📅

Сонгуулийн хуулийн өөрчлөлтөөр МАН саяхан баталсан Үндсэн хуулиа луйвардах нь ээ

🕔 2019/12/03 14:45

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр Сонгуулийн багц хуулийн төсөлтэй танилцсаныхаа дараа уг хуулийн төслийн талаар товч мэдээлэл хийлээ. Ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалангийн танилцуулснаар хуулийн төсөл УИХ-аар батлагдвал ирэх сонгуулийг том, жижиг мажоритари буюу 26:50 гэсэн нэг том, 50 жижиг, нийт 51 тойргоор явуулах юм байна. Улс нэг тойрог болсон том тойрогт намууд тус бүр 26 нэр дэвшигчийг зоож, 50 жижиг тойрогт тус бүр нэг нэр дэвшигчийг дэвшүүлнэ.

Өмнө 2012 оны сонгуулиар ашиглаж байсан холимог тогтолцооноос ялгаатай нь том мажоритари тойрогт сонгогчид намыг бүс хүн дугуйлна. Үүнийгээ “том мажоритари” гэж нэрлэж байгаа юм байна. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр мажоритари тогтолцоо буюу хүн сонгох системийг хуульчилсан учраас өмнө ашиглаж байсан холмог тогтолцоо буюу хувь тэнцүүлэх системийг ашиглах боломжгүй тухай ажлын хэсгийн ахлагч тайлбарлав.

Гэхдээ одоо танилцуулагдаж байгаа энэ системийг ч гэсэн “мажортари систем” гэж нэрлэх, тэгж хүлээж авахад эргэлзээтэй. Учир нь мажоритари тогтолцоонд хамгийн олон санал авсан нэр дэвшигч тухайн тойргоос шууд сонгогддог. Харин ажлын хэсгийн ахлагчийн танилцуулснаар энэ удаад хамгийн олон санал авсан намын нэр дэвшигч сонгогдох юм байна. /Уг нь энэ бол нээлттэй жагсаалт бүхий пропорциональ тогтолцоо/

Өөрөөр хэлбэл жагсаалтын эхэнд бичигдэж, хамгийн өндөр санал авсан намын лидерүүд бусдыгаа чирж, тойргоос гаргаж ирнэ гэсэн үг. Тодруулбал, сонгогчид "том мажоритари" гэж нэрлэсэн 26 мандаттай тойргоос нэг, өөрийн хамрагдаж байгаа жижиг тойргоос нэг, нийт хоёр нэр дэвшигчийг дугуйлна. Гэхдээ том тойрогт нэр дэвшсэн 26 нэр дэвшигчийн авсан саналын нийлбэр дүнгээр тухайн намын авсан саналыг нэгтгээд хамгийн олон санал авсан намын нэр дэвшигчийг УИХ-д сонгогдсонд тооцох юм байна.

Жишээгээр тайлбарлая л даа. МАН-ын дарга У.Хүрэлсүх улс нэг тойрог болсон том тойргоос нийт сонгогчийн 50 хувийн саналыг авлаа гэж тооцвол /ерөөлөөр болог/ МАН-ын 26 нэр дэвшигчийн 13 нь шууд УИХ-д сонгогдоно гэсэн үг. У.Хүрэлсүхийн ард орсон МАН-ын 12 нэр дэвшигч нэг ч санал аваагүй байсан ч хамаагүй, намын даргынхаа “оймсонд” хавчуулагдаад УИХ-ын гишүүн болох нь байна. Харин сонгогчдын өгсөн саналаар У.Хүрэлсүхийн ард зогссон өөр намын нэр дэвшигч МАН-ын 13-ын дараа л УИХ-д орж ирнэ гэсэн үг.

Дахин хэлэхэд мажоритари тогтолцоо гэдэг нь хамгийн олон санал авсан нэр дэвшигч сонгодог зарчим. Харин нэр дэвшигчдийн авсан саналын нийлбэр дүнгээр суудал хуваарилдаг бол хувь тэнцүүлсэн буюу пропорциональ тогтолцоо. Өмнө нь 2011 онд сонгуулийн тогтолцоонд өөрчлөлт оруулж, холимог тогтолцоог хуульчлах үед АН-ын Н.Батбаяр нар ч мөн ийм саналыг тавьж байсан. Мажоритари тойрогт өрсөлдөж байгаа нэр дэвшигчдийн авсан саналын нийлбэр дүнг намын авч байгаа санал дээр нэмье гэж. Мэдээж тухайн үед үүнийг нь УИХ дахь цөөнх болох МАН зөвшөөрөөгүй. Тэр нь АН-д ашигтай, АН илүү өндөр рейтингтэй байсан учраас.

Гэхдээ тэр бол сонгуулийн холимог систем буюу хувь тэнцүүлсэн, мажоритари тогтолцоог хослуулан хэрэглэж үед гаргаж байсан санаа. Харин одоо бол мажоритари, гэхдээ том, жижиг мажортари тойргийн тухай ярьж байгаа.

Мөн тэр үеэс ялгаатай нь МАН-ын нэр хүнд унаж, УИХ-ын гишүүд нь ЖДҮ гэмт хэрэгт холбогдож, 60 тэрбумын сүлжээнд багтсан учраас хувь нэр дэвшигчдийн рейтингээр сонгуульд ялах боломжгүй хэмээн үзэж “нийт гишүүдийн авсан саналын нийлбэр” нэрээр нэг хэсэг нь намаа чирж сонгуульд орох гэж байх шиг байна. У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, өөр хэн хэн ч байдаг юм. Хамгийн том попчид нь хамгийн өндөр саналыг цуглуулна гэж тооцоолсон хэрэг.

Хоёрдугаарт тэдний ард жагсаж байгаа нэр дэвшигчид сонгогчдоос санал авах шаардлагагүй учраас намын дарга нь сонгогчийн санал цуглуулах нэр дэвшигчийг бус, зөвхөн өөрийн хүнээр жагсаалтыг бүрдүүлээд сонгуульд орохоор тооцоолж байгаа юм байна. Энэ бол МАН-ын даргын хоёр дахь хожоо.

Товчхондоо ийм л сонгуулийг МАН ирэх онд явуулахаар хуулийн төслийг УИХ-д оруулж хэлэлцүүлэх гэж байна. Нэг ёсондоо Үндсэн хуулийн өөрчлөлтөөр баталгаажуулсан гэх мажоритари тогтолцоогоо, цаашлаад Үндсэн хуулийг өөрийг нь луйвардаж байгаа хэрэг.

Иргэд мэдээж “У.Хүрэлсүхийн дараа санал авсан /хэрвээ тийм зүйл болбол/ Р.Амаржаргал, эсвэл Э.Бат-Үүл яагаад сонгогдсонгүй вэ? Яагаад сонгогдох боломжгүй байгаа юм бэ? Энэ нөгөө шууд сонгох систем чинь мөн үү?” гээд Цэцэд хандах байх л даа. Гэхдээ Цэцийн шийдвэр ч гэсэн яаж гарах нь бараг л тодорхой. Д.Одбаярын асуудлыг УИХ авч хэлэлцэлгүй Цэцийн гишүүнээр үлдээж байгаа нь ч гэсэн цаанаа тооцоотой л байж таарна. 

Б.Сэмүүн

Эх сурвалж: inews.mn

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол