📅

"Жараахай" л намнаад байх уу, Ерөнхийлөгчөө?!

🕔 2019/11/14 14:49

УИХ-ын 2020 оны сонгууль хаяанд ирсэн. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль ч юу юугүй тулаад ирлээ. Өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрхийн хугацаанаас жил гаруйхан үлдсэн байна. Тэрээр Ерөнхийлөгч болохдоо “Шударга ёсыг тогтооно" гэж амлалт өгсөн. Үүнд нь оффшорын хэргүүд, 60 тэрбум гээд олон асуудал багтана.

Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараахан 2017 оны долдугаар сарын 24-нд улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан оффшор данстай холбоотой асуудлаар уриалга гаргаж, 49 хоногийн дотор оруулж ирэхийг хүссэн юм. Уг уриалгадаа “Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга миний бие оффшор бүсэд данстай улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан 2017 оны долдугаар сарын 24-ний өдрөөс хойш 49 хоногийн дотор оффшор дансаа хааж, тэнд байршуулсан мөнгөн хөрөнгөө Монголын банкинд оруулж ирэхийг уриалж байна” гэсэн байлаа. 

Үүний хэрэгжилт яаж дууссаныг тодорхой хэлэх боломжгүй. Мэдээлэл байхгүй. Гэхдээ ажил хийе гэсэн хүнд цаг хугацааны урт богино хамаагүй. Жил хагасын хугацаанд Ерөнхийлөгч багагүй зүйлийг амжуулах боломжтой. Ерөнхийлөгч дээрх амлалтаа хэрэгжүүлэх ажил үүргийн боломж нь ч бүрдсэн. Угаасаа хуулийн дагуу шүүх эрх мэдэл түүний гарт буй. Дээрээс нь Аюулгүйн зөвлөлийн зөвлөмжөөр шүүгч, прокурор, АТГ-ын удирдлагыг өөрчилдөг болсон нь бүр илүү хүчийг Ерөнхийлөгчид өгсөн. Учир нь Ерөнхийлөгч бол Аюулгүйн зөвлөлийн тэргүүн юм.

Ийм хүчтэй болсноос хойш бас л хагас жил орчим өнгөрлөө. Гэвч хууль хяналтынхан, олон нийтийн ярьдгаар “жараахай”-нуудын хэрэг л гэрлийн хурдаар шалгагдаад шүүхээр шийдэгдчихдэг болов. 60 тэрбумын бичлэгийн асуудлаар М.Энхболдыг үлдээж, Ц.Сандуйг яллав. Дуучин Б.Амархүүд холбогдох хар тамхины хэрэг хэдхэн хоногт шүүхэд шилжиж улмаар шийдэгдлээ. УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг уржигдар шөнө хоёр жилийн хорих ялаар шийтгэв. Хараад байх нь ээ, шийдье гэсэн хэргийг ингээд шийдчихэж байгаа юм. Харин Ерөнхийлөгчийн сонгуулийн амлалтаа биелүүлэхэд нь нөлөө үзүүлэх олны анхаарал татсан, томоохон мөнгөн дүнтэй, дуулиант хэргүүд яагаад шийдэгдэхгүй байна вэ гэдэг анхаарал татсаар байгаа.

Тухайлбал, Эрдэнэтийн 49 хувийн “сахал” Д.Эрдэнэбилэг, 51 хувийн “Жаст” Ш.Батхүү, Оюу толгойн гэрээтэй холбоотой Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан С.Баярцогт, бусдыг эрүүдэн шүүсэн Б.Хурц нарын асуудал хаана, яагаад таг гацчихав гэдэг их сонин. Тэднийг “тул” гэдэг. Тэгэхээр “жараахай” намнадаг хурдаараа ажиллах юм бол энэ хууль хяналтын байгууллагууд, шүүх чинь “тул”-нуудын хэргүүдийг дор нь шийдээд шийдээд явчихаар харагдаад байна шүү дээ. Тийм болохоор эрхэм Ерөнхийлөгч танаас “тул”-аа яагаад мартаад, “жараахай” намнаад байна вэ гэж асууя!

Эх сурвалж: sonin.mn

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол