Монголын 3 сая иргэн бүгд А.Ганбаатар, Ц.Сандуй нарын “ хам хэрэгтнүүд”
Монголын шүүх яаж ажилладагийг өчигдөр А.Ганбаатар, Ц.Сандуйн нарын шүүх хурлаас ард түмэн харлаа. Тодруулбал, тус хэрэг дээр ажилласан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу, шүүгч Ч.Отгонбаяр, Ц.Мөнх-Эрдэнэ нар улстөрийн захиалгаар хэргийг шийдэж болдог гэдгийг харууллаа.
Уг нь Улсын яллагч А.Ганбаатар, Ц.Сандуй нарыг хүчингүй болсон 2002 оны Эрүүгийн хуулиар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэсэн зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн ч шүүх төрийн. эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаанд оролцоогүй юм байна. Харин сонгуулийг будлиантуулахыг оролдсон хэмээн Улсын яллагчын зүйл ангийг өөрчилж хуулиас дээгүүр эрхийг эдэлчихэв.
Өөрөөр хэлбэл, 60 тэрбумын хэргийг хамгийн сүүлд сонссон үйлдэл нь 2014 онд хамаарна гэж мөрдөн байцаалтын явцад тогтоосон учраас хөөн хэлэлцэх хугацаа 5 жилээр дууссан. Ингээд хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир яллах боломжгүй гэж Улсын яллагч шүүх бүрэлдэхүүнд танилцуулсан. Гэтэл шүүхээс хөөн хэлэлцэх хугацааг 2014 оноос биш бичлэг задарсан буюу 2016 оны зургаадугаар сарын 19-ны өдрөөс эхэлж тоолно гэж үзээд ял ногдуулсан. Мэдээж шүүх хүчингүй болсон 2002 оны Эрүүгийн хуулиар тэднийг зүйлчилсэн бол Монголд биш юмаа гэхэд дэлхийд шившгээ тарих байсан гэдгийг А.Ганбаатарын өмгөөлөгч Мэргэн хэлж байв. Тиймээс л шүүгчид тэдэнд заавал ял ногдуул гэсэн үүргийн дагуу Улсын яллагчийн оруулж ирсэн зүйл ангийг өөрчилж дур мэдэн өөр зүйлээр ял ногдуулсан нь энэ хэрэг анхнаасаа улстөрийн захиалгатай хэрэг байсан гэдгийг нотолчихов.
Хэрвээ анхнаасаа эзэн нь байвал хэрэг нь байна гэсэн процессыг баримталсан юм бол яах гэж шүүх хурал хийж энэ олон өмгөөлөгч нарыг шүүхийн танхимд бүтэн 10-н цаг барьсан юм бэ хэмээн хэлж байв. Г.Доржзодов ч ял сонсох ёстой.
Эцэст нь эрх мэдэлтний захиалгаар Улсын яллагчийн зүйл ангийг хүчээр өөрчилсөн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу, шүүгч Ч.Отгонбаяр, Ц.Мөнх-Эрдэнэ нар ганцхан жилийн дараа Б.Хурц нарын хүмүүс шиг ялтан болж торны цаана сууна гэдгийг мэргэжил нэгт нөхөд нь харамсангуй ярьж байгааг хэлэх нь зүйтэй болов уу.
Р.Саруул
Эх сурвалж: erennews.mn