Томуугаар өвчлөгсдийн 59,7 хувийг 0-4 хүртэлх насныхан эзэлж байна
Говь-Алтай аймгийн хэмжээнд амбулаторийн нийт үзлэгийн 6,1 хувийг, яаралтай тусламжийн дуудлагын 17,9 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байгаа бөгөөд өвчлөгсдийн 88,6 хувь 15, 59,7 хувийг 0-4 хүртэлх насныхан байна.
Энэ жилийн хувьд томуугийн В хэв шинжийн вирүс, амьсгалын замын синцитиаль, адено, иж томуугийн вирүсийн тархалт давамгайлж байна хэмээн тус аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээлэв. Түүнчлэн томуугийн вирүсийн онцлог нь өндөр халуурах, ханиах, толгой өвдөх, хамар битүүрэх, хоолой, үе мөч, булчингаар өвдөх зэрэг ерөнхий хордлогын шинж тэмдгээр илэрч, хатгалгаагаар маш хурдан хүндрэх эрсдэлтэй байгааг анхааруулан танилцуулсан юм.
Уг вирүсийн халдвараар бүх насны хүмүүс өвчлөх ба ялангуяа нярай хүүхэд, сургуулийн өмнөх насны хүүхдийн амьсгалын дээд ба доод хэсгийн үрэвсэл, уушгины хатгаа, дунд чихний үрэвсэлийн гол шалтгаан болдог ажээ. Иймээс амьсгалын замын цочмог хүнд халдвартай холбогдуулан тус аймгийн ЭМГ-аас ард иргэдэд зөвлөмж хүргэлээ.
Тодруулбал, эцэг, эхчүүд хүүхэддээ тавих анхаарлаа сулруулахгүй байх, ханиад томуу хүрсэн тохиолдолд гэртээ асрах, харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвд хандан зөвлөгөө авах, дур мэдэн эм, антибиотик хэрэглэхгүй байхыг анхаарууллаа. Мөн бага насны хүүхдийг дааруулахгүй, хэт их бигнэхгүйгээр тохируулан хувцаслах, биеийн эсэргүүцэл сайжруулах зорилгоор халуун бүлээн нэрс, чацаргана, аньсны шүүс, аарц зэрэг С аминдэмээр баялаг шингэн зүйлийг маш сайн уулгах, хоол хүнсэндээ шөлтэй хоолыг түлхүү хэрэглэх, гэр, тасалгаандаа чийгтэй цэвэрлэгээ, агаарын сэлгээ хийхийг зөвлөв.
Э.Нарангэрэл