📅

Анхдагч бас “ЖДҮ-чид”-ийг дахин сонгож болохгүй

🕔 2019/11/28 18:00

Бүрэн эрхийнх нь хугацаа дуусах дөхөж буй энэ УИХ-д хамаатан садан, базууд, бүлүүд, тэр ч бүү хэл төрсөн эгч дүүс байдаг нь парламентын түүхэнд анхдагч гэхэд болно. Тэгвэл парламентын түүхэнд  анхдагч эгч дүүс ЖДҮ-д ч гэсэн анхдагч гэгддэг юм билээ.

“...Би төрсөн дүүгийнхээ ЖДҮ хөгжүүлэх сангаас авсан зээлийг төлөөд өгчихнө... Өөрт нь 2 тэрбум төгрөг өгөөд төслийг нь үргэлжлүүлнэ. Монгол Улсад жилд 2-3 тэрбум төгрөгийн ашиг оруулах төсөл. Тийм учраас дэмжиж байгаа юм. Төлнө тайван байцгаа...

Хүн ер нь өөрийнхөө дүүд нээг их итгэдэггүй ш дээ. Тэгсэн хэрнээ өөр хүмүүст болохоор итгэдэг. Би яг л тийм байдлаар бас итгээгүй. Одоо харин дүүгээ дэмжинээ. Иргэн Б.Одончимэгийн 800 сая төг зээл төлөгдөнө... та нар  тайван байцгаа...” гэх зэргээр пэд пэд  дуугарсан хүн бол мэдээж Б.Наранхүү.

Говь нутгаас эгчийн хамт УИХ-д сонгогдоод байгаа тэрбээр эгчээсээ илүү том дуугарсанд олон түмэн нэг их гайхаагүй. Энэ нь нэг талаасаа эгчээсээ илүү баян гэдгээ харуулсан бол нөгөөтэйгүүр бас ч гэж эрийн хугархай хэдэн насаар дүү ч эр нь түрүүлж дуугардаг монгол уламжлалаа дагасан хэрэг гэлтэй. 

Төрийн өндөр албан тушаалтнуудын орооцолдоон бүхий ЖДҮХС-аас их хэмжээний зээл авч, жижиг, дунд үйлдвэр эрхлэгч жирийн иргэдийн боломжийг хаасан. Гэтэл  зарим нь  хоолой дээр нь  хутга тулгачихсан мэт худлаа ярьж, уснаас хуурай гарах гэж аль л башир, балиар аргаа хэрэглэж, тэр ч бүү хэл цахим сайтуудаас мэдээллээ хусуулж байгаа. Харин эгч дүүс тэгээгүй. Бүр дүүгээ дэмжихээ мэдэгдээд дүүгийнхээ өрийг төлнө, нэмж мөнгө өгнө гэж сайрхах, шазуур зуухын аль нь юм гэмээр өнгө аястай хэлсэн нь ард иргэдийг ч  талцахад хүргэж байв.   

Гэсэн ч “УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, түүний дүү УИХ-ын гишүүн Б.Наранхүү нар албан тушаалаа ашиглаж төрсөн дүү Б.Одончимэгийнхээ эзэмшдэг "Сингапур Хэльт Кейр Сентер" компанид ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 800 сая төгрөг авсан” гэх мэдээлэл хуучраагүй л байгаа.

Тийм учраас тойргийнх нь сонгогчид “Эд нарын мөнгийг бид хэрэглэх биш, төрд гараад улам л баян болно. Тийм учраас ахин сонгох шаардлагагүй” гэж байгаа гэнэ лээ шүү. Баян, баярхсан эгч дүүсийн хэтэвчтэй мөнгийг ард иргэд нь зарцуулах эрхтэй биш. Тэгээд ч тэнэг л биш бол тэднийг юу гэж дахин сонгох билээ дээ.

С.Цээл

Эх сурвалж: erennews.mn

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол