С.Баяр: Хэргийн захиалагч олдохоос нааш би санаа амрахгүй
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсан 21 жилийн өмнөх энэ өдөр бусдын гарт эмгэнэлтэйгээр амиа алдсан билээ. Түүний гэгээн дурсгалыг хүндэтгэн жил бүрийн аравдугаар сарын 2-нд хөшөөнд нь цэцэг өргөдөг. Өнөөдөр /2019.10.02/ С.Зориг агсны ах С.Баяр, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан болон АН-ын гишүүд, ахмад зүтгэлтнүүд С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөн, хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр талийгаачийн төрсөн ах С.Баяр дараах байр суурийг илэрхийллээ.
-С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт захиалагч бий гэж хуулийнхан тайлбарладаг. Энэ хэргийг олон жил улстөржүүлж ирлээ. Та энэ тухайд юу хэлэх вэ?
-Би товчхон хариулъя. Та бүхэн мэдэж байгаа, аллага гарснаас хойш 21 жил боллоо. Энэ хугацаанд бид хэргийг шуурхай шийдвэрлэх талаас нь олон хүсэлт гаргаж байсан. Хэргийн захиалагч, зохион байгуулсан эзэд олдохоос нааш бид санаа амрахгүй. Бидний гомдол тайлагдаагүй байгаа. Хэрэг илэрнэ гэж үргэлж итгэсээр ирсэн. Хэрэг илэрч байж Монголын ард түмний хүндэтгэдэг хүүгийн харамсалтай тавилангийн эцсийн хариуг сонсоно гэж бодож байна.
-Захиалагчийг зарлах сонирхол байхгүй байна гэж та харддаг уу?
-Энэ дээр эрэн сурвалжлах сэтгүүлчид та бүхний оролцоо чухал юм. Бид захиалагчийг олно гэж итгэсээр ирсэн. Энэ хэрэг илрэхийг бид төдийгүй, ард түмэн хүлээж байгаа.
Т.Амартүвшин
Эх сурвалж: Zindaa.mn