ирж яваа цагийнхны дууг харьж яваа үеийнхэн дуулдаггүй юм” гэдэгтэй санал нэгдчихсэн яваа бол ахимаг насныхан нь “Залуус эрх мэдлийн өндөрлөгт гарах хараахан болоогүй. Амбиц, ааш хоёроос нь айж явах хэрэгтэй” хэмээн сэм сурталчилцгаана.

Нам гэдэг найрал дууны хамтлаг биш учир энэ бүхнийг яалтай. Ардын намын амбицтай залуус ах нартайгаа арцалдаж л байхаас биш. Гэвч нэг нь Ж.Энхбаяр, харин нөгөө нь хэн бэ. Ардын намынхнаас чухам хэн Говь-Алтайд хоёр дахь суудлыг хадгалж үлдэж чадах вэ. Ардчилсан нам, бас Н.Энхбаярын экипажийнхан дунд эрх баригч хүчний нэг суудлыг эзлэх чадвартай хүн бий юү. Ер нь ямагт улаан өнгийг сонгодог Говь-Алтай аймгийнхан 2012 онд цэнхэр, Ардын намынхаас арай өөр маягийн улаан, бас ногоон өнгийг сонгох болов уу.

Л.Түдэв гуай “Говь-Алтайнхан шинэ зуунд төрийн эргэлт биш, оюуны эргэлт хийх их үйлсийг бүтээж чадахаа харууллаа” хэмээн онцолсон удаатай. Тэгвэл Алтайн хөх байц орчимд ирэх онд оюуны эргэлт биш, төрийн эргэлт болбол яах вэ. Ямартай ч Говь-Алтайн хоёр мандатын нэгийг өвөртлөх эрхмийг тодруулах гээд үзье.

“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Т.Очирхүү. Санхүү, дэд бүтцийн салбар хариуцсан яамдыг удирдаж байсан түүх энэ эрхмийнх. Тулхтай, туршлагатай, мэдлэгтэй, мэргэшсэн улстөрч… Энэ мэт тодотгол ч түүнийх. Тайширын усан цахилгаан станцыг барьж ашиглалтанд оруулах ажлыг ч мань эр зохион байгуулалцаж явсан удаатай. Тиймээс түүнд УИХ-ын 2012 оны сонгуульд Говь-Алтай аймагт нэр дэвших боломж бий. Гэвч “Монголын төр зүтгэсэн хүндээ халгаатай” гэдэгчлэн Т.Очирхүүгийн өмнө их улс төр “хаалга”-аа гэв гэнэт хаасан тохиолдол ч бий. Тэр бол 2008 он.

“Элсний 13” фракцид багтаж М.Энхболдыг унаган С.Баярыг намын дарга, Ерөнхий сайд болгоход хүчин зүтгэсэн экс гишүүнд УИХ-ын 2008 оны сонгуульд нэр дэвших эрхийг намынхан нь олгоогүй юм. Харин түүний оронд генералын хүү, “Баярын хэтэвч” гэгддэг Ж.Энхбаяр гэдэг хэн ч танихгүй залууг тухайн үеийн МАХН-ын удирдлагууд гаргаж ирсэн нь сонин биш гэж үү. Энэ түүх дахин давтагдвал яана гэж. Ардын намынхан “Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатарыг нэр дэвшүүлэх үү. Байж болох л юм. Бигэрийн алтны уурхайг эзэгнэж буй энэ эрхмийн өмнө нүх ухчихгүй бол шүү дээ.

“УИХ-ын 2012 оны сонгуульд Говь-Алтайд танай намаас хэн нэр дэвших бол”. Ардчилсан намын зарим эрхмээс ийн асуув. Хачирхалтай нь тэд “Хэн ч байхгүй. Тэнд манай нам ялалт байгуулж чадахгүй” хэмээн огт эргэлзсэн шинжгүй хариулах нь тэр. Улстөрчдийн зүрх “үхнэ” гэж энэ үү. Говь-Алтайнхан эрх баригч хүчнийхэнд ямагт “YES” гэдэг учраас тэр үү. Сонголт, сэтгэхүйг өөрчилж яагаад болохгүй гэж. Ардчилсан намынхнаас ингэж асуумаар санагдлаа. Гээд яалтай. Тус намынхан дуртай ч, дургүй ч ирэх жилийн “наадам”-д зодоглох “бөхчүүд”-ээ эчнээ тодруулж эхэлжээ.

Тэдний дундаас Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга, Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Пүрэвсүрэн, Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Б.Ариунсан, “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн захирагч О.Сэмэр, “Монгол базальт” компанийн захирал Л.Ариунболд нарын нэрс тод дуулдаж байна. Гэвч баруун аймгуудыг зайдагначихаад байгаа Ардын намынхны орон зайд тэд оновчтой тоглолт хийж чадах уу. Энэ бас бодох л асуудал. Эрх баригч хүчнийхний хувьд Ерөнхий сайд агсан П.Жасрай тэргүүтэй лидерүүдийнхээ асааж өгсөн хонгилын үзүүр дэх гэрлийг ирэх жил унтраахгүйг хичээх нь ч тодорхой. Говь-Алтайн “генералууд” тулаанд хэдийнэ бэлтгэж эхэлжээ.

С.Баттулга

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол