Х.Нямбаатар гишүүн Ц.Сандуйг түгжилдчихэв үү
-Х.Нямбаатар гишүүн ээ, Ц.Сандуйг золигт гаргахаар “түгжилдсэн” хүн нь та гэв үү-
Улстөрийн хүрээнд “Түгжил” гэх нэр, “түгжилдэх” гэх үг газар аваад удсан. Гэхдээ аливаа сонгуулийн өмнө намууд илүү олон “Түгжил”-тэй болж, биесээ “түгжилдэх” нөхдийн тоо ч нэмэгддэг. УИХ-ын гишүүн Ж.Батзанданг л гэхэд АН-ын түгжил хэмээдэг байсан. Үнэхээр ч мань хүн намынханыхаа өдөөс инээж байгаад л ар нуруу руу нь хутга дүрэхээс сийхгүйгээр албан тушаал, ашигт байдлын төлөө хөдөлсөөр ирсэн. Аргаа бараад өдгөө шинэ намд “том” суухаар болсон.
Дараа нь тойргоо булаалдаж түгжилдэцгээх болсон, улстөрчид. Өмнөх сонгуулийн үеэр л гэхэд Завханы нэг тойрогт МАН-аас ах, дүү хоёр өрсөлдөхийн тулд нэгийгээ түгжилдсэн. “Нарантуул”-ын эзэн Ш.Сайхансамбууг дүү Ш.Батсамбуу нь түгжилдэж тойргийг нь булааж байв. Харин энэ удаа ганц мандат бүхий Говь-Алтай аймагт одоогийн гишүүн Ш.Раднаасэдээс тойргийг нь булаахаар МАН-ын генсек Д.Амарбаясгалан түгжилдэж, ТББ-ын нэрээр сонсогчдыг өөртөө урвуулсаар яваа.
Сонгогчдын боловсрол, үзэл бодол аливаа тунгаан, үнэлэлт дүгнэлтээ хийж, “Түгжил”-үүдийг тойрогтоо хүлээж авахаа больсон. Тэр ч утгаар өнөө “Түгжил”-үүд аргаа улам бүр нарийсгаж, сонгуулиас ихээ эрт, өрсөлдөгчөө ёстой л долоон уулын цаагуур далд оруулна гэдэг шиг “алга” болгон улстөрийн тавцангаас арчдаг болжээ.
Учир нь саяхан НИТХ-ын дарга асан Ц.Сандуйг 60 тэрбумын хэрэгт улстөрийн захиалгаар, хэзээ нэгэн цагт нэр нь ил болох хэн нэгний даалгавараар ялласан. Гэтэл үүний ард УИХ-ын гишүүн Х.Нямбаатарыг байгаа гэх “бор шувуу” улстөрийн хүрээнд нисэлдэх болжээ. Энэ үнэн гэж үү хэмээн эрхэм гишүүнээс асуумаар. Сэтгүүлчийн хардах эрхийнхээ хүрээнд, мөн эх сурвалжуудын өгсөн мэдээллээр ч таныг Ц.Сандуйг “аав”-ынд илгээсэн байх магадлал өндөр юм хэмээн хардаж буй учраас энэхүү нийтлэлээрээ асуухад хүрэв.
Тухайлбал, Ц.Сандуй нийслэлийн МАН-ын дарга байх үедээ СХД-тээ, бүр тодруулбал таны өрсөлдсөн УИХ-ын 76 дугаар тойрогт өөрөө нэр дэвших боломж хангалттай байсан. Гэвч тэгээгүй. Харин ч нийслэлийн МАН-аа тэрүүлэн ИТХ-ын сонгуульд оролцохоор зайгаа тавьж өгсөн. Мэдээж таны хувьд тухайн үед ИТХ-ын дарга байсан ч сонгогчид болоод хамт ажиллагсадынхаа дунд тийм ч нэр төртэй хүн байгаагүй гэдгийг өдгөө цахим орчноос шүүрдмэгц гараад л ирнэ.
Түүнчлэн НИТХ-ын сонгуульд 2016 онд АН-ыг Э.Бат-Үүл тэргүүлэн оролцох сургаар л улстөрийн бусад намууд ялалт байгуулах талаар бодоод ч хэрэггүй гэж байсан. Харин нийслэлийн МАН-ын дарга асан Ц.Сандуй 45 суудлын төлөө хэн ч танихгүй залуусаар багаа тэрүүлэн оролцож, 34-г нь авч түүхэнд байгаагүй амжилтыг намдаа авч ирж байв. Тухайн үед НИТХ-ын сонгуульд намын штабаа ахлан оролцсон Ц.Сандуйг өнгөрсөн хугацаанд байгууллага толгойлсон сайн менежер, ялагдсан намыг удирдаж хүнд байдлаас гаргасан, хүмүүжил боловсролтой, чансаатай оюунлаг залуусын нэг МАН-ынхан ам уралдан ярьж байсан.
Одоо ч энэ залуугийн араас тус намын мянга, мянган гишүүд харамсаж түүний өөрийнх нь өөд нь татсан найзууд нь золигт гаргасан хэмээн далд биш илээр илэрхийлж эхэлсэн
Яг үүнтэй адил УИХ-ын 76 дугаар тойрогт ч таныг хөтлөж явж, иргэдэд танилцуулан, энэ өндөрлөгт хүргэсэн гэдгийг намынхан болоод сонгогчид чинь хэлэх юм билээ. Тиймээс “Ц.Сандуй ял аваад явахад гайхах зүйлгүй. Угаасаа Х.Нямбаатар өрсөлдөгчөө зайлуулахгүй бол ирэх сонгуульд ялах байтугай нэр дэвших ч эрх нь олдохооргүй болчихсон байсан” хэмээн намын чинь нөхөд шуугьж байна. Удирдаж, толгойлсон багаа амжилт, ялалт хүргэдэг чадварлаг боловсон хүчин МАН-д хэрэгтэй. Харин Х.Нямбаатарын хувьд Эрүүгийн хууль, хөөн хэлэлцэх хугацаа гээд хуулийн олон өөрчлөлтөөс болж тараа таниулсан нэгэн. Тэр ч утгаараа өөрт нь боломж хомс учраас Ц.Сандуйд ял үүрүүлж, Х.Нямбаатар ирэх 2020 оны сонгуульд нэр дэвших замаа цэвэрлэсэн гэх юм. Хэрэв үнэхээр тийм бол эрийн жудгаас гадна та ч хүнээ таниулсан хэрэг болох нь байна даа. Ц.Сандуйг МАН байтугай улсад хэрэгтэй “толгой” гэдгийг улстөрийн хүрээнийхэн хэлдэг. Хэний ч танихгүй залуусыг хэдхэн хоногийн дотор иргэд, сонгогчдод танилцуулж залуусыг УИХ, НИТХ-д хүч түрэн орж, ялалт байгуулахад Ц.Сандуй ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Түүний ердөө л энэ гавьяа Ц.Сандуйг хэн болохыг, ямар чадварлаг болохыг харуулна.
Харамсалтай нь тэр улстөрийн ирээдүй нь гэрэлтэй, карьер нь шулуухан дурайж байсан учраас өнөөдөр ял авч байна. “Түгжил”-үүдийн замд саад болсон учраас л золигт гаргах үндэслэл нь болж. Үнэхээр эх сурвалжууд, МАН-ын гишүүдийн хэлж байгаагаар Х.Нямбаатар гишүүн ээ, та гарыг тань ганзганд хүргэсэн Ц.Сандуйг түгжилдэж, ирэх оны сонгуульд нэр дэвших замаа цэвэрлэсэн үү гэдэгт хариулт өгөх хэрэгтэй болов уу. Хэрвээ тийм бол ердөө л дөрвөн жилийн мөчлөгтэй парламентаас болж чадвартай, чадалтай боловсон хүчнийг болохгүй газар руу залчихаж байгаа юм биш үү. Тиймээс энэ бүхэнд эрхэм гишүүн Х.Нямбаатар та хариулт өгөөч. Учир нь танд өнөөдөр хуулийн байгууллагыг хөдөлгөх хүч нөлөө бий учраас намын ч олон хүмүүс хийгээд нэжгээд хүмүүс хардаад байна.
Р.Саруул
Эх сурвалж: erennews.mn