Улстөрчид төрийн банкаар дамжуулан мөнгө угааж байна
-150 сая төгрөгийн үнэтэй барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр үнэлж, зээл олгожээ-
Төрийн банкаар дамжуулан онц их хэмжээний мөнгө цөлмөдөг шинэ төрлийн гэмт хэргийн бүлэглэл бий болжээ. Тодруулбал, нэр нөлөө бүхий улстөрч Төрийн банкны удирдах албан тушаалд өөрийнхөө гарын хүнийг томилдог. Тэр хүн нь мөн л банкинд өөрийнхөө нөлөөг тогтоохын тулд өөрсдийн хүмүүсийг шинээр ажилд авсан. Үүнийхээ дараа арилжааны банкны наад захын шаардлага нөхцөл хангахгүй чанаргүй зээл олгодог гэнэ.
Энэ талаар албаны эх сурвалжаас авсан мэдээллээр “Төрийн банкны удирдлагууд чанаргүй маш олон зээл өгсөн. Бүр дэлхийн хаана ч байхгүй бага хүүтэй, их хэмжээний зээлийг барьцаа хөрөнгө харгалзахгүйгээр өгсөн асуудал хууль хяналтын байгууллагынхны шалгалтаар тогтоогдсон” аж.
Тэдний нэг байх өндөр магадлалтай БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинжианшинфа” ХХК гэх автозамын компанид 20 тэрбум төгрөгийн зээл олгосон асуудал сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах болсон. Энэ хэрэгт холбоотойгоор Төрийн банкны ерөнхий захирал Д.Баярсайхан шалгагдаж, цагдан хоригдоод авсан.
Ямар шалгуур үзүүлэлтээр, хэний заавар, даалгавраар БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинжианшинфа” ХХК-нд 20 тэрбум төгрөгийг маш бага хүүтэй өгөх болсныг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. Эх сурвалжийн хэлж буйгаар дээрх компани хэн нэгний нөлөөгөөр Монголын хамгийн их мөнгө төсөвлөгдсөн авто замын тендерт шалгардаг.
Ингээд зогсохгүй Төрийн банк, Хөгжлийн банк зэрэг төрийн өмчит банкнуудаас зээл авдаг. Зээл авах асуудал нь “ногоон гэрэл”-ээр шийдэгддэг байна. Энэ хэргийн гол эздийг лавшруулан цааш хөөхөөр МАН-ын УИХ-ын нэр бүхий гишүүд, сайд холбогдож, эрх ашгийг нь хамгаалдаг болох нь тогтоогдоод байгаа гэнэ.
Ганц энэ компани ч биш Төрийн банк “Алтай групп”-д 30 тэрбум төгрөг зээлсэн асуудал нь мөн хууль хяналтын байгууллагаар шалгагдаж буй. Зээл олгосон нөхцөлийг шалгахад мөн л улстөрчдийн нөлөөгөөр маш богино хугацаанд олгогдсон чанаргүй зээл болох нь тогтоогдсон гэдгийг эх сурвалжууд мэдээлсээр байна.
Түүнчлэн албаны эх сурвалжийн мэдээлснээр Төрийн банкны зээлтэй холбоотой өөр ноцтой асуудлууд ч бий. Заримаас нь тодруулбал, Улаанбаатар хот, хөдөө орон нутагт байгаа хямд үнэтэй объект, барилгуудыг улстөрчдийн ойр дотны хүмүүс 150-300 сая төгрөгийн хооронд худалдаж авдаг. Ингээд үүнийгээ барьцаалж, Төрийн банкнаас зээл авдаг аж. Хямд үнээр худалдаж авсан барилгаа 1 -2 тэрбум бүр зарим үед худалдаж авсан үнээс 20 гаруй дахин өндөр үнээр үнэлж, борлуулдаг тухай эх сурвалж мэдээлж хэлж буй.
Өөрөөр хэлбэл, хэн нэгэн хуучин барилга худалдаж аваад түүнийгээ Төрийн банкинд зээлийн барьцаанд өндөр үнээр тавьдаг. Зах зээлийн үнэ нь 200 сая төгрөг хүрэхгүй хуучны барилгыг банкны үнэлгээний хороо гурван тэрбум төгрөгөөр үнэлсэн тохиолдол ч бий аж.
Энэ мэтээр нэр бүхий улстөрчийн ойр дотны хүний зээлийг нь банкнаас асуудалгүй гаргаад өгчихдөг. Зээл авсан этгээд нь зээлээ цаг тухайн үед нь эргүүлэн төлөхгүй байсаар банк барьцаанд тавьсан барилгыг нь хураагаад авчихдаг байна. Ингэж л Төрийн банкаар дамжуулан их хэмжээний мөнгө угаадаг технологи сүүлийн үед эрчимтэй хэрэгжих болжээ.
Гэхдээ үр дүнд нь төрийн өмчит банк хохироод үлдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, ард түмний татварын мөнгө “ёолдоггүй” гэдгийн бодит жишээ Төрийн банкнаас авч буй дээрх зээлүүдээр тодорхой харагдана.
Түүнчлэн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан УИХ-ын гишүүд, төрийн томоохон албан тушаалтнуудын асуудал нийгэм даяар дуулиан тарьсан цаг саяхан. Гэвч Төрийн банкны хямд хүүтэй зээл өгсөн асуудлыг олон нийтэд дэлгэж тавих юм бол ЖДҮХС-аас хэд дахин илүү, даанч дээ гэж дуу алдмаар баримтууд байгаа аж. Улстөрчид Төрийн банкны мөнгөнд яаж гараа дүрдэг, тэдний хэн хэн гэх ойр тойрны хүмүүс зээл авсан гээд бүх зүйл маш тодорхой байгааг албаны эх сурвалж онцолж байв.
Энэ удаад уншигч та бүхэнд хэн хэн ямар үндэслэлээр зээл авсан, хэний нөлөө орсон, хэдэн төгрөгийн үнэтэй барилгыг Төрийн банк хэдэн тэрбум болгож үнэлсэн талаарх баримтыг тодорхой дэлгэж тавьсангүй. Гэхдээ Төрийн банкинд өрнөж буй үйл явдал, гэмт хэргийн шинжтэй ноцтой үйлдлүүдээс харахад тус банкийг нэн яаралтай хувьчлах шаардлага бий болжээ.
Хэрэв хувьчлахгүй гэвэл “Хадгаламж”, “Анод”, “Зоос” “Монгол шуудан” гээд дампуурсан банкуудын хувь заяаг давтах аюул маш ойрхон ирснийг учир мэдэх хүмүүс хэлж байна. Үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байсан ч чанаргүй зээл олгосноос болж банк дампуурдаг гэдгийг эдийн засагчид тодотгож байна.
Түүнчлэн “Чанаргүй зээл олгож, дампуурах дээрээ тулаад байгаа ийм цаг үед хувьчилчих юм бол арилжааны хувийн банкууд нь сэв хийтэл босоод ирнэ. Ингэснээр олон мянган харилцагчийн хөрөнгө мөнгө эрсдэлд орохгүй, төр засаг хохирч үлдэхгүй” хэмээн албаныхан анхааруулж байна.
С.Болдбаяр
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин