МАН шинэ оны дараа ЖДҮ-чдээ “үдэн гаргана”
УИХ-ын гишүүд шинэ жилийн баярыг угтан сонгогчдоо аахар, шаахар зүйлээр хуурч бэлэг өгч байгаа. Тэгвэл тэдэнд өөрсдөд нь шинэ оны бэлгийг Улсын Ерөнхий прокурорын зүгээс бэлтгээд байгаа ажээ. Тодруулбал парламент дахь ЖДҮ-чин гишүүдийг шинэ он гарсны дараа бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх саналыг УЕП-ын зүгээс УИХ-ын даргад өргөн барихаар зэхэж байгаа гэсэн үг.
Уг нь өмнөх Ерөнхий прокурор М.Энх-Амгалан ЖДҮ-чдийн хийсэн хэргийг нь нотлох баримттайгаар УИХ-ын чуулганы үеэр мэдэгдэж тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтэйгээ чуулганы танхимд хэлж байсан. Тэр байтугай “Бидний яриад байгаа хүмүүсийн оруулж ирсэн төсөл анхны шүүлтүүрээр буюу 1.041 төслөөс хасагдах байсан. Дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал оруулж ирж байгаа нь мөрдөн шалгах ажиллагааны үндсэн дээр тэднийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгааг прокурор нягтлаад үндэслэлтэй гэж үзсэнтэй холбоотой. Өөр гишүүдийн асуудал ч шалгагдаж байгаа. Шаардлагатай бол бас оруулж ирнэ" хэмээж байсан. Түүнчлэн УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир, Л.Энхболд нарыг өөрсдийн хамаарал бүхий этгээдүүдийнхээ нэрээр зээл авсан нь нотлох баримттайгаа баригдсан гэмт үйлдэл гээд бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцүүлсэн ч ЖДҮ-чид өөрсдийн булай үйлдлээ дарахаар улайрсан. Тиймдээ хэлэлцэгдсэн гишүүдийг авч үлдэж, эсрэгээрээ М.Энх-Амгалан прокурорыг сольж, одоогийн Б.Жаргалсайханыг дэмжин, УЕП болгож байв.
Харин шинэ оны босгыг давмагц УЕП Б.Жаргалсайхан Ерөнхийлөгчийн даалгаврыг биелүүлж, УИХ-ын сонгуулиас өмнө ЖДҮ-чин гишүүдийн асуудлыг нэг мөр шийдэхээр зэхжээ. Мэдээж ингэх нь ирэх 2020 оны сонгуульд Ерөнхийлөгчид ашигтай хувилбар учраас тэрээр эртнээс энэ ажлыг хийхээр зэхэж байсан. Тиймээс дээрх нэр бүхий гишүүдээс гадна одоогийн эрх баригчдын дунд байгаа 49 ЖДҮ-чинг МАН-ынхан үдэн гаргахаас аргагүйд хүрэх бололтой. Мөн Ерөнхий сайд ч ЖДҮ-чин гишүүдээсээ салж байж нэр цэвэр болж сонгуульд өрсөлдөнө.
Хэдийгээр нэр бүхий 49 гишүүн ЖДҮХС-гаас эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, олон тэрбумын зээл авсан хэрэгт холбогдон шалгагдсан ч одоогоор 15 “цагаадсан” гэх нэр зүүгээд байгаа. Гэвч даравч, далдайж, булавч бултайхын үлгэрээр тэд хувьдаа нэг бус ББСБ эзэмшиж, ЖДҮХС-гаас 3 хувийн хүүтэй авсан мөнгөө бусдад 30-36 хувийн хүүтэйгээр зээлдүүлж байсан нь илэрхий болсон. Түүнийг бас дарахын тулд ХОМ-ээсээ “арчиж” жүжигчилсэн тоглолт явуулсан байдаг. Энэ бүхэн нь өдгөө ЖДҮ-чин гишүүдийн хэрэгт баримтаар баталгаажин, хавтсаа зузаатгахаас хэтрэхээргүй болжээ.
Тухайлбал, нэгэн нэр бүхий УИХ-ын гишүүн тусгай сангаас зээл авчихаад банк бусаараа мөнгө угаасан тохиолдол ч бий. Хэдийгээр мань гишүүн энэ бүхнийг ард түмний хараа хяналтаас гаргаж чадсан ч гэлээ хуулийнханы хараанд лавтай орсон гэдгийг эх сурвалжууд мэдээлж байв. Юутай ч шинэ он гармагц МАН-ынхан ЖДҮ-чин гишүүдээ тавиад туух нь тодорхой боллоо.
Х.Маргад
Эх сурвалж: erennews.mn