Саарал жагсаалтын хариуцлагаас Сангийн сайд сугараад үлдэх үү?
Монгол даяараа хэд хоногийн турш ФАТФ-ын саарал жагсаалтын талаар ярилаа. УИХ-ын дарга Г.Занданшатар зарим албан тушаалтанд хариуцлага тооцох тухай ч ярив. Эхнээсээ ажил хэрэг болж байх шиг байна. Энэ завсарт нэг ойлгомжгүй зүйл болж байх юм. Саарал жагсаалтын хариуцлагыг хүлээх албан тушаалтнуудын эхнээсээ нэг, хоёрт бичигдэх ёстой хүн үлдчихлээ. Тэр бол Сангийн сайд Ч.Хүрэлбаатар юм. Энэ хүнтэй хариуцлага ярих бүү хэл, үлдчихээд барахгүй сонин сонин юм яриад сууж байгаа юм.
Тэрээр Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтад орсны дараа “…Ний нуугүй ярихад буруу бодлого, үйлдэл саарал жагсаалт руу оруулсан. Хамгийн том нөлөө үзүүлсэн нь Ил тодын хууль. Бид цаашид ийм байдалд орохгүйг хичээж ажиллах ёстой. Бид ФАТФ-ын дараагийн хурлаар саарал жагсаалтаас гарах төлөвлөгөөтэй байна. Дараагийн хурал нэгдүгээр сард болно. Түүний дараагийнх нь зургадугаар сард болно. Түүнээс өмнө Засгийн газар төлөвлөгөө гаргаж ажиллах юм” гэж байна.
Засгийн газар хамаг буруугаас шилгээх нь зөв байх л даа. Бодлого ч биз. Гэхдээ ФАТФ-ын сүүлийн сануулга, сая саарал жагсаалтад оруулсан шалтгааныг дурдсан зөвлөмж одоогоос нэг жил арван сарын өмнө ирсэн шүү. Тэр үед У.Хүрэлсүх Ерөнхий сайд болчихсон, Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатарыг томилчихсон үе.
Гэтэл өнөөдөр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар гуай саарал жагсаалтын талаар гэнэт мэдсэн хүн шиг, тэнгэрээс гэнэт буучихсан амьтан шиг яриад сууж байгаа нь ихээхэн ойлгомжгүй байгаа юм. Монгол Улсад Засгийн газрын тухай хууль гэж бий. Тэр хуулийн Дөрөвдүгээр бүлгийн 20 дугаар зүйлд сайд нарын эрхлэх ажил үүргийн хуваарийг нарийн нягт заагаад өгчихсөн. Уг хуулийн 20.5.6-д Сангийн сайдыг “…Макро эдийн засгийн бодлогын төлөвлөлт, зохицуулалт; улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийн асуудал; санхүүгийн зах зээл, төсвийн орлого, зарлага, өрийн удирдлагын асуудал; нэгдсэн төсвийн талаарх судалгаа, төлөвлөлт; төсвийн хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт, санхүүжилтийн үйл ажиллагаа; улсын болон орон нутгийн төсвийн зарцуулалтын хяналт; зээл, тусламжийн нэгдсэн бодлого; нягтлан бодох бүртгэлийн бодлого; гаалийн бодлого; татварын бодлого; даатгалын бодлого; хилийн боомтын хөгжлийн асуудал; төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах бодлого; агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал”-ыг хариуцна гээд заагаад өгчихсөн. Хар даа. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “…Бодлогыг барих ёстой” л гэсэн байгаа биз. Ерөөсөө энэ саарал жагсаалт бол Үндэсний бодлогын зөвлөлийн дарга, сайд Ц.Нямдоржийн хамт Ч.Хүрэлбаатарын нэн түрүүнд анхаарах ажил нь мөнөөс мөн.
Ер нь Ч.Хүрэлбаатарын хувьд У.Хүрэлсүхийн Засгийн газрын эрх дураараа нэг хүн нь болсон гэдэг юм. Энэ талаар удахгүй өгүүлэмз.
Энэ хүн Монгол Улсын гадаад өр, бондын өрийг төлөх үед баатрын дүрээр “..Би” гээд л гарч ирдэг. Харин улс тааруухан асуудалд холбогдохоор “…Би биш тэд” гээд нулимж суух аж. Саарал жагсаалтад орсон явдалд хамгийн түрүүнд буруутаад байгаа Монголбанк энэ сайдаас мэдээллээ нуугаад байдаг юм бол өөрөө олоод мэдчих бололцоо түүнд бас байгаа. Үүнийг өөрөө мэднэ.
“…Ямбыг эдэлсэн бол ялыг нь үүрэх ёстой” гэж нэг сайхан үг бий. Монгол Улс саарал жагсаалтад багтахгүй байх боломж, цаг хугацаа байсан. Үүнийг Ц.Нямдорж ч, Ч.Хүрэлбаатар ч ашиглаагүй, ажиллаагүй. Ингэж л ойлгох ёстой. Нэг жил арван сарын хооронд тамгыг нь атгаж, бодлогыг нь зангидсан сайд юу эсийг хийхэв дээ. Болох л байсныг олон хүн хэлж байна. Гэвч тэр болгоогүй. Өнөөдөр тавлаад сууж байдаг. Тиймээс саарал жагсаалтын хариуцлагыг Сангийн сайдтай заавал ярих учиртай юм.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин