Өгзөгнөөс дор Монголын төр
-МАН-ынхан шударга ёсыг бус албан тушаалыг дээгүүрт тавьж байна-
Хүн бүр хуулийн өмнө тэгш эрх, үүрэгтэй хэмээдэг ч улстөрчдийн хувьд энэ нь өөрөөр үйлчилж, хэнд хэрэг тохох, хэнийг хариуцлагаас мултлах нь үзэмжээр шийддэг асуудал болчихоод байна. Үүнийг батлах сүүлийн хоёр жишээг дурдахад л хангалттай. Тодруулбал, Үндсэн хуулийн Цэцийн дарга асан Д.Одбаяр саяхан дэлхий нийтэд шившгээ дэлгэж, БНСУ-д хуулийн байгууллагад шалгагдаж, мөнгөн торгууль төлснөөр эх орондоо ирсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн даргын увайгүй үйлдэл улс дамнасан асуудал болж хувирсныг хүн бүр мэдэж байгаа.
Гэтэл Д.Одбаяр “Би тийм үйлдэл хийгээгүй” гэж мэдэгдэхийн зэрэгцээ, зарим нь түүнийг БНСУ-д мөнгөн торгууль төлсөн учраас эх оронд нь хариуцлага хүлээлгэх шаардлагагүй гэж мэдэгдсэн. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Нэг хүнд хоёр удаа хариуцлага хүлээлгэнэ гэж байдаггүй. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн байхдаа хариуцлага алдлаа гэхэд сайдаасаа татгалзаж, парламентын гишүүнээ өгдөггүй. Тиймээс Цэцийн даргын суудлаа өгөөд гишүүнээр үлдэх байх” гэх тайлбарыг ч өгч байсан.
Яг түүний хэлснээр Д.Одбаяр Цэцийн даргын суудлаа өгөхөөр өргөдлөө өгсөн хэмээж байсан ч гишүүн хэвээр үлдсэн юм. Уг нь ёсзүйн хувьд дэлхий нийтэд өөрийгөө бус Монгол Улсыг төлөөлж яваа хүн гадны улсын хуулийн байгууллагад шалгагдаж, баривчлагдан, мөнгөн торгууль төлсөн бол ядаж л олон нийтийн өмнө уучлалт гуйх ёстой баймаар. Тэгсэн бүр эсрэгээрээ эх орондоо ирмэгц “Би тийм үйлдэл хийгээгүй” хэмээн том дуугарч, дээгүүр аашлах нь байж боломгүй, ёс зүйгүй үйлдэл юм. Гэтэл Үндсэн хуулийн цэц хэмээх “их айл”-д толгой хорогдсон хэвээр үлдлээ.
Харин нөгөө талд яг үүнтэй адилтгаж болохуйцаар улстөрчийнхөө хувьд шоронд хоригдчихоод байгаа хүнд яагаад 5 удаа хариуцлага хүлээлгээд байгааг ойлгоход тун бэрхтэй асуудал хөвөрч яваа. Нийслэлийн МАН-ын дарга, НИТХ-ын дарга асан Ц.Сандуй хийсэн хэрэг, үйлдсэн үйлдэлгүй гэдгийг хуулиар нотолсон ч шүүгч зүтгэсээр байгаад л ялласан.
Учир нь Ц.Сандуй 60 тэрбумын схемийг сонссоных нь төлөө чичилүүж эхлэх үедээ улстөрийн соёл гаргаж ажлаа өгч, шалгуулахаар болсон. Эхлээд хотын даргаасаа татгалзсан. Энэ нь МАН-ыг муухай харагдуулахгүйн тулд хийсэн алхам гэдэг нь хэнд ч ойлгомжтой байсан. Дараа нь НИТХ-ын даргын суудлаа мөн л өгсөн. Ц.Сандуй хэрэг хийгээгүй учраас албан тушаалаа өгч шалгуулж, үнэн мөнийг тогтоолгоно гэдэгтээ итгэлтэй байсан гэсэн үг. Харин гуравт нь нийслэлийн МАН-ын даргын албан тушаалаа өгсөн. МАН-ыг 60 тэрбумын схемийг хэрэгжүүлээгүйг батлахын тулд ийн хариуцлага хүлээн, ажлаа өгч шалгуулж явах үед нь дараагийнх нь хариуцлагыг мөн тохсон. Энэ удаа МАН дөрөвдэх хариуцлага буюу Ц.Сандуйг намаасаа хөөх шийдвэр гаргасан. Хамгийн сүүлд буюу өнгөрөгч сард түүнд ял оноолгож, хорьсон.
Дээрх үйлдлүүдээс харахад хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй бус албан тушаалын шатлал, сонголтоор хариуцлага үүрдэг болох нь харагдаж байна. Бусдын биед халдсан гэдэг нь нотлогдож, БНСУ-ын хуулиар торгууль төллөө гээд байхад Д.Одбаяр эх орондоо хуулийн байтугай ёсзүйн хариуцлага ч хүлээхгүй байгаа хэрнээ Ц.Сандуй таван удаагийн хариуцлага хүлээж байгаа нь эрх баригчид ямар ч хуулийг гууль болгож байгааг нотолж байгаа хэрэг. Улсынхаа нэрийг шороотой хутгаж яваад ирсэн Д.Одбаярыг Монголын төр хамагаалсан хэрнээ өөрсдийг нь өнөөдрийн их өндөрлөгт хүргэж ялалтын буухиа атгуулсан Ц.Сандуйг таван удаа шийтгэж эцэст нь шоронд илгээсэн нь МАН-д шударга ёс гээч зүйл үгүй болсныг нотолж буй учраас ийнхүү дахин дахин бичээд байгаа хэрэг.
Товчхондоо, Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр эмэгтэй хүний биед зөвшөөрөлгүйгээр халдаж, БНСУ-ын хуулийн байгууллагад баривчлагдах. НИТХ-ын дарга асан Ц.Сандуй 60 тэрбумын схемийг сонссоныхоо төлөө шоронд хоригдох хоёр газар тэнгэр шиг ялгаатай.
Д.Одбаярын үйлдэл нь тодорхой. Бичлэг нь бий, хохирогч нь ч байгаа. Гэвч тэр Цэцийн гишүүний албаа хашсаар яваа. Ц.Сандуйгийнх бусдын яриаг сонссон. Гэхдээ үйлдэлгүй, хохиоргчгүй яллах дүгнэлтгүй. Тэгсэн ч таван удаа хариуцлага хүлээж эцэст нь торны цаана хашигдаж байна.
Ямартай ч МАН-ынхан ирээдүйтэй залуусаа нэг нэгээр нь золигт гаргаж улстөрийн захиалгатайгаар намнадаг гэдгийг Ц.Сандуйгийн энэ үйлдэл бэлхнээ гэрчилсэн. Товчхондоо бол 2012 онд ялагдал хүлээж гудамжинд гарчихсан байсан МАН төрийн эрх барих боломж олгосон хүнээ шоронд илгээсний цаана ямар том эрх ашиг, сонирхол, тохиролцоо нуугдаж буйг тун удахгүй баримт нотолгоотойгоор гарган тавих болно. Эцэст нь МАН-ынхаан солонгос хүүхний өгзөг, согтуу эрийн хүсэл тачаалаас доoгуур Монголын төрийг үнэлэхээ боль.
Б.Отгонзаяа
Эх сурвалж: erennews.mn